Бид “Сумд эзгүйрлээ. Бууриа сахисан хэдэн хөгшчүүлээс өөр хүнгүй боллоо” гэж хий хоосон сүржигнэж, “Сумдаа сайхан амьдаръя”, “Түм түжигнэсэн их хотын амьдралаас холдож, тайван сайхан хөдөө нутагтаа очъё” хэмээн залуусыг ятган сэнхрүүлсээр байгаа ч бодит байдалд орон нутагт суурьшин төвхнөх “үүд хаалга” хаалттай байна. Уг нь хуулиараа бол Монгол Улсын иргэн хаана ч ажиллаж, амьдрах эрхтэй. Тийм ч учраас Улаанбаатар хотыг чиглэсэн шилжилт хөдөлгөөн тасардаггүй. Харин үүний эсрэг буюу орон нутаг руу чиглэсэн нь түмэн саадтай хэвээр. Хэдийгээр үе үеийн Засгийн газар орон нутгийг хөгжүүлэх, хөдөө рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлэх бодлого баримталж, янзбүрийн төсөл, хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжүүлсээр ирсэн ч тэр хэмжээгээр өөрчлөлт, дэвшил гарсан нь үгүй.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гэхэд “Шинэ сэргэлтийн бодлого”-д үндсэн зургаан багц асуудал тодорхойлсны нэг нь “Хот, хөдөөгийн сэргэлт”. Энэ нь орон нутагт суурьших иргэдэд таатай нөхцөл бүхий хөнгөлөлт, боломж олгох замаар шилжилт хөдөлгөөнийг эрчимжүүлж, хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг ханган, Улаанбаатар хотын төвлөрлийг задлах зорилготой. Үүний хүрээнд хөдөө, орон нутагт шилжин ажиллах төрийн албан хаагчийн цалинг хоёр дахин нэмэх, ипотекийн зээлийн дэмжлэг үзүүлэх, нэг удаагийн тэтгэмж өгөх, бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох зэрэг шийдвэр гаргаад буй. Түүнчлэн орон нутаг руу үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, үл хөдлөх хөрөнгө бий болгосон, ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэн. Үндсэндээ төр эдийн засгийн дэмжлэгт суурилсан бодлогын арга хэмжээнүүдийг түлхүү хэрэгжүүлж эхэлсэн гэсэн үг. Аймаг, сумын удирдлагууд их, дээд сургууль төгсөгчдийг төрсөн нутагт нь ажиллуулах, үлдээх чиглэлд өнгөрсөн жилүүдэд анхаарснаас биш яг шилжин ирэгсэд, шинээр төвхнөж буй хүмүүст зориулж тусгай бодлого хэрэгжүүлж, дэмжлэг үзүүлж байсан нь ховор. Энэ үүднээсээ Засгийн газрын шийдвэрийг дэвшил гэж харж болохоор. Тодорхой түвшинд анхаарч эхэлсэн нь сайн хэрэг. Үүний зэрэгцээ “Тэнд яагаад хүн тогтохгүй байна вэ” гэдэг асуултад ул суурьтайгаар хариулж, бодит нөхцөл шалтгаануудыг нь тогтоон, орон нутгийн хөгжлийн тушаа болсон асуудлуудыг цэгцлэх цаг болжээ.
Хөдөө нутагт шилжин суурьшсан иргэдтэй ярилцаад үзээрэй. Тэд маш олон бэрхшээл, сорилтуудтай нүүр тулснаа, даван туулснаа хэлнэ. Ажлын байр хомс, ахуй амьжиргаагаа дээшлүүлэх боломж хязгаарлагдмал гэдэг бол мөсөн уулын орой төдий, өнгөц харагдах наад захын бэрхшээл. Үүнээс гадна нутгийн иргэдийн жалга довны үзлээр ялгаварлан гадуурхах хандлага, засаг захиргааны байгууллагынхны хүнд суртал, улс төртэй холбоотой элдэв хардлага, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмж зэрэг үй олон асуудал бий. Наанадаж байшин сууц барих гэхээр газар олгодоггүй, шинэ ажил, бизнес эхлүүлэхээр захиргааны байгууллагынхан нь янз бүрээр “чагталдаг”, нутгийн иргэд нь гадуурхаж, хөөж туудгийг ч иргэд хэлдэг. Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд сүүлийн жилүүдэд зөгийн аж ахуй эрхэлж буй олны танил эмэгтэйг орон нутгийн хэсэг бүлэг иргэд гадуурхаж, хөөсөн явдал саяхан гарсан шүү дээ. Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг эрэлхийлэгч нэгэн гэр бүлийг Төв аймгийн Батсүмбэр сумынхан мөн л элдвээр ярьж, дарамт шахалт үзүүлсээр байгаад нүүхэд хүргэсэн. Энэ мэт жишээ дурдвал өчнөөн. Дорнод аймгийн Баянтүмэн сумд, суурин газар, хүний хөлөөс хол зэлүүд нутагт суурьшаад 10 гаруй жилийн нүүр үзэж буй айлынхныг хүртэл нутгийнхан нь одоо болтол “хүлээн зөвшөөрдөггүй” гэнэ билээ. Ямар сайндаа л гэрийн эзэн нь “Монголчууд нэгнийгээ өнгөтэй өөдтэй явааг харж чаддаггүй гэдэг үнэн. Өрхийн үйлдвэрлэл эрхлээд, жимс, ногоо тариад байхаар тэгдэг юм болов уу, биднийг ер үздэггүй. Сумын Засаг даргын хүсэлтийн дагуу хэсэг хугацаанд зөвлөхөөр нь ажиллахад иргэд их дургүйлхсэн. Намын тавиул, сонгуульд нэр дэвших зорилготой ирсэн гэцгээж байсан. Хөдөө ирээд10 гаруй жил болж байгаа ч ажил, амьдралын найзтай болж чадаагүй. Тэнд нөхөрлөл биш, атаархал л байдаг. Би гадаадад цөөнгүй жил амьдарсан. Тэнд үзээгүй бэрхшээл, сорилтуудыг энэ сумд үзсэн” хэмээн ний нуугүй хэлж байлаа. Боловсролын чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулах гэхээр орон нутгаас нь зөвшөөрөл өгдөггүй, газрын асуудлыг нь шийддэггүйг ч тэрбээр гомдолтойгоор ярьсан. Орон нутгийн бодит нөхцөл байдал ийм л байна. Өрхийн бизнес эрхэлдэг, тэндхийн цөөн боловч хүнийг цалинжуулдаг, ажлын байраар хангадаг иргэнсумд нь төвхнөвөл орон нутгийн хөгжилд тустай. Мөн иргэдийн ахуй амьжиргаанд ч нэмэртэй сэн. Харамсалтай нь, тэгж харж, хүлээж авахгүй байна. Энэ мэтчилэн иргэдийн харилцаа, хандлагаас эхлээд өөрчилж, шинэчлэх зүйл Монголын хөдөөд олон. Эдгээрийг засаж залруулахгүйгээр, иргэдэд ээлтэй, ялгаваргүй ханддаг эрх тэгш нийгэм бий болгохгүйгээр, бугшмал асуудлуудыг цэгцлэхгүйгээр хэчнээн байр сууц, хөнгөлөлттэй зээл, мөнгөн тэтгэмж амлаад нэмэргүй шүү дээ. Иймд Засгийн газар хотоос орон нутаг руу чиглэсэн их нүүдэл, шилжилт хөдөлгөөний суурийг тавья гэж зорьж л байгаа бол хөдөө хүн амьдрах таатай орчин нөхцөл бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэгчлэн орон нутагт “шинэ” хүн хүлээж авах бэлтгэл хангах нь чухал.
Иргэн Болд Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөрийн ачаар ипотекийн гурван хувийн хүүтэй зээлд хамрагдаж, орон сууцтай боллоо гэж бодъё. Тэгвэл сар бүр байрны зээлээ төлөх орлогын эх үүсвэр, ажлын байр нь баталгаатай юу. Магадгүй өнөөх жалга довны үзэлтэй хүмүүс түүнийг ажилгүй болгочихвол яах вэ. Хувиараа бизнес эрхлэх гэтэл тал талаас нь “боорлоод”, өөд нь гаргахгүй бол яах вэ. Төр, засгийнхаа сайн сайхан амлалтад найдаад очтол аймаг, сумын удирдлага, засаг захиргааны байгууллагууд нь дэмжихгүй, харин ч цааш түлхвэл яана аа. Ийм нөхцөл үүсэх магадлал өндөр шүү дээ. Тиймээс Засгийн газар, орон нутагтайгаа нэгдсэн ойлголт, зөвшилцөлд хүрэх шаардлагатай. Ерөнхий сайд аймаг, нийслэлийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарыг энэ оны эхээр хүлээн авч уулзаж, иргэдэд аймаг, сумуудад шилжин суурьших, тогтвортой ажиллах таатай нөхцөл бүрдүүлэх үүрэг өгсөн. Энэ бол маш зүйтэй санаачилга. Тэд үүнийг хэрхэн хүлээж авч, хэрэгжүүлэхээс их зүйл хамаарна.
Олон улсын байгууллагууд хамтран хамгийн сүүлд 2018 онд “Хүн амын дотоод шилжилт хөдөлгөөний судалгаа” хийжээ. Үүнээс өмнөхийг нь 2009 онд хийж байж. Судлаачид хот, хөдөөд шилжин суурьшсан 1000 гаруй өрхийн гишүүдээс амьжиргаа, ахуйн нөхцөлийг нь хэрхэн сайжруулах талаар санал асуулга авахад хотынх нь “Дэд бүтэц, хөдөлмөрийн нөхцөл сайжруулах, орон сууцжуулах, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх” гэсэн нийтлэг зүйл түлхүү хэлсэн бол орон нутагт төвхнөсөн иргэд “Хөдөлмөрийн нөхцөл сайжруулах, амьдрах таатай орчин бүрдүүлэх, өндөр чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний байгууллагатай болох, засаг захиргааны илүү боловсронгуй хууль, журам хэрэгжүүлэх, олон нийтийн ялгаварлах гадуурхалтаас хамгаалах” зэрэгт анхаарах шаардлагатай гэж хариулжээ. Эндээс хот, хөдөө шилжин суурьшсан хүмүүсийн амьдралд тулгамддаг асуудал харилцан адилгүйг, ялангуяа орон нутгийнханд иргэдийн хандлага, харилцаатай холбоотой бэрхшээл нийтлэг тулгардгийг харж болохоор байна. Судлаачид үүнд үндэслэн зөвлөмж боловсруулахдаа ч “Шилжигч хүн амыг нийгмийн хамгааллын бодлого, хөтөлбөрт хамруулах” гэж нэлээд дээгүүр тусгажээ. Өөрөөр хэлбэл, хөдөөг хөгжүүлнэ, шилжилт хөдөлгөөнийг эрчимжүүлнэ гээд барилга, байгууламж бариад, эсвэл байр сууц тарааж, нэг удаагийн мөнгөн дэмжлэг үзүүлэх нь өрөөсгөл. Харин үүний оронд иргэд өөрсдийн санаачилга, сонголтоор хөдөө рүү явах, тэнд илүү олон жил тогтвортой амьдрах нөхцөл бүрдүүлэх нь чухал юм.
Хөдөө амьдрахад ямар бэрхшээл, сорилт тулгардаг вэ, орон нутаг “шинэ” хүн хүлээж авахад бэлэн байна уу. Ажил, амьдралын эрхээр, гэр бүлийн хүнээ дэмжих зорилгоор орон нутагт шилжин суурьшсан гурван хүнээс эл асуултад хариулт авлаа. Тэдний аюулгүй байдлыг хангах үүднээс хувийн зарим мэдээллийг нь нууцлав.
Г.БАТ-ОЧИР (35 настай, Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн нэгэн сумд суурьшсан иргэн):
-Өндөр настай ээж, ааваа асарч, бараа болох зорилгоор энд шилжиж ирсэн. Таван жил болж байна. Энд модны бизнес нэлээд сайн хөгжсөн. Мод бэлтгэлийн, модон эдлэлийн үйлдвэр цөөнгүй байдаг. Тэнд нь ажиллах гэхээр гаднынхүн, мод мэдэхгүй гээд ерөөсөө авдаггүй. Өнгөрсөн жил нэг газарт ажилд ортол “Долоо хоног ажиллуулж үзье” гээд цалингүй 10-аад хоног явуулсан учир шантраад больсон. Сургуульд манаачаар ажилд орохоор очтол үүдэн дээрээсээ буцаасан. Эхнэр маань халуун усны газарт цэвэрлэгчээр өдрийн 15 мянган төгрөгөөр ажилладаг. Хоёр өдөр ажиллаад, 24 цаг амардаг. Сумд тогтмол цалинтай ажил олдоно гэдэг хэцүү. Ялангуяа өөр газраас ирсэн бидэн шиг хүмүүсийг тоож авдаггүй. Самарт явах, дуудлагаар ачаа ачих, мод зөөх зэрэг ажил хийж амьжиргаагаа залгуулж байна. Уржнан цар тахлын үеэр самарт явж байгаад эндхийн залууст зодуулж, бэртсэн. Бүгд тал шуудай цайраа (цайруулсан самар) нийлүүлж зараад, хүнс авна гэхээр нь татгалзтал “Гаднынгуйлгачин минь хэний нутагт байгаагаа санаарай” гээд дарамталж, нийлж зодсон. Буцдаг ч юм уу гэж бодогдох үе өчнөөн гарсан. Сургуулийн насны хоёрын хоёр хүүхэдтэй учраас л дахиж нүүхгүй, эндээ тогтвортой амьдрахыг бодож байна.
Н.МӨНХЦЭЦЭГ (29 настай, англи хэлний багш мэргэжилтэй, 2018 оноос Ховд аймгийн баруун сумд ажиллаж, амьдарч буй):
-“Залуу, хүүхэдгүй байгаа дээрээ шинэ газарт амьдралаа төвхнүүлж, байр сууриа олъё” гээд ийшээ ирсэн. Нөхөр минь газар төлөвлөлт, кадастрын чиглэлийн мэргэжилтэй. Аль аль нь эрэлттэй мэргэжил эзэмшсэн учраас хаана ч газардахгүй гэж боддог байлаа. Энд ирэхээсээ өмнө сургуулийн удирдлагатай ярихад багшийн сул орон тоо байгаа, эхний нэг жилд амьдрах байраар хангана, дэмжинэ гэж хэлсэн. “Хэсэгтээ байранд санаа зовохгүй юм байна, багшлахын хажуугаар сургалт явуулж, нэмэлт орлого олж болох нь” гээд өчнөөн зүйл төлөвлөчихсөн, бөөн баяр болсон хоёр хүн ирсэн. Харамсалтай нь, бидэнд зориулсан байр тэнд байгаагүй. Сурагчдын дотуур байрны умгар өрөөнд оруулсан. Тухгүй, хүүхдүүд бужигнасан газарт удаан байхыг хүсээгүй тул аргагүйн эрхэд айлын хашаанд гэр барьж, буулаа. Эхэндээ тухгүй, зутруухан байсан ч удалгүй дасаж эхэлсэн. Хичээлийн бус цагаар сургуулийн танхимуудад сургалт явуулъя гэхээр бүгд ээлжээр хичээллэдэг гээд зөвшөөрөөгүй. Нөхрийг минь захиргаанд ажилд авна гээд дөрвөн сар хүлээлгэсэн. Бид энэ хугацаанд ганц хүний цалингаар болгож, өдөр хоногийг сэтгэл гонсгор өнгөрүүлдэг байв. Одоо нөхцөл байдал харьцангуй дээрдсэн. Ер нь хүмүүс сайхан зүйл ярьж, авчрахаа л боддог юм билээ. Залуу гэр бүлүүддээ анхааруулахад суурьшихаар төлөвлөж буй нутгаа маш сайн судлаарай, юу ч тохиолдож магадгүй гэж тооцоолоод хуримтлалтай байгаарай, амьдрах байр, газраа шийдчихээд очоорой.
Э.БАДАМ (42 настай, Дорнод аймгийн нэгэн сумд амьдраад зургаан жил болж буй бизнес эрхлэгч):
-Шинэ газарт төвхнөх нь хүнд олон талаараа сорилт болдог. Тухайн газар нутгийнхаа цаг уур, хууль, журамд зохицож амьдрахаас эхлээд асуудал мундахгүй. Тэр дундаас хүмүүсийн хүлээж авах хандлага гэдэг зүйл их ярвигтай. Төрөл садан, ойр дотнын хүн биш л бол “Наашаа” гээд найрсгаар хүлээж авах нь ховор доо. Малчид хүртэл бэлчээрээ булаацалдаад өөр аймаг, сумынхныг хөөж тууж байна. Тариа, ногоо тарьдаг хүмүүсийг “Бидний нутагт эзэн суух нь, ус авдаг суваг шуудуу булаацалдах нь” гээд цааргалах маягтай. Бизнес, наймаа хийдэг хүмүүсийг бүр ч үзэхгүй. Намайг анх энд дэлгүүр нээж байхад “Гадныншулаач”, “Явуулын наймаачин” гээд үргэлж муугаар ярьдаг байлаа. Одоо ч “Сэлэнгийн дэлгүүр”, “Сэлэнгийн Бадам” гэж ярьдаг. Захиргаанаас байсхийгээд л шалгалт ирж, “Энэ бүтээгдэхүүний чинь хугацаа дуусчихаж, үүнийгээ яаралтай засаарай” гэж дарамталдаг байсан. Нэг улсад, нэг газар нутагт амьдарч байж “Гаднынх, дотнынх” гэж талцаж хуваагдах нь утгагүй санагддаг.