Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд (ЭХЭМҮТ) уржигдар 09.30 цагийн үед очиход үйлчлүүлэгч олон байв. Үзүүлэх дараалал авсан хүүхдүүд, эцэг, эхчүүд эмч нарын өрөөний үүдэнд, зарим нь цаг олгож буй хүлээн авахын ажилтнуудын өмнө дугаарлан, хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Зузаан өлгий, хувцас өмсүүлсэн, бие нь тавгүйрхэж халууцсан хүүхдүүд хонгилд уйлалдан, асран хамгаалагч, ээж, аавууд нь тэвдсэн, бухимдалтай харагдсан. Хүлээн авахын ажилтан нь “Мэдрэлийн эмчид үзүүлэх Билгүүн”, “Уушги руу орох Ариунжаргал байна уу” хэмээн хэдэнтээ дуудахад, иргэд ч цааш нь дамжуулан асууцгаав бололтой “Алга аа” гэцгээн хариулж байх юм. Шарын голоос ирсэн нэгэн иргэн “Орон нутгийн эмнэлгийн эмч нартаа үзүүлээд олигтой хариулт сонсож чадаагүй учраас зорьж ирсэн. Бөөр, дотоод шүүрлийн эмчид үзүүлэх цагийг цахимаар авсан ч бидний өмнө үйлчлүүлэгч байгаа учраас хүлээж сууна. Ингэж хүлээвэл цахимаар цаг авсны хэрэг ч алга. Ачаалал тун их юм” гэлээ.
Цахимаар цагаа товлосон иргэд яагаад тухайн хугацаандаа орж чадахгүй байгаа талаар ЭХЭМҮТ-ийн хүлээн авахын ажилтан “Цахимаар цагаа захиалж, үйлчлүүлээд гурван жил өнгөрсөн. Энэ нь аль болох дараалал үүсгэхгүй, иргэдийн цаг завыг хэмнэх, эмч нарын үзлэгийг ч төлөвлөх зорилготой. Цагаа авсан хүмүүс нь кабинет кабинетынхаа үүдэнд хүлээж байгаад үйлчлүүлж буй. Харин дараалал үүсээд байгаа нь иргэд урьдчилж цагаа аваагүй, эсвэл авсан цагтаа амжиж ирээгүйгээс шалтгаалсан хэрэг. Нөгөөтээгүүр, үзлэгийн цаг авалгүй шууд ирсэн иргэдийг бас буцаачихаж болохгүй, ирээгүй нэгний оронд үзүүлчих санаатай, хүлээлгэх тохиолдол бий. Хүлээн авах хэсгийн ачааллыг хүүхдийн эмнэлэгт үзүүлэх гэсэн иргэд л нэмэгдүүлдэг” хэмээн ярив.
Жил бүрийн 11-2 дугаар сард манай улсад ханиад, томуугийн дэгдэлт ихсэн, эмнэлгүүдийн ачаалал өсдөг. Түүнчлэн цар тахлаас хойш ханиад, томуугаар өвчилсөн тохиолдолд хүүхэд, насанд хүрэгчид ч амархан хүндэрч, ужгирч, өмнө нь өвдөхөд ууж байсан эмүүд таарч тохирохгүй байгаа талаар ярьцгаах болсон. ЭХЭМҮТ-д ч ханиаж, халуурсан гэсэн зовуурьтай хүүхдүүдтэй эцэг, эх олон байлаа. Тэдний нэг, Сонгино хайрхан дүүргийн иргэн М “Хүүхэд маань хоёр дахь өдрөө өндөр халуурч, хөлрөөд таталт өгөх шинжтэй. Өрхийн эмнэлэгт үзүүлэхэд дүүргийнх, эсвэл ЭХЭМҮТ-д ханд гэсэн. Тиймээс шууд л энд ирлээ. Цахимаар цаг авч завдсангүй ээ, үнэндээ. Гэтэл цаггүй бол үзэхгүй, эсвэл цаг авсан хүмүү ийн дараа оруулах боломж байна уу лавлая гэнэ. Ханиаж, халуурсан хүүхэд олон байгаа учраас урдуур нь дайрч оролтой биш, хүлээж сууна” гэж ярилаа.
Дээр дурдсанчлан хүлээн авах хэсэгт үйлчлүүлэгч тун олон, цахимаар дугаар авсан нэгэн нь ч хаана үзүүлэхээ мэдэхгүй байх шиг. Эмнэлгийн үүдний жижүүрээс гадна нэг л эмэгтэй чиглүүлж, хүүхдүүдийн нэрийг дуудан, хэдэн тоот руу орохыг хэлж байв. Үүнээс үзэхэд тэд тэр олон хүнд хүрч үйлчилж чадахгүй нь илт. ЭХЭМҮТ өдөрт 1000-1200 үйлчлүүлэгч хүлээн авч буй бөгөөд тэдний 20-40 хувь нь яаралтай тусламжийн тасагт ханддаг байна. Хүүхдүүдийн өвчлөл болон ханиад, томуугийн дэгдэлт эл өдрүүдэд ямар түвшинд байгааг Хүүхдийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч А.Батцэцэгээс тодрууллаа. Тэрбээр “Яаралтай тусламжийн тасаг ажлын өдрүүдэд 230-270, амралтын өдрүүдэд 380-430 хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Онош нь тодрохгүй өвчлөл дэлгэрч, ханиад, томуугийн тархалт хэт ихсэн, анхаарал татахуйц асуудал үүссэн гэж хэлэх үндэслэл алга. Эмнэлгийн үйлчилгээ авахад хүнд боллоо хэмээх олон нийтийн ойлголт ч өрөөсгөл юм. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний бүх үзүүлэлтийг судалгаанд суурилан, мэргэжлийн түвшинд үнэлэх учиртай. Хүүхдийн эмнэлгийн яаралтай тусламжийн жилийн тайлангаас харахад тус тасгаар өнгөрсөн өвөл үйлчлүүлсэн, өдгөө үйлчлүүлж буй иргэдийн тоонд бараг өөрчлөлт байхгүй. Харин цар тахлын дараах томуу, томуу төст өвчин (ханиад, хатгалгаа) өмнөхөөсөө эмнэл зүйн хувьд бага зэрэг хүнд явцтай нь ажиглагдаж буй. Хамгийн гол нь иргэд өөрсдийгөө болон хүүхдээ дур мэдэн эмчлэхгүй байх хэрэгтэй. Манай эмнэлэгт 0-18 насны хүүхдүүдэд үйлчилдэг төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийн 21 тасаг бий. Хэвтэж эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай хүүхдүүдийг хэвтүүлэх ор тасаг бүрт хүрэлцээтэй. Нийслэлийнхэн, орон нутгийнханд үйлчилдэг төрөлжсөн нарийн мэргэжлийн ганц эмнэлэг гэдэг утгаараа зарим тасагт ачаалал ихсэх, дараалал хүлээх зэрэг асуудал бий. Гэхдээ бид бүх боломжоороо, долоо хоногийн өдөр бүр үзлэг хийн, эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж буй” гэсэн юм. Хүүхдийн өвчлөл, ханиад, томуугийн дэгдэлт олон жилийн дунджийн түвшинд байна хэмээн мэргэжилтнүүд хэлж буйч “Манай хүүхэд энэ өвөл тэдэн удаа ханиад хүрч, тэгж хүндэрсэн” гэх аав, ээж цөөнгүй. Мөн утаа ихтэй, эмийн чанар муузэргээс шалтгаалан хүүхдүүдээ гэртээ эмчлэн, дархлааг нь сайжруулахаар хичээх нь олширсон ажээ. Дархлаа сайжруулж байгаа нь энэ хэмээн олон янзын амин дэм уулган, элдэв арга хэрэглэх нь буруу гэдгийг А.Батцэцэг эмч онцолсон. Онолын хувьд хүүхдийн дархлаагаар “оролдох” ёсгүй гэнэ. Учир нь хүүхдийн бүх эд эс өдөр ирэх бүр өсөж төлждөг, дархлааны эсүүд ч урвал үзүүлэн, орчинтойгоо дасан зохицон, хэлбэржин хөгждөг аж. Ийм зүй тогтолтой учраас дархлаа дэмжих ямар нэгэн эм, бэлдмэл төдийлөн нөлөөгүй байх нь. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан Хүүхдийн өвчлөлийн цогц менежментийн зөвлөмжийн хүрээнд 0-5 настай хүүхдэд зөвхөн А, Д аминдэм өгөхийг л зөвлөдөг гэсэн. Илт зовуурилсан тохиолдолд зөөлөн үйлчилгээтэйэм, бэлдмэл, аньс, чацарганы шүүсийг бага хэмжээгээр өгөх юм байна.
Өвдөж зовсон, эмнэлэгт үзүүлэхээр ирсэн хүмүүс яарч сандарсан, уцаарлангуй байдаг талтай. Харин эмч нар өдөр бүр ачаалалтай ажиллан, өвчтөнүүдтэй нүүр тулдаг учраас залхсан, албажуу төрхтэй байх нь бий. Ийм байдал ч дээрх төвд анзаарагдав. Хүлээн авах хэсэг орчимд сууж буй хүмүүс уцаартай, хүүхдүүд уйлагнасан, тэдэнд замчилж, зөвлөн туслах хүн хангалтгүй юм. Мөн иргэд цахимаар урьдчилж авсан цагтаа ирэхгүй, зарим нь цаг авалгүй ирдэг нь дараалал, асуудал үүсэх нэг шалтгаан болдог аж. Тодруулбал, ЭХЭМҮТ хангалттай олон эмчгүй, ачаалал ихтэй, мөн өдөрт нэг эмч, тэдэн хүнд үйлчилнэ хэмээн тооцон, үзлэгийн цагаа төлөвлөдөг. Харин цаг товлочихоод, эсвэл цаг авалгүй ирэх тохиолдлоос шалтгаалан эмч нарт төдийгүй, үйлчлүүлэгчид хүндрэл учирч, маргаан гарна. Тиймээс иргэд хариуцлагатай байж, хаана хаанаа төвөг учруулахаас сэргийлэх нь зүйтэй. Үүнээс гадна тус эмнэлгийн барилга хуучирсан, зарим хонгил нь эмнэлгийн орчин гэхэд хэцүү “царай муутай” хэвээр. Хүмүүс гарах хаалга, эмчийн өрөөний дугаарыг нэгнээсээ асууцгаан, “Чигээрээ явж байгаад зүүн эргэмэгцээ баруун эргэ. Энэ хонгилын үзүүрт хүрэхэд шат бий, түүгээр өгсөөд 203 тоот руу ор” гэх мэтчилэн баримжаалан зам зааж өгч байв. Уг нь ийм том, улсад ганц эмнэлгийн үүднээс л бүх зүйл ойлгомжтой байж, эмч, эмчилгээний өрөө, тасаг, гарцуудыг төвөггүй олох боломж бүрдүүлбэл зохихсон.
Нэмж хэлэхэд, биднийг уржигдар ЭХЭМҮТ-д очих үед тус төвийнхөн болон “Эрхэм нандин сувд” ТББ хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт явуулж байв. Үүний хүрээнд УГТЭ-ийн мэдрэлийн мэс заслын эмч С.Абай тэргүүтэй эмч нар тархины эмгэг өвчтэй хүүхэдтэй ээж, аав нарт мэдрэлийн ёзоор тайрах болон баклофенпамп мэс заслын эмчилгээний талаар мэдээлэл, зөвлөгөө өглөө. ЭХЭМҮТ-өөс өнгөрсөн жил хөгжлийн бэрхшээлтэй 503 хүүхдэд нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо хийсэн бол энэ онд бямба гараг бүр тусгай хэрэгцээт хүүхдүүдийг хүлээн авч, үзэж байгаа аж. Энэ нь эцэг, эхчүүд нь энгийн хүүхдүүдтэй хамт хүүхдээ эмчид үзүүлэхээс цааргалах, зарим талаар эвгүйцэн, тусдаа үзүүлэх санал гаргасантай холбоотой гэнэ.