Хөгжлийн банкны хөрөнгийг албан тушаалтнууд нь зарим аж ахуйн нэгжийнхэнд давуу байдал олгон зээлдүүлж, тухайн компанийн эзэд зээлээ эргэн төлөхгүй, эл банк дампуурлын ирмэгт тулсан нь саяхан. “Хөгжлийн банк”-ны гэх дуулиант хэргийг хууль сахиулагчид шалгаж хараахан дуусаагүй, шүүхэд шилжүүлээгүй байхтай зэрэгцээд “нүүрсний хулгай”-н гэх, ард түмний боломжийг хулгайлсан үйлдлүүдийг АТГ, ЦЕГ, ТЕГ-ын даргын тушаалаар баталсан ажлын хэсэг шалгаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрч байна.
Прокурорын байгууллагаас өнгөрсөн баасан гарагт “Нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой 49 үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шалгалтын явцад гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон 17-д нь эрүүгийн хэрэг үүсгэн, 87 хүнийг яллагдагчаар татсан бол, хэрэг бүртгэлтийн 33 хэрэг шалгаж байна. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 17 хэрэгт улс төрд нөлөө бүхий ес, нийтийн албан тушаалтан 49, хувиараа нүүрс тээвэрлэгч найм, хувийн компанийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан 36, гадаад улсын гурван иргэн байгаа. Тэднээс долоон хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. НПГ-аас энэ хугацаанд нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой 36 хүнд холбогдох зургаан хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүллээ. Одоо прокурорт мөрдөх байгууллагаас шүүхэд шилжүүлэх саналтай ирүүлсэн 24 хүнд холбогдох нэг хэргийг хянаж байна” гэсэн мэдээлэл өгсөн.
Нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой нэг гол хэрэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнууд холбогдон шалгуулж буй. Мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, албан тушаалаа урвуулан ашигласан гэх үйлдэлд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Ганхуяг, тус компанийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлат, Худалдан авалтын хэлтсийн дарга, сайд Т.Аюурсайханы шадар туслах зэрэг ажил хийж байсан Б.Отгонжаргал тэргүүтэй олон хүн шалгуулах болсон. Тэднээс гадна эл компанид эрх бүхий албан тушаал хашиж байсан олон хүнээс гэрчээр мэдүүлэг авч, заримыг нь яллагдагчаар татах хэмжээнд хүрч болзошгүй байгаа тухай мэдээлэл бий.
Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Засгийн газраас томилогдсон бүрэн эрхт төлөөлөгч өөрийн эрх мэдэл, хууль, журмын хүрээнд өмнөх удирдлагын багт ажиллаж байсан, хууль бус үйлдэлд холбогдсон байж болзошгүй гэж үзсэн цөөнгүй хүнийг ажлаас нь чөлөөлсөн юм билээ. Гэтэл хууль бус үйлдэлд холбогдсон байж болзошгүй хүмүүс нь АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсгийнхнээр шалгуулж, үнэн, мөнөө тогтоолгон, өөрсдийнхөө нэрийг цэвэрлэхийн оронд “Эрдэнэс Тавантолгой” компаниас их хэмжээний мөнгө нэхэмжлэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаад байгаа аж. “Эрдэнэс Тавантолгой”-гоос нэхэмжилж буй мөнгө нь мэдээж ард түмэнд түгээх ногдол ашиг, татвар төлөгч иргэдийн халааснаас гаргаж олгоно гэсэн үг.
Мэдээж тухайн ажилтан хэчнээн буруутай байсан ч гэлээ ажлаас халагдсан маргаанд ихэвчлэн ажил олгогч буруутдаг. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажилтнуудын гаргасан нэхэмжлэлд ч ялгаагүй Монголын шүүхийн шүүгч нарын практикт тогтсон “Хүнийг ажлаас үндэслэлгүй халсан байгууллага буруутай” гэсэн дүгнэлтийг шүүх гаргах болов уу. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар нотлох баримт, хуулийн хэрэглээг зөв үнэлж чадах, эсэхийг цаг хугацаа харуулах биз. Тус шүүхийн зарим чадваргүй, хэргийн нотлох баримтаа “уншдаггүй” шүүгч өмнө нь тогтсон практикаа бариад “хөдөлмөрийн маргаан” гэж үзэн нэхэмжлэгчийн талд ашигтай шийдвэр гаргаж, нэхэмжилсэн мөнгийг нь олгуулахаар “алх цохичихож” магадгүй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д өнгөрсөн оны аравдугаар сарын 26-нд онцгой дэглэм тогтоон, бүрэн эрхт төлөөлөгч томилсон билээ. Төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх шаардлагын үүднээс ийм арга хэмжээ авснаа тухайн үед Засгийн газраас танилцуулж байв. Уг тогтоолыг батлахдаа Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8.5-д “Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ” гэсэн заалт, 1991 онд баталсан БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн нэг дэх хэсгийн “Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль, тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр зургаан сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харьяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг БНМАУ-ын Засгийн газарт олгосугай”, хоёрт заасан “Онцгой дэглэмээр ажиллах үйлдвэрийн газар, байгууллагын үйл ажиллагааны талаар Засгийн газраас тогтоох эрх зүйн онцгой журам нь БНМАУ-ын хууль тогтоомжийн ардчилсан зарчим, БНМАУ-ын олон улсын гэрээний үндэслэл, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн байхын зэрэгцээ дор дурдсан асуудлын хүрээнд байвал зохино” гэснийг үндэслэн 385 дугаар тогтоол баталсан байдаг. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн хоёр дахь хэсэгт “Үйлдвэрийн газар, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатных нь удирдах ажилтныг томилох, үндсэн ба эргэлтийн хөрөнгө, түүний дотор түүхий эд, материалын нийлүүлэлт, зарцуулалт, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хадгалалт, хуваарилалт, тээвэрлэлт, борлуулалтад нь тусгай хяналт тогтоох, тухайн үйлдвэрийн газар, байгууллагад хөдөлмөр, үйлдвэрлэл, технологийн сахилгыг чанд сахин биелүүлэхэд чиглэсэн хөдөлмөрийн сахилгын тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюул осолгүй ажиллагааны болон олон нийтийн хэв журам сахиулах тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд харьяалал харгалзахгүйгээр зохих хариуцлага хүлээлгэх, онцгой дэглэмтэй үйлдвэрийн газар, байгууллагаас бусадтай байгуулсан гэрээний болзлыг зайлшгүй шаардлагатай тохиолдолд захиалагч (бэлтгэн нийлүүлэгч)-ийн хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүйгээр өөрчлөх буюу гэрээг цуцлуулах” гээд олон арга хэмжээ хэрэг жүүлэхээр заажээ.
Тэгвэл Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 26-ны 385 дугаар тогтоолын 3.1-т компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөхийг Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчид даалгасан байна. 3.3-т нь Тавантолгойн ордоос нүүрс ачих, тээвэрлэх, борлуулах, хил нэвтрүүлэх бүхий л үе шатанд хяналтыг сайжруулах шаардлагатай арга хэмжээг тухай бүрт нь авч хэрэгжүүлэхийг ч үүрэг болгосон аж.
Мэдээж Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч хууль, журмын хүрээнд л “но”-той байж болзошгүй хүмүүсийг чөлөөлсөн биз. Түүнээс бус өнөө цагт хэн нэгнийг хууль, эрх зүйн үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлнө гэдэг юу л бол. Ажлын ямар нэг хариуцлага алдсан, эсвэл хэрэгт шалгуулж байгаа өмнөх удирдлагынхаа үйлдлийг хаацайлсан, магадгүй албан тушаалаа ашиглаж хэн нэгэнд давуу байдал олгосон байж болзошгүй гэж үзсэн хүмүүсийг л дээр дурдсан хуулийн хүрээнд чөлөөлсөн болов уу.
Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас үндэслэлгүй халагдсан, ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөр, үр дүнгийн урамшуулал гэх зэргээр мөнгө нэхэмжилж шүүхэд хандаад байгаа хүмүүсийн нэхэмжлэлийг шүүх хангах үндэс бий юү. 1991 онд баталсан, өдгөө ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн “Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр зургаан сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож...” гэсэн байгаа. Тэгэхээр эл хуулиас хойш 30 жилийн дараа баталсан, өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг мөрдөхгүй байж болохоор тусгасан нь харагдана.
Засгийн газраас онцгой дэглэмийг зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоож байсан гэж бодож байвал эндүүрэл. Үүнээс өмнө 2019 оны гуравдугаар сарын 6-ны 91 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр”-т онцгой дэглэм тогтоосон юм. Энэ үед ч ялгаагүй бүтцийн өөрчлөлт хийж, зарим ажилчныг нь чөлөөлж байжээ. Тухайлбал, тус үйлдвэрийн Хангамжийн хэлтсийн орлогч даргаар ажиллаж байсан Н.Энхбаясгалан, Санхүү, бүртгэлийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогч С.Сүхбат, Хөгжлийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр нар “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал нь Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Хөдөлмөрийн тухай хуульд заасан бүхий л дагаж мөрдөх ёстой үүргээ зөрчиж ажлаас чөлөөлсөн нь хууль дээдлэх үндсэн зарчмыг бүдүүлгээр зөрчиж байна. Тиймээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлын тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан аж. “Монголиан коппер корпорэйшн”-ийн талаас дээрх хүмүүсийг санал болгож 2016 онд томилуулсан, тус компаниас сард 7.4 саяын цалин авдгаас гадна “Эрдэнэт үйлдвэр”-ээс сард 10 гаруй сая төгрөгийн цалин авч байсан” гэж эл үйлдвэрийнхэн шүүхэд гаргаж өгсөн тайлбартаа тодорхой өгүүлжээ. Дээрх хүмүүсийг 1991 оны БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг үндэслэн чөлөөлсөн аж.
Нэр дурдсан гурван хүний нэхэмжлэлийг Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны арваннэгдүгээр сард хэлэлцээд 1991 онд баталсан Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг үндэслэн 2019 оны гуравдугаар сарын 6-ны 91 дүгээр тогтоолыг эрх бүхий этгээд буюу Засгийн газар гаргасан нь тогтоогдож байна. Энэ нь Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуульд заасан ажиллагаа байна. Засгийн газрын 91 дүгээр тогтоолд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааг Засгийн газар шууд хяналтад авч, зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосугай. Компанийн статусыг өөрчлөн зохион байгуулах хүртэл дотоод зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг тогтоож, бүх шатны удирдах ажилтныг томилохыг “Эрдэнэт үйлдвэр”-ийнерөнхий захиралд даалгасугай” гэжээ. Хариуцагч нь Засгийн газраас олгосон эрх хэмжээний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр”-т зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн нь баримттай байх бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзнэ” хэмээн шийдвэрлэсэн байна. Улсын дээд шүүхийн Иргэний танхимын шүүх бүрэлдэхүүн ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Ганц энэ тохиолдол ч бус, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Хууль зүйн хэлтсийн дарга болон орлогч нь Захиргаа, хүний нөөцийн бодлогын хэлтсийн даргатайгаа хамт дээрх байдлаар шүүхэд хандсан ч Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны болон Улсын дээд шүүх БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн дагуу Засгийн газрын 2019 оны 91 дүгээр тогтоол гарч, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захиралд эрх олгосон учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байгаа юм.
Эдгээр баримтаас гадна иргэн Б.Мэргэн, Э.Хашчулуун, Б.Энхмандах нар “БНМАУ-ын Бага хурлаас 1991 оны нэгдүгээр сарын 4-нд баталсан “Засгийн газарт эрх олгох тухай хууль болон “Эрдэнэт үйлдвэр”-т онцгой дэглэм тогтоосон 91 дүгээр тогтоол Үндсэн хууль зөрчсөн, эсэх талаар Цэцэд мэдээлэл гаргаж байсан ч хүлээн аваагүй юм билээ. Тэгэхээр шүүх эл практик тогтоосон жишгүүдийг харгалзан үзэх л болов уу.
Үргэлжлэл бий.