ҮБТДС-ийн аэробик гимнастикийн багш, “Лайт” клубийн дасгалжуулагч, Монголын спорт сонирхогч хөгжөөн дэмжигчдийн холбоог үүсгэн байгуулагч, олон улсын шүүгч, ОУХМ Э.Мөнх-Оргил тамирчин байх үеэсээ эх орондоо энэ спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ харамгүй оруулж ирсэн. Түүнийг уйгагүй хичээл зүтгэл нь мэргэжлийн тамирчид бэлтгэж, тив, дэлхийн тэмцээнд сойх томоохон зорилгод хөтөлсөн гэдэг. Тэрбээр БНСУ-ын Данвон хотод 2014 онд болсон аэробикийн Азийн АШТ-д 11 орны 300 гаруй тамирчинтай шавь нараа өрсөлдүүлэхэд хоёр нь III байрт жагсаж, хүрэл медаль хүртэж байв. Хоёр жилийн дараа тус улсын Инчон хотыг зорьж, ДАШТ-д оролцуулахад 12-14 насныхны ангилалд тамирчид нь шигшээ наймд шалгарсан удаатай. Тэгвэл 2019 онд Сөүл хотноо зохион байгуулсан аэробик гимнастикийн “Кorea open” олон улсын тэмцээнд Монголоос 60 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож, есөн алт, таван мөнгө, зургаан хүрэл медаль хүртэхэд мөн л түүний удирдлагад оролцсон тамирчдаас шагналын тавцанд зогссон юм. Шинэ оны өмнөхөн Японы Токио хотод болсон, “Дэлхийн цом”-ын тэмцээнд шавь Ч.Батбуян нь өсвөр үеийнхний ангилалд оролцож, мөнгөн медальтай ирж багшийгаа баярлуулсан билээ. Хөгжөөн дэмжигчдийн спортод ч мөн шавь нар бэлтгэж, оюутны УАШТ-д хоёр удаа аварга болгож, 2019 онд тивийн оюутны АШТ-ээс хоёр хүрэл, 2021 онд нэг мөнгө, хошой хүрэл медаль атгуулсан дасгалжуулагч Э.Мөнх-Оргилтой ярилцлаа.
-Аэробик гимнастикаар хичээллэсэн болгон дасгалжуулагч болдоггүй. Таныг ийм шийдвэр гаргахад юу нөлөөлөв?
-Би хүүхэд байхаасаа аэробик гимнастикаар хичээллэсэн. Оюутан болоод үргэлжлүүлсэн ч бэлтгэл хийлгэх багш нар дутмаг байсан тул дасгалжуулагч болж, мэргэжлийн тамирчид бэлтгэхээр зорьсон юм. Хүүхдүүдэд дасгал, хөдөлгөөн хэрхэн зааж сургах талаар боддог байсан минь шийдвэр гаргахад нөлөөлсөн. Гимнастикийн спорт олон төрөлтэй. Уран сайхны гимнастикийн төрөлд эмэгтэй дасгалжуулагч олон. Спорт, бүжгийн үзүүлбэрийг уян налархай хөдөлгөөнтэй хослуулдаг тул охид их хичээллэдэг. Спортын гимнастик хүч чадал, хурд, тэсрэлт харуулсан хөдөл гөөн шаарддаг бол аэробик уран сайхан, спортын гимнастикийг хослуулсан холимог төрөл байдгаараа онцлогтой. Энэ төрлөөр охид хичээллэдэг ч хөвгүүд амжилт түлхүү гаргадаг гэх судалгаа бий.
-Та дасгалжуулагч болчихоод хамгийн түрүүнд шавь нараа сайн ойлгохыг хичээдэг болсон биз?
-Аэробик гимнастик Монголд хөгжиж буй спортын нэг. Өмнө нь олон улсын тэмцээнд дасгалжуулагчгүй оролцохдоо их ганцаарддаг байв. Үзүүлбэрүүдээ дутуу гүйцэтгэж, алдаа гарган, оноо хасуулна. Хамгийн сүүлд оролцсон тэмцээн миний бодлыг өөрчилсөн. Азийн орнуудын дунд битүү заалны наадам зохион байгуулахад аэробик гимнастикийн төрөл багтсан юм. Ганцаарчилсан төрөлд өрсөлдсөн би сүүлчийнхээс хэдэн байрын өмнө жагслаа. Өрөөндөө уйлах нь холгүй зогсохдоо амжилт тааруухан явснаас дасгалжуулагч болж, тамирчид бэлтгээд өөрийн чадаагүй бүхнийг шавь нарынхаа амжилтаар харуулъя гэх шар төрсөн. Түүнээс таван жилийн дараа БНСУ-д болсон тэмцээнд тамирчдаа сойж, багийн төрөлд хүрэл медаль хүртэв. Тэр үед уйгагүй хөдөлмөрлөсөн хичээл зүтгэлийн минь үр дүн гарлаа гэж сэтгэл уужирч билээ.
-Багш бүр тамирчдаа амжилтаас атгуулдаг өөрийн гэсэн арга барилтай шүү дээ.
-Миний хувьд зарчимч, чанга багш. Хүүхдүүдийг анх шавь болох үеэс нь бэлтгэлийн цагаас хоцорвол оруулахгүй, тасалбал хөөнө гэж хатуу шаардлага тавьж ирсэн. Тэднийгээ бэлтгэл хийлгэхдээ “Дотоод сэтгэлдээ өөрийгөө арслан, бар мэт төсөөл” гэж хэлдэг. Тэмцээнд шавь нараа оролцуулахдаа гадаадын дасгалжуулагчид тамирчдаа ямар арга барилаар бэлтгэл хийлгэдгийг ажигладаг. Азийнхнаас БНСУ, БНХАУ-ын дасгалжуулагчид тамирчдаа сахилга баттай, дэг журамтай, үүрэг хариуцлагатай байлгаж амжилтад хүргэж буйг анзаарч харсан.
-Дасгалжуулагчид судалгаанд тулгуурлаж, байнга шинийг эрэлхийлж ажилладаг. Ойрын үед юуг түлхүү судалж байгаа тань сонирхол татлаа.
-Миний судалдаг хамгийн гол зүйл бол тамирчдын сэтгэл зүй. Дараа нь сургалт. Европ тамирчид сэтгэл зүй өндөр, зан чанарын хувьд нээлттэй, өөрийгөө илэрхийлэх чадвараар илүү. Азийнхан сахилга баттай, өөрт төрж буй догдлол, мэдрэмжээ тэр бүр ил гаргадаггүй. Тэд зөвхөн дасгалжуулагчийнхаа зөвлөснөөр үзүүлбэрүүдээ алдаагүй гүйцэтгэхийг хичээдгээрээ ялгаатай. Монгол хүүхдүүд орчиндоо амархан дасан зохицож, аливаа зүйлийг хурдан сурдаг. Харин цаашид зорилго тавьдаггүй. Хүндхэн дасгал хийлгэхээр шаардахад шантарна. Тэгвэл Европынхон хүндээр хүлээж авдаггүй. Давантуулах ёстой гэсэн бодлоор ханддаг.
-Манайхан гадаадын дасгалжуулагчидтай хамтарч, хэр холбоотой ажилладаг бол?
-БНСУ-ын дасгалжуулагчид элэгсэг, тусархуу. Дэлхийн гимнастикийн холбооноос хамтарсан бэлтгэл, сургалт зохион байгуулдаг. Тус холбоо хөгжиж буй орнуудын багш дасгалжуулагчдад сургалт явуулахаар БНСУ-ын дасгалжуулагчдыг томилсон юм. Бид сургалтын үеэр тэдэнтэй танилцахдаа улсдаа тэмцээн зохион байгуулбал урих, мөн тамирчидтайгаа хамтарсан бэлтгэл хийлгэж байх, хойшид холбоотой ажиллах талаар санал тавихад дуртай хүлээж авсан. ОХУ спортын төрлүүдийг өндөр хөгжүүлж чадсан. Монголын аэробик гимнастикийн тамирчид хойд хөршөөс Эрхүү хоттой ойрхон байдаг тул тамирчдаа тэмцээн болоход нь оролцуулдаг юм. Тамирчид хэдий өрсөлддөг ч нэгнийхээ давуу талаас суралцаж, өөрийгөө хөгжүүлдэг.
-Хүүхдийнхээ хичээллэж буй спортыг дэмждэггүй гэр бүл цөөнгүй. Танд зөвлөлдөх, бас зөрчилдөх асуудал хааяа гардаг уу?
-Гарна, гарна. Тухайн тамирчныг гэр бүл нь дэмжихгүйгээс үүдээд баг тарах асуудал яригддаг. Гурав, таваараа хамтарч дасгал гүйцэтгэх тохиолдолд багийн гишүүнээс нэг нь явбал амжилт гаргахгүй. Түүний хэмжээний тамирчин дахин бэлтгэхэд цаг хугацаа их зарцуулна. Тиймээс гэрийнхэнтэй нь ярилцаж, санаа бодлыг нь сонсдог. Ар гэрийнхээ байдлаас болоод бэлтгэлээ орхисон хүүхдүүд хожим зөвлөж, шаардлага тавьж байсныг минь ойлгоод ирдэг тохиолдол бий. Дасгалжуулагч багшийн ажил амаргүй. Тиймээс бүх зүйлд алсын хараатай хандах ёстой. Тамирчдынхаа амжилтад төдийгүй хүсэл, сонирхол, ёс суртахуун, амьдралынх нь орчин нөхцөл, хичээл сурлага, боловсрол мэдлэгт нь хүртэл анхаарал хандуулна. Бид шавь нараа зөвхөн тамирчин бус, амьдралд зөв хүн болгож бэлтгэх үүрэг хариуцлагатай байдаг юм шүү дээ.
-Аэробик гимнастикийн дүрэмд хамгийн сүүлд ямар өөрчлөлт оров?
-Аэробик гимнастикийн үзүүлбэр содон, өвөрмөц байж өндөр оноо авна. Тиймээс байнга шинийгэрэлхийлдэг гэсэн үг. Гимнастикийн спортын дүрэм дөрвөн жилд нэг удаа өөрчлөгдөж, шүүгч, дасгалжуулагчийн сургалт зохион байгуулдаг юм. Би дасгалжуулагчаас гадна олон улсын шүүгчээр ажилладаг. Хамгийн сүүлд шинэ оны өмнө болсон Азийн АШТ-ийг шүүлээ. Тухайн улс өөрийн гэсэн олон улсын шүүгчтэй байх нь давуу талтай. Гадаадын тэмцээнд оролцож байгаа тамирчдадаа тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Цар тахлын үед шүүгчийн сургалт цахимаар зохион байгуулахад тамирчдаа хамруулахдаа “Та нарын гүйцэтгэсэн үзүүлбэр алдаатай байвал шүүгчид оноо хэрхэн хасдагийг сайн харж ав. Миний зөвлөж, шаарддаг зүйл ийм учиртай юм шүү дээ” гэжхэлсэн. Шүүгчийн ажлыг ойлгосон тамирчин хойшид тэмцээнддүрмээ мэдэж оролцох тул алдаа бага гаргана.
-Хүүхдээ таны шавь болгохоор хөтлөөд ирдэг эцэг, эх одоо олон болсон байх.
-Эцэг, эхчүүд нэг үеэ бодвол хүүхдийнхээ сонирхож хичээллэдэг спортын талаар ойлголттой болжээ. Тэр хэрээр хандлагаа өөрчилж, дэмжиж байна. Гимнастикийн төрлүүд спортоос гадна олон нийтийг хамарч, эрүүл амьдрахад уриалан, чийрэгжүүлэх нөлөөтэй. Сүүлийн үед хүмүүс хүүхдээ “Таны шавь болгож, бэлтгэл хийлгэе” гээд хөтлөөд ирж байна. Тэдний олонх нь миний зан чанар, хандлага, хэрхэн шаардлага тавьдаг талаар судалчихсан байдаг. Би ч гэсэн эцэг, эхтэй нь “Хүүхдэд тань шаардлага тавивал хүлээж авах чадвартай юу, үг даадаг уу. Хүний хэлсэн зүйлийг хэр хурдан ойлгодог вэ” гээд асуудаг. Дасгалжуулагч цэцэрлэгийн багш биш. Тиймээс биеэдаасан хүүхдүүдтэй ажиллах нь давуу талтай.
-Тамирчид ихэнх цаг хугацааг зааланд бэлтгэл хийж өнгөрүүлдэг тул эцэг, эхтэйгээ ярилцахаас илүү багштайгаа зөвлөлдөж харагддаг юм билээ.
-Тэднийг зөв хүн болгож төлөвшүүлэх үүргийг эцэг, эхээс гадна багш нь бас хариуцдаг юм. Зарим эцэг, эх над руу “Таны хүүхэд үгэнд орохгүй юм. Багш тань ирж байна гэхээр гэрээ цэвэрлээд эхэлдэг. Эсвэл багшид тань хэлнэ шүү гэхээр чих нь зөөлөрч, өөр болох юм” гээд ярина. Хүүхэд нь миний шавь. Энэ утгаар яривал тамирчид гэрийнхнээсээ илүү багштайгаа ойр байж, өөрт тулгарсан жаргал, зовлонгоо ярилцах дуртай байдаг.
-Та багштайгаа одоо ч гэсэн холбоотой байж, зөвлөгөө авдаг уу?
-Миний багшийг С.Тунгалаг гэдэг. Биеийн тамирын багш мэргэжилтэй. Цанын спортын мастер цолтой. Багш минь нийтийн гимнастикаас аэробикийн төрөлд хөл тавьж, хүүхдүүдийг тамирчнаар бэлтгэсэн. Дасгалжуулагч болоод багшийнхаа ажлын хэцүүг ойлгож байлаа. Зөвлөгөөг нь дагаж, даалгасан бүхнийг нь хийдэг байсны үр дүнд ур чадваруудаас нь тодорхой хэмжээгээр суралцсан гэж боддог. Тиймдээ ч шавь нартаа багшийнхаа адил шаардлага тавьж ирсэн. Би одоо ч багштайгаа холбоотой ажилладаг. Тэмцээн зохион байгуулахдаа хамгийн түрүүнд урьж, шавь нар хэрхэн бэлтгэснээ харуулна. Тэрбээр тэмцээн үзсэнийхээ дараа “Чи шавь нарынхаа энэ, тэр дасгал, хөдөлгөөнд нь анхаарал хандуулаарай. Тэднээс түүнийг өмнөхөөс нь сайн бэлтгэл хийлгэвэл амжилт гаргахаар харагдана” гээд зөвлөнө. Миний хувьд хэлснийг нь хүлээж авч, хэрэгжүүлэхээр хичээдэг юм.
-Шавь нараас тань Ч.Батбуян “Дэлхийн цом”-ын тэмцээнээс мөнгөн медальтай ирсэн. Шагналын тавцанд зогсоно гэсэн итгэлтэй байв уу?
-Одоо бэлтгэл хийж буй тамирчид миний тав дахь үеийн шавь нар. Шавиа “Дэлхийн цом”-ын тэмцээнд бэлтгэл сайн хийлгэж оролцуулсан болохоор медаль хүртэнэ гэдэгт итгэлтэй байлаа. Тэрбээр өнгөрсөн жилийн есдүгээр сард Азийн АШТ-ээс хүрэл медаль зүүсэн юм. “Дэлхийн цом”-д Азийн АШТ-ий эхний хоёрт шалгарсан тамирчид оролцоогүй, III, IV байр эзэлсэн нь өрсөлдсөн. Тиймээс түрүүлэх боломжтой гэж харсан. Тэрбээр Азийн АШТ-ээс хойш Монголд болсон тэмцээнүүдэд дараалж оролцсон тул ядарч, бэлтгэл нь “цөмөрсөн” байв. Тэмцээнээ өндөрлүүлээд маргааш нь Японыг зорьсон. Тэнд хоолой нь өвдөж, халуурсан ч үзүүлбэрүүдээ амжилттай гүйцэтгэж мөнгөн медаль хүртэж баярлуулсан. Хийхэд хүнд элементүүдийг тун чадварлаг гүйцэтгэж аварга болсон тамирчнаас оноогоор илүү байв. “Дэлхийн цом”-ын тэмцээн шавьд минь, надад ч олон зүйлийг ойлгуулсан. Хэрвээ би явсан бол, эсвэл багийнхнаас нь нэгийг нь дагалдуулсан бол гэх бодол төрсөн шүү.
-Танд ажил тань аз жаргал бэлэглэдэг үү?
-Ажил маань хэдий ачаалалтай санагддаг ч аз жаргал, эрч хүч өгдөг. Би шавь нараараа бахархах дуртай. Ч.Батбуян Азийн АШТ-д эхний шатанд бага зэрэг алдаа гаргаж тавд орсон. Финалын шатанд түүнийг яах бол гээд зогсож байтал шүүгчид шударга шүүж, оноог нь өндөр өгснөөр III байрт шалгаран, хүрэл медаль хүртсэн. Тэмцээний шүүгч олны өмнө сэтгэл хөдлөлөө ил гаргаж болохгүй тул догдолж суусан даа. Тэгтэл хажууд зогссон шүүгч “Та тайвшир, тайван байгаарай” гэж билээ. Тэр үед амжилт гаргахын тулд шавьтайгаа ямар их саад бэрхшээлийг хамт даван туулж ирсэн билээ гэж их бодсон. Хичээл зүтгэл, хөдөлмөрөө харамгүй зориулж олон жил бэлтгэл хийлгэсэн шавь нарын минь заримыг гэр бүлийнхэннь дэмжихгүй “Чи спортоор хоолоо олж идэхгүй, одоо боль. Өөр зүйл сонирх” гэж хэлээд холдуулахад нь сэтгэл их эмзэглэдэг.
-Гэр бүл тань таныг ойлгож, сэтгэл тайван ажиллах орчин, нөхцөлөөр хангадаг гэж бодож байна.
-Өглөөнөөс орой болтол ажиллаад гэр бүл, амьдралаа мартах нь холгүй явах үе бий. Эхнэр минь гоо сайханч мэргэжилтэй. Намайг ойлгож, ажлыг минь тайван хийлгэдэг хүн бол миний хань. Шавь нараа бэлтгэл хийлгэх, хилийн дээс алхаж тэмцээн шүүх гээд надад гэртээ тухлах зав ховор. Амьдралынхаа найдвартай ар тал болж, миний оролцоогүйгээр бүх зүйлийг зохицуулж ирсэн ханьдаа баярладаг. Манайх хоёр хүүхэдтэй. Том охин аэробик гимнастикаар гурван настайдаа хичээллэсэн. Хотын АШТ-д оролцож, медаль хүрт дэг боллоо. Дүү нь эгчийгээ дагаж ирээд тамирчдын бэлтгэл хийхийг сонирхож харсаар анхны мэдэгдэхүүнтэй болсон. Миний хувьд охидоо тамирчин болгохоос илүү эрүүл, чийрэг биетэй, зөв хүн болгож төлөвшүүлэхийг зорьдог юм.