“Лайт” клубийн тамирчин, Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн 11е ангийн сурагч У.Хосжаргал аэробик гимнастикаар хичээллэдэг шилдгүүдийн нэг. Монголд 2017-2022 онд зохион байгуулсан УАШТ-ээс тус бүр алт, мөнгө, хүрэл медальтай тэрбээр тив, олон улсын тэмцээнд цөөнгүй оролцсон юм. Тайландын Паттаяа хотод өнгөрсөн жил аэробик гимнастикийн Азийн АШТ болоход 15-17 насныхны багийн төрөлд хүрэл медаль гардсан түүнийг “Шинэ танил” буланд онцоллоо.
-Таны сэтгэлийг татсан аэробик гимнастикийн сайхан зүйл нь юу вэ?
-Би энэ спортоор зургаан жил хичээллэж байна. Ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулсан уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн болоход ангийн багш минь намайг оролцуулсан юм. Тэр үед мэргэжлийн тамирчдын ур чадвараар бахархаж, аэробик гимнастикаар хичээллэх бодол төрсөн. Тамирчин болохоор бэлтгэлийн заалны босгоор анх алхсан өдрийг одоо ч мартдаггүй. Би тухайн үед бүрэг ичимхий зантай, үеийнхэнтэйгээ нэг их нөхөрлөдөггүй байв. Спортод хөл тавьснаар давуу талаа хөгжүүлж, цагийг илүү үр дүнтэй өнгөрүүлэн, олонтой нийтэч болж, найз нөхдийн хүрээллээ тэлсэн шүү.
-Спортод үлдэх үү, явах уу гэсэн сонголт тамирчдад цөөнгүй тулгардаг. Танд ч гэсэн ийм бодол төрж байсан уу?
-Эхний жилүүдэд ур чадвар нэг их ахихгүй байсан тул амжилт гаргах болов уу гэж өөртөө эргэлзсэн удаа бишгүй. Хүүхдүүд хичээлээ тараад гэр лүүгээ явдаг бол бид бэлтгэл хийхээр зааланд ирэх хааяа хэцүү санагдаж шантардаг. Гэхдээ би хичээллэдэг спортдоо дуртай. Саадтай тулгарсан ч амархан бууж өгөхийг хүсээгүй. Хэцүү гэж бодогдсон бүхний ард гарах тусам энэ спортын гайхамшигт өөрийн эрхгүй татагдсан.
-Олон улсын тэмцээнд оролцох нь тухайн тамирчныг ур чадвараа ахиулахад нөлөөлдөг шүү дээ.
-БНСУ-д 2018 онд болсон тэмцээнд гурвалсан элементийн төрөлд оролцохдоо медаль хүртээгүй ч маш их урам авсан. Тэнд улс бүрээс ирж оролцсон үеийнхээ тамирчидтай өөрийгөө харьцуулж, өмнөхөөсөө илүү хичээх ёстойг ойлгосон юм. Азиас Япон, БНСУ-д гимнастикийн спорт өндөр хөгжсөн. Тамирчид нь хөдөлгөөнийхөө гүйцэтгэлд анхаарал их хандуулдаг нь анзаарагдсан юм. Дасгалжуулагч багш нар нь цөөн тамирчинтай тулж ажилладаг тул ачаалал багатай санагдсан. Тэгвэл Монголын дасгалжуулагчид тэмцээнд оролцож буй шавь нарынхаа түшиг тулгуур болж, бүх зүйлийг нь хариуцдаг. Манай багш тэмцээнд шүүгчээр ажиллахаас гадна биднийг аав, ээжээс минь дутахгүй хамгаалж халамжилна, зааж зөвлөнө гээд завгүй ажилладаг. Өөр орны тамирчидтай хамтарсан бэлтгэл хийх нь үр дүнтэй. Бид 2019 онд БНСУ-ын гимнастикчидтай хамтарсан бэлтгэл хийх үедээ тэдний давуу талыг нь олж харсан юм. Миний хувьд хамгийн их зорьж байгаа зүйл бол ирэх намар эх орондоо зохион байгуулах Азийн АШТ-ээс медаль хүртэх.
-Таныг Тайландад болсон Азийн АШТ-д оролцсоныг саналаа. Паттаяа хот ямар бодол төрүүлсэн бэ?
-Тэнд хөл тавихад халуун, бүгчим агаарт нь амьсгал боогдох гэж буй мэт санагдаж байлаа. Монголын эрс тэс, сэрүүн уур амьсгалд өссөн бид цаг агаар, орчин нөхцөлд нь дасан зохицох эхэндээ амаргүй байв. Тэмцээний өмнөх өдөр гадаа бэлтгэл хийхдээ маш их халууцаж, дулаан орны халууны хэцүүг мэдэрсэн. Бид Азийн АШТ-ий багийн төрөлд III байрт шалгарч, хүрэл медальтай эх орондоо ирсэн шүү.
-Гэрийнхэн тань одоо таны хамгийн үнэнч хөгжөөн дэмжигч болсон уу?
-Тийм ээ, манайхан намайг анх хичээллэсэн цагаас дэмжиж, гадаадын тэмцээнд алгасалгүй оролцуулахыг хичээж ирсэн. Би одоогоор шигшээ багийн тамирчин биш тул ирэх, очих зардлын мөнгөө хувиасаа гаргадаг. Аав, ээж минь бүхнийг зохицуулж ирсний хүчинд хилийн дээс нэг бус удаа алхжээ.
-Дасгалжуулагч Э.Мөнх-Оргил багшийн удирдлагад хичээллээд ур чадвараа хэр ахиулав?
-Нийслэлийн дүүргүүдийн дунд зохион байгуулсан тэмцээнд оролцсон ч эхэндээ байр эзэлдэггүй байв. Харин “Лайт” клубийн дасгалжуулагч Э.Мөнх-Оргил багшийн удирдлагад хичээллэснээр ур чадвар минь хурдан сайжирч, оролцсон тэмцээнүүдээс медаль хүртдэг болсон. Эхний гурван байрт шалгарах бүртээ багшдаа баярлаж, хичээл зүтгэлээр нь их бахархдаг. Би анх мөнгөн медалиар амжилтынхаа гарааг эхлүүлсэн. Түүнээс хойш олон тэмцээнд өрсөлдлөө. Медаль хүртэхэд үүрэг, хариуцлага дагаад ирэх шиг санагддаг. Тиймээс гэрийнхэн, багш, хамт олныхоо итгэлийг алдахгүйг хичээж, зорилгодоо хүрэхээр тэмүүлдэг дээ.
-Спортод хөл тавиад магтаал, шүүмжлэл хэр даадаг болсон бэ?
-Тамирчин хүнийг урагшлахад магтаал, шүүмжлэлийн аль аль нь хэрэг болдог. Хамгийн гол нь зөв хүлээж авах ёстой. Үргэлж магтуулна гэж юу байх вэ. Хааяа багшаасаа хатуухан зэмлэл сонсоно. Шүүмжлэл нь эхэндээ хэцүү санагддаг ч дараа нь миний төлөө хэлж, зөвлөсөнд нь баярладаг юм.