Монголын волейболын холбооноос зохион байгуулдаг клубүүдийн АШТ Баянхонгор аймагт болж, өнгөрсөн амралтын өдөр өндөрлөлөө. Энэ удаа алтан медалийн төлөө “Хөвсгөл эрчим” клубийнхэн хүчирхэг бүрэлдэхүүнтэй “Энагурэ” багийнхантай гал гарсан тоглолт өрнүүлж, аваргаар тодров. Сонирхолтой, дайчин тоглолтоороо үзэгчдийг огшоож, суудлаас нь өндөлзүүлдэг тэд туршлагатай тамирчдаар хүч сэлбэн “Үндэсний дээд лиг 2022”-т сойж, алтан цом өргөн, амжилтаа бататгасан. “Хөвсгөл эрчим” клубийнхний тоглолтууд тэмцээнийг өнгөлж, олны анхаарлыг татахад багийн ахлагч, холбон тоглогч Л.Хосбаярын ур чадвар багагүй нөлөөлдөг. “Монти”, “Энагурэ” клубээс тамирчны гараагаа эхлүүлж, чамлахааргүй туршлага хуримтлуулсан тэрбээр 2019, 2021, 2022 оныдээд лигээс шилдэг довтлогчийн шагнал гардаж байв. Волейболын спортод цахиур хагалсан цагаасаа шилдгүүдийн эгнээнд багтаж, багийнхаа тоглогчдыг “Холбооны цом”, залуучуудын УАШТ-д медалиас нэг бус удаа атгуулсан түүнийг зочноор урилаа.
-Тамирчид спортоор хичээллэсэн түүхээ ярих дуртай. Волейболд анх хөл тавьсан дурсамжаар тань аялмаар санагдлаа. Бэлтгэл хийсэн анхны өдөр багшийгаа хараад ямар бодол төрж байснаа сонирхуулна уу.
-Би Багануур дүүрэгт төрж, өссөн. Нэг ах, дүүтэй. Үеийнхээ хөвгүүдтэй сагсан бөмбөг, хөлбөмбөг тоглож гадаа өнждөг намайг аав эхэндээ жүдогоор хичээллүүлэхийг зорьсон ч би волейболд илүү сонирхолтой байлаа. Тэр үед нуруу намхан охиноо үүгээр хичээллэнэ гэж бодоогүй байх. Нэг өдөр дуртай спортоороо хичээллэх хүсэлтэй байгаагаа аавд хэлэхэд дасгалжуулагч Д.Эрдэнэчулуун багш дээр хөтөлж очоод танилцуулахдаа “Би танд холбогч авчирлаа. Сайн тамирчин болгоорой” гэж билээ. Түүний удирдлагад шавь нь болж хичээллэсэн анхны өдрөөс энэ спортын гайхамшгийг мэдэрсэн. Тэрбээр их зарчимч, өндөр шаардлага тавьдаг. Шавь нартаа олны дунд биеэ зөв авч явах талаар байнга зөвлөнө. Биднийг багаас нь бие даалгаж сургахаас гадна цэвэрч, нямбай байлгахын тулд хувийн ариун цэвэр хэрхэн хангасныг шалгадаг байсан нь одоо ч мартагддаггүй. Бэлтгэл хийлгэхдээ бөмбөг бариулахаас илүү зөв алхаж сурах, заасан дасгалуудыг зөв гүйцэтгэхэд анхаарал хандуулдаг байв. Шавь нарынхаа тамирчин болох суурийг эхнээс нь сайн тавьж өгсөн болохоор амжилт гаргаж яваа гэж боддог.
-Баянхонгор аймагт болсон клубүүдийн АШТ-д “Хөвсгөл эрчим”-ийнхэн амжилттай оролцож, түрүүллээ. Багийн ахлагчийн хувьд та тамирчдаа хожилд цөөнгүй хөтөлсөн санагдана.
-Миний хувьд 2014 оноос клубүүдийн АШТ-д оролцож эхэлсэн. 2018 онд түр завсарласан тус тэмцээнийг Баянхонгор аймагт энэ жил зохион байгуулахад нь “Хөвсгөл эрчим” багийнхантай оролцож аварга боллоо. Өмнө нь “Хобби эйс” клубт тоглодог байхдаа уг тэмцээнд түрүүлсэн юм. Тус аймагт волейболын спорт сайн хөгжсөн. Өсвөр үе, залуучуудын ангилалд сайн тоглодог тамирчин олон бий. Эрэгтэйчүүдээс “Баянхонгор корунд гео” багийнхан Өмнөговь аймгийн “Шанх транс”-ынхантай аваргын төлөө тоглож, нутагтаа удааллаа. Тус багийн бүрэлдэхүүнд тоглодог тамирчдын олонх нь энэ аймгийнх. Тэд өнгөрсөн жил дээд лигийн тоглолтод анх удаа түрүүлж, нутгийнхаа хөгжөөн дэмжигчдийг баярлуулсан.
-Тоглолтоос тань шартай, амархан бууж өгөхөөргүй зан харагддаг. Тууштай хичээллэж, амжилт гаргахад энэ чанар тань нөлөөлсөн болов уу?
-Би хүүхэд байхын шартай. Энэ зан минь амжилт гаргахад хөтөлсөн гэж боддог. Намхан гэдэг шүүмж намайг хурцалж, шаргуу хөдөлмөрлөхөд нөлөөлсөн. Намайг волейбол тоглоход зарим хүн “Чи намхан байна. Амжилт гаргах хэцүү. Хойшид өөр зүйл сонирхсон нь дээр” гэж эхэндээ голдог байлаа. Ийм үг сонсоод сэтгэлээр унаж, болих талаар бодох үед аав, ээж минь “Чи хичээллэж байгаа спортоо орхиж болохгүй. Хичээвэл амжилт гаргана” гэж урам өгдөг байв. Манайхан миний оролцсон тэмцээнүүдийг сонирхож, алгасалгүй үздэг болсон. Би ч тэднийгээ баярлуулахын тулд хичээж тоглодог. Аав гал гарсан тоглолтынбичлэгийг хадгалж, дараа нь үзэхдээ “Тэр чинь тиймхэн харагдана, ингэж тоглох нь дээр болов уу” гээд зөвлөнө. Миний хувьд өндөр, биерхүү биш тул бусдаас илүү хөдөлмөрлөж байж амжилт гаргана гэдгээ сайн ойлгодог. Хэдий намхан ч хичээж чадвал сайн тоглох боломжтойг харуулахыг зорьдог юм.
-Тэмцээний өмнө сэтгэл тань хэр догдолдог вэ. Олон жил тоглосон болохоор ажил, амралт, сэргэлт гээд бүхнийг төлөвлөж сурсан байх.
-Талбайд гарчихаад догдолж тоглодог байсан үеэ бодвол одоо хэдийн дасжээ. Жил ахих тусам бэлтгэлээ чамбай хийж, сэтгэл зүйгээ сайтар бэлтгэдэг болсон. Сүүлийн гурван жил тэмцээнд оролцохдоо бэртэл, гэмтлээс аль болох хол байж, ажил, амралт, нойр, хоол, сэргэлт, тоглолтын ачаалал даах гээд бүхнийг эртнээс төлөвлөж сурлаа.
-Та “Энагурэ”, “Хобби эйс”, “Эрчим” зэрэг клубт тоглож, шилдэг холбогчоор шалгарсан. 2019-2022 онд болсон “Үндэсний дээд лиг”-т өрсөлдөхдөө багаа медальд хөтөлсөн тоглолтын тань сонирхолтой агшныг үзэгчид одоо ч мартаагүй дээ.
-“Хобби эйс” багийнхан 2019, 2021 оны тэмцээнд аваргалах боломжтой байв. Бид хоёр лиг дараалж аваргын төлөө сэтгэл зүйн хувьд дарамттай тоглосон. Бидэнд тэр үед эсрэг багийнханд дахиад хожигдчих вий гэсэн айдас төрсөн байлаа. “Хөвсгөл эрчим” багийн хувьд “Хобби эйс”-ийн гол тулгуур бүрэлдэхүүн. Өнгөрсөн жил лигийн финалд ч гэсэн бид тоглолтоо хүндхэн эхлүүлсэн. Тухайн үед спортын сэтгэлзүйч Б.Золзаяа эгч сайн зөвлөж, багийнхаа тоглогчдод Г.Цэцэгжаргал эгч гол түшиг тулгуур болсон. Бид энэ удаа ч гэсэн түүний зөвлөснөөр тэмцээнээ амжилттай өрнүүлж түрүүллээ. Нэг гэр бүл шиг зорилготой байж, ямар ч нөхцөлд нөхдийнхөө тоглолтыг мэдэрч чаддаг нь манай багийн давуу тал.
-Жил бүрийн тоглолт өөрийн гэсэн онцлогтой болдог. 2021 онд мөн л алтан медалийн төлөө “Хилчин” багийнхантай тоглож удаалсан. Тэднийг ялах хүсэл 2022 онд аваргын цом өргөхөд таныг хөтөлсөн гэж ойлгож болох уу?
-Багийн спортын тэмцээн сэтгэл зүйн тулаан дунд өрнөдөг. Бид 2021 онд багийн бүрэлдэхүүний хувьд бусдаас илүү байв. Хожигдсон шалтгаан нь мөн сэтгэл зүйтэй холбоотой. Аваргын төлөөх тоглолтод тамирчдын сэтгэл зүй тогтворгүй болсон. Багт тэр үед тамирчдаа хөтлөөд явах туршлагатай тоглогч байгаагүй. “Хилчин” клубийнхнээс бид илүү байсан ч сэтгэл зүйгээр ялагдаж, аварга болох боломжоо алдсан гэж боддог.
-Нэг багт тоглож байсан нөхөдтэйгөө өрсөлдөхөөр “Хөвсгөл эрчим”- ийнхэнтэй талбайд гарахад үзэгчид гайхсан нь анзаарагдсан уу?
-“Хобби эйс” клубээс гараад жил гаруйн хугацаа өнгөрсөн болохоор дүү нарынхаа тоглох арга барилыг мэднэ. Тэдэнтэй цөөнгүй жил хамт тоглосныхувьд сэтгэл зүйг нь “уншиж” чаддаг. Өнгөрсөн жилийн дээд лигийн өмнө би ямар клубт харьяалагдаж буйгаа үзэгчдэд ойлгуулсан тул “Хөвсгөл эрчим” багт нэгдэхэд нэг их гайхаж хүлээж аваагүй.
-Амьдралд найдвар төрүүлдэг найз гэж бий. Волейболын шилдгүүдээс та Г.Хонгорзултай ойр дотно нөхөрлөж байгаа харагддаг.
-Найз минь өөрийгөө шаргуу дайчилж, бэлтгэлээ сайн базаадаг. Тэрбээр хөдөлмөрч, хувийн зохион байгуулалт сайтай. Надад хамгийн их түшиг болдог зөвлөгч минь. Амьдралд нөхөрлөлийнхөө тулгуур багана нь болж ирсэн найдвартай хамтрагч. Бид нэгнийхээ харц, хөдөлгөөнөөс сэтгэл зүй нь ямар байгааг төвөггүй мэдчихдэг. Царайг нь хараад юу ч асуухгүйгээр ямар асуудал тулгарсныг уншина шүү дээ.
-Тамирчдаа амжилтад хөтлөх нь багийн ахлагчаас их шалтгаалдаг шүү дээ.
-Багийн ахлагч тамирчдынхаа гол тулгуур нь болдог. Нөхдөдөө зөвлөж, зорилгынхоо төлөө нэг хүн шиг тэмүүлэх уур амьсгал бүрдүүлж, зөв, эерэг хандлагатай болгоход нөлөөлөх ёстой. Багаа ахалдгийн хувьд надад оролцдоггүй зүйл гэж байхгүй. Нуугаад яах вэ, хааяа багийн гишүүн болж өөртөө анхаарал тавих сан гэх бодол төрдөг. Цөөнгүй жил баг ахалсан болохоор одоо нэг их хэцүү санагдахаа больсон байна.
-Нөхрийг тань волейболоор хичээллэдэг гэж сонссон. Спортын орчинд танилцсан түүхээ хуваалцвал сонирхолтой дурсамж сөхөх биз.
-Нөхөр минь “Тэнүүн огоо” клубт холбогчоор олон жил тоглож байна. Бид спортын амьдралаар замнаж яваа тамирчин болохоор нэгнээ сайн ойлгож, дэмждэг. Тэмцээний үед нэгнийхээ тоглолтыг үзчихээд алдаа, оноог нь хэлж зөвлөдөг юм.
-“Монти”, “Энагурэ” багт тоглосон тамирчид Монголын волейболын спортыг шинэ өнгө төрхтэй болгож, нэг шат ахиулсан гэж боддог. Эдгээр клубт бэлтгэгдсэн тоглогчид өнөө цагийн өнгийг тодорхойлж яваа гэдэгтэй санал нийлэх үү?
-Ур чадвараа ахиулсан олон тамирчин “Энагурэ” клубт бэлтгэгдсэн. Би ч бас тэдний нэг. Миний хувьд тус багийн эзэн Жан Жин Хун болон дасгалжуулагч Б.Хэрлэн багш, мөн клубийнхээ эгч нараас сурсан зүйл багагүй. Тэднийхээ зөвлөгөө, магтаал, шүүмжлэлийг сонсож, бэлтгэлээ шаргуу хийсний ачаар өөрийгөө дайчлан өдий зэрэгт хүрсэндээ баярладаг. Багийн спортод тоглогч бүр сахилга баттай, үүрэг, хариуцлага өндөр байж амжилт гаргадаг. Энэ бүхэн тухайн багийнхны олон жилийн хичээл зүтгэл, хөдөлмөрөөс хамаарна. Нэгдмэл уур амьсгалтай, зохион байгуулалт сайтай байх нь тухайн багийнхныг амжилтад хөтөлдөг гол зүйл.
-Тамирчин болсноор шантрах зүйлтэй бишгүй таарсан байлгүй. Саад таныг урагшлуулж, шилдгүүдийн эгнээнд жагсахад нөлөөлсөн ч байж болох.
-Тамирчин хүн тууштай, зүтгэлтэй, чин сэтгэлээсээ хөдөлмөрлөж байж амжилтаас атгадаг. Спортын босго өндөр, талбар нь шалгуур ихтэй. Хүн л юм чинь бэрхшээлтэй тулгарахад халширч шантарна, гомдож уйлна, уурлаж бухимдана шүү дээ. Гэхдээ эргээд босох сэтгэлийн тэнхээтэй, зорьсондоо хүрэхээр эхлүүлсэн бүхнээ үргэлж санадаг байх ёстой. Намайг шантарсан үед аав, ээж “Миний охин мундаг. Хичээх тусам амжилт гаргана. Болох зүйлийн төлөө битгий сэтгэлээр унаж байгаарай” гэдэг. Тэдний минь итгэл найдвар намайг босгож, урмын үг нь урагшлуулдаг. Өөдрөг бодлоос нь эрч хүч авч, өмнөхөөсөө илүү хичээж ирлээ.
-Шаргуу, хичээл зүтгэлийг хэнээс суралцав. Спортоос олж авсан бүхэн алхам тутамд тань хэрэг болдог байх.
-Өөрийн минь төлөө сэтгэл харамгүй гаргасан багийнхаа эгч нар, багш нарынхаа заасан, зөвлөснийг марталгүй санаж явсны ачаар шилдгүүдийн эгнээнд багтсандаа талархдаг. Тэднээс сурсан бүхэн алхам тутам хэрэг болж байна. Волейболын спорт би бус, бид гэсэн сэтгэлгээнд сургадаг. Би үүнээс сурсан бүхнээ ажил, амьдралдаа хэрэгжүүлж яваа.
-ШУТИС-ийг эрчим хүч, дулааны инженер мэргэжлээр төгссөн юм билээ. Мэргэжлээрээ ажилладаг уу?
-Би бараа, материал хангамжийн чиглэлээр ажилладаг. ШУТИС-ийг төгсөх жил “Хобби эйс” багийн эзэн Ж.Наранбаатар захирал клубтээ ажиллуулах санал тавьсан юм.
-Багийн спорт тамирчдаас залуу насандаа амжилт гаргахыг шаарддаг. Хойшид дасгалжуулагчаар ажиллах бодол бий юү?
-Миний хувьд карьераа өндөрлүүлэх болоогүй тул дасгалжуулагчаар ажиллах бодол хараахан төрөөгүй байна. Боломж бүрдвэл хойшид өөрийн гэсэн багтай болохыг хүсдэг.
-Волейболын спорт 10 жилийн өмнөх Л.Хосбаярыг хэрхэн өөрчилж чадсан бол?
-10 жилийн өмнө 11 дүгээр ангийн сурагч охин волейболын спортод хөл тавиад удаагүй байв. Тэр үеэ өнөөгийнхтэй харилцуулбал ажил, амьдрал, зан чанар, үзэл бодлын хувьд өөрчлөгдсөн. Энэ спортод хөл тавьснаар өөрийгөө зөв төлөвшүүлж, хамт олныхоо сайн талаас суралцсан эерэг хандлагатай хүн болжээ. Волейбол намайг өмнөхөөс минь өөрчилж, ачит багш, амьдралын хань, итгэл даах нөхөдтэй болгосон шүү.