“Алдар” спорт хороогоор овоглодог аваргууд цөөнгүй бий. Тэдний нэг нь Монголын тэшүүрийн үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Гэрэлтуяа. Тэрбээр гүйлтийн тэшүүрээр 12, шорт трекээр таван жил хичээллэж буй. Б.Сансарбилэг, Б.Тулга багшийн удирдлагад бэлтгэл базааж, шорт трекийн олон улсын тэмцээнд эх орноо төлөөлж оролцдог ганц тамирчин. Тухайлбал, Японы Саппоро хотод 2017 онд зохион байгуулсан Азийн өвлийн VIII наадамд оролцож, хоёр жилийн дараа ОХУ-ын Красноярск хотыг зорин Дэлхийн оюутны спортын өвлийн XXIX универсиад наадамд өрсөлдсөн юм. Түүний хувьд энэ жил мөн л хилийн дээс алхаж, гадаадын тэмцээнд хурд сорьсон он байв. АНУ-ын Нью-Йорк муж н Лейк Плэсид хотод өнгөрсөн сард болсон Дэлхийн оюутны спортын өвлийн XXX универсиад наадамд 50 орны тэшүүрчидтэй уралдаж ирснийхээ дараахан Монголын бүх ард түмний өвлийн спортын XVI наадамд хурд сорьсон юм.Тус наадмын гүйлтийн тэшүүрийн 500, 1000, 1500, 3000 метрийн бөөн гараат уралдаанд орон нутгийн болон шигшээ багийнхаа шилдгүүдтэй өрсөлдөж, тус бүр алтан медаль хүртсэн түүнтэй ярилцлаа.
-Тамирчин хүнд медалийнхаа өнгийг хувиргаж, тоог нь ахиулна гэдэг том амжилт төдийгүй баяр хөөр бэлэглэдэг аз жаргал юм даа.
-Тийм ээ. Миний хувьд өмнө нь 14-15, 15- 16 насандаа гүйлтийн тэшүүрийн 500 метрийн зайд дээд амжилт эзэмшдэг байсан. Энэ удаа Орхонаймагт болсон тэмцээнд түүнийгээ эвдэж чадлаа. Сүүлийн хоёр жил бэртэлтэй хүндхэн байсан ч хэцүү бүхний ард гарч, таван алтан медалийн эзэн болсондоо сэтгэл өндөр байна. Намайг бэлтгэл хийлгэж, Монголын бүх ард түмний өвлийн спортын XVI наадмын тэмцээнд амжилттай оролцуулсан хоёр багшдаа их баярлалаа. Энэ удаагийн наадмын зохион байгуулалт өндөр, бүх зүйл нь өнгөлөг байсан нь Монголд болсон өвлийн спортын тэмцээнүүдээс хамгийн сайхан санагдсан. Үүний өмнөхөн АНУ-д Лейк Плэсид хотод анх удаа хөл тавьж, Дэлхийн оюутны өвлийн спортын универсиад наадамд оролцохдооулс бүрийн тамирчид ямар техник, тактиктай уралдахыг харж, туршлага багагүй хуримтлууллаа. Миний хувьд нүд тайлж, мэдлэгийн хүрээгээ тэлсэн тэмцээн болсон гэж бодож байна. Азийн наадам, оюутны универсиадад таарсан тамирчдын ур чадвараа ахиулсныг анзаарч, өөртөө дүгнэлт хийлээ. Тухайлбал, Казахстаны тэшүүрчин ОХУ-д 2019 онд болсон оюутны өвлийн универсиад наадамд оролцохдоо надаас хол зөрүүгүй уралдсан бол энэ удаа зургаан секундийн өмнө орсон. Монголын тэшүүрчид цар тахлын жилүүдэд гадаадын тэмцээнд оролцоогүй. Өнгөрсөн жил долдугаар сарын сүүлчээр бэлтгэл хийсэн тул гулгалтын техник дутаж байгаа нь мэдрэгдсэн.
-Та энэ удаагийн универсиад наадамд дасгалжуулагчгүй оролцож харагдсан.
-АНУ Монголоос олон цагийн зөрүүтэй. Гэсэн ч багшаасаа зөвлөгөө авахын тулд амарсан үед нь хүртэл холбогддог байв. Би БНСУ-ын тамирчдын гулгах техникийг сонирхдог. Тэднийг шорт трекийн талбайд бэлтгэл хийж байхад нь харж судалсан юм. Мянга сонсохоор нэг үз гэдэг үг бий. Өмнө нь багшийн хэлснийг сонсдог ч зарим нь санаанд буухгүй, эсвэл дорвитой хэрэгжүүлж чаддаггүй байснаа тэнд бодитоор харж ойлголоо.
-Азиас Япон, БНСУ-ын тамирчид Европын шилдгүүдийг ардаа орхиж тэргүүлсэн. Тэдний давуу тал гулгах техник, тактикт нь байв уу?
-Япон, БНСУ, БНХАУ-ын тэшүүрчид өндөр, биерхүү биш хэрнээ тойргийн зайг тун чадварлаг ашиглаж, эхний гурван байрт шалгарсан. Хөлийнх нь даралт, мэдрэмж үнэхээр сайн. Тэд дутуу зүйлээ техникээр нөхөж, өөрийн болтол төгс эзэмшсэнээ харуулдаг нь гайхалтай. Миний хувьд Лейк Плэсид хотод харсан зүйлээ дүү нартаа зааж, өөрийнхөө уралдаанд хэрэгжүүлэхээр хичээж байна.
-Тэшүүрийн спортод орон нутгийнхан хүчтэй өрсөлдөхөд өссөн орчин нь их нөлөөлдөг. Булган аймгийн Сэлэнгэ сумын мөсөн дээр гулгаж өнждөг байснаа сонирхуулаач.
-Үеэл ах Н.Батхүлэг надаас нэг жилийн өмнө тэшүүрээр хичээллэж, УАШТ-д анх удаа оролцохдоо дээд амжилт тогтоон, медаль хүртсэн юм. Ур чадвар нь сайжрахын хэрээр олны дунд нэр хүнд нь өссөөр байлаа. Тухайн үед би спорт сонирхдоггүй, зөвхөн хичээлдээ анхаарал хандуулдаг хүүхэд байв. Хүн болгон түүний амжилтын талаар бахархаж ярих тусам тэшүүрээр хичээллэх хүсэл төрсөн юм. Тэрбээр ахтай минь хамт намайг нэг өдөр гол дээр дагуулж авчраад хэрхэн гулгаж сурах талаар заахдаа “Чи хичээллэмээр байвал миний дасгалжуулагч багштай уулзаарай” гэж санал тавьсан ч тэр жил нь амжаагүй. Тэшүүрийн спортод сэтгэл татагдсан байхдаа өглөөнөөс орой болтол ядрахаа мэдэхгүй гулгадаг сан. Манай гэр сумын төвтэй ойр ч бэлтгэл хийдэг голоос зайдуу. Мөсөн дээр ганцаараа бэлтгэл хийж, өнжихдөө юунаас ч айдаггүй байж билээ.
-Та туршлагатай багш нарын удирдлагад бэлтгэл хийж, тамирчин болох гараагаа эхлүүлсэн юм билээ.
-Н.Одцэцэг багшийг Орхон аймаг руу шилжихээс өмнө шавь нь болж хэсэг хугацаанд хичээллэж байгаад 2011 оноос Б.Гүндэгмаа багшийн удирдлагад үргэлжлүүлсэн. Тэр жил аймгийн аварга шалгаруулах тэшүүрийн тэмцээн Сэлэнгэ сумд болоход өөрийгөө хоёр зайд алтан медаль хүртэнэ гэж огт төсөөлөөгүй. Хичээлээс өөр зүйл сонирхдоггүй намайг уралдаж түрүүлэхийг хараад манайхан бөөн баяр боллоо. Өвөө тэмцээний дараа “Чи гараанаас хурд багатай, удаж гарч байна. Хойшид анхаараарай” гэж хэлэхэд нь “Намайг хоёр ч алтан медаль авчихаад байхад” гээд гомдонгуй харж билээ. Одооч гэсэн тэмцээнд оролцохдоо өвөөгийнхөө хэлсэн үгийг байнга санадаг. Үнэнийг өгүүлэхэд, би өөрөө багшаа хайж олсон хүн шүү дээ. Улаанбаатарт ирж, бэлтгэл хийсэн ч дорвитой амжилт гаргасангүй. Нэг өдөр МҮОХ-г зорьж, Монголын тэшүүрийн холбооны нарийн бичгийн дарга Ш.Нармандах эгчтэй уулзсанаар Б.Сансарбилэг багштай танилцаж, бэлтгэлээ үргэлжлүүлсэн. Би тэр үед сурагч байсан хэрнээ шигшээ багийнхантай хамт байрлаж, бэлтгэл хийдэг байлаа. Тэшүүрийн тамирчид өвөл тэмцээнд оролцдог тул хичээлээс чөлөө авсан удаа бишгүй. Ээж хавар болохоор давтлагад суулгаж, хоцорсон хичээл нөхөж хийлгэнэ. Орхон аймгийн V сургуулийн удирдлага, багш нар намайг дэмжиж, тэмцээнд оролцуулдаг байсанд их баярладаг. XII анги төгсөх жилээ өдөр бүр давтлагад суусны ачаар шалгалтуудаа амжилттай өгсөн шүү.
-Тэр үед тэшүүрийн спортод хүч түрэн орж ирж, аваргуудтай ана мана өрсөлдөх тамирчин танаас өөр байгаагүй. “Алдар” спорт хорооны босгоор амжилт гаргасан нь алхдаг шүү дээ.
-2016 оноос Б.Сумъяа эгчтэй аваргын төлөө өрсөлдөж, түрүүлэхэд Б.Сансарбилэг багш миний техникт анхаарч, сайн ажилласан юм. 2018 онд залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ-д амжилттай оролцож, аварга боллоо. Миний хувьд залуучуудын ангилалд хурд сорьсон сүүлийн жил байв. Тэр жилийн хавар нь “Алдар” спорт хороо тамирчнаар авах гэнэ гэсэн яриа сонссон ч нэг их тоолгүй өнгөрсөн юм. Тухайн үед багшийнхаа удирдлагад дөрвөн жил хичээллэж, гурван удаа улсын аварга болчихсон байлаа. Тус спорт хороонд хөл тавьсан намар нь МУБИС-ийн Биеийн тамирын сургуульд дасгалжуулагч багш мэргэжлээр элссэн. Оюутны ширээний ард дөнгөж суусан надад багш нар чөлөө олгодоггүй байсан тул бэлтгэл хийж, тэмцээнд оролцох хүндхэн байлаа. Тиймээс Үндэсний биеийн тамирын дээд сургууль руу шилжиж, өнгөрсөн жилийн хавар багш дасгалжуулагч мэргэжлээр төгссөн.
-Тамирчны карьераа өндөрлүүлбэл дасгалжуулагчаар ажиллах уу?
-Монголын дасгалжуулагчид ачаалалтай ажилладаг. Тамирчдаа бэлтгэл хийлгэхээс гадна сэтгэлзүйч, бариач, тогооч гээд олон хүний ажлыг ганцаараа хийдэг шүү дээ. Гадаадын тэмцээнд цөөнгүй оролцохдоо тамирчдын багт хэдэн хүн ямар зохион байгуулалттай хэрхэн ажилладгийг ажиглаж харсан. Тиймээс хойшдоо спортын салбарт анагаах ухааны чиглэлээр ажиллана.
-Японы Саппород болсон Азийн өвлийн наадам, ОХУ-ын Красноярск хотыг зорьж, Дэлхийн оюутны спортын өвлийн XXIX универсиадад оролцсон дурсамжаар тань аялъя.
-Саппоро хотыг зорихоос өмнө Б.Сансарбилэг багштай БНСУ-д олимпын аваргуудтай хамт бэлтгэл хийсэн юм. Японд дэлхийн шилдгүүдийг харж уралдах гэж ирснээ бараг мартаад алмайрсан. Өмнө нь зурагтаар хардаг байсан аваргуудыг дэргэдээс нь харахаар их балмагддаг юм билээ. Дараа нь хойд хөршид хөл тавихдаа мэдлэгээ ахиулж, туршлага тодорхой хэмжээгээр хуримтлуулсан байв. Тэнд Европын аваргуудтай уралдах үнэхээр сонирхолтой санагдсан. Өнгөрсөн жил үндэсний шигшээ багийнхнаас Я.Зоригтбаатар, А.Зул эгч “Дэлхийн цом”-ын тэмцээнүүдэд оролцсон юм. Миний хувьд уралдах зорилгоор бэлтгэл хийсэн ч Монголын тэшүүрийн холбоо оролцуулаагүй. Энэ жил АНУ-д уралдахдаа цагийн амжилтаа хоёр секундээр ахиуллаа. Багш уралдахын өмнө “Чи хүссэн тэмцээндээ оролцох гэж байна. Алдах зүйл байхгүй. Өөрийнхөөрөө хичээж уралдаарай” гэж зөвлөсөн. Одоо 2026 онд Италийн Милан, Кортина хотод болох өвлийн олимпод оролцох зорилго тавиад бэлтгэлээ хийж байна.
-Шорт трек, гүйлтийн тэшүүрээр уралдах аль нь илүү сонирхолтой санагддаг вэ?
-Надад шорт трекийн төрөлд уралдах нь сонирхолтой санагддаг. Багш нар минь ч зөвлөдөг юм. Миний хувьд гүйлтийн тэшүүрээр ч амжилттай оролцох боломж бий. 1500, 3000 метрийн зайд өрсөлдөөн багатай. Монголоос гадаадын тэмцээнд шорт трекийн төрөлд оролцдог ганц тамирчин нь одоогоор би л байна. Би 3000 метрийн зайд оролцох цагийн амжилтаа биелүүлчихсэн. Өмнө нь Австрийн Инсбрук хотод 2018 онд болсон өвлийн олимпын залуучуудын ангилалд шорт трекийн төрөлд өрсөлдөж байлаа. Тэр жил Монголын ахмад тэшүүрчид амжилттай оролцож, олонх нь медальтай ирсэн шүү дээ.
-Багш нартайгаа ойрд ямар сэдвээр яриа өрнүүлэв?
-АНУ-д болсон тэмцээнээс олж харсан зүйл их болохоор Монголд ирээд багштайгаа хэдэн өдөр ярилцсан. Улс бүрийн тамирчдын бэлтгэл, сэтгэл зүйн байдал, уралдах техник, тактик, хооллолт, амжилт гаргахад ард нь ажилладаг багийнхан нь хэрхэн нөлөөлдөг талаар бэлтгэл хийх бүртээ ярилцаж байгаа. Тэнд 10 хонохдоо гүйлтийн тэшүүр, шорт трекийн тамирчид бие халаалт хэрхэн хийж байгааг судалсан. Тэд үе, холбоосоо сайжруулах зорилгоор резинтэй дасгал маш сайн хийдэг юм билээ. Би өмнө нь бэлтгэл хийхдээ хөлийн ажиллагаа, техникт анхаарал хандуулдгаас биш бие халаалтыг чухалчилдаггүй байжээ. Уралдахын өмнө бие халаалт ямар чухал болохыг ойлгосон болохоор одооноос анхаарч эхэлсэн.
-Шигшээ багийнхан сэтгэлзүйч, хоолзүйчтэй холбоотой ажилладаг биз?
-Би сэтгэлзүйчтэй хамтарч ажиллаад багагүй хугацааг үдлээ. 2021 оноос хоолзүйчээс зөвлөгөө авч бэлтгэл, тэмцээний үед ямар хоол хүнс хэрэглэх талаар судалдаг болсон юм. Тэр үеэс хооллолт тамирчдын сэтгэл зүй болоод хандлага, амжилтад хэр нөлөөлдөг болохыг сайн ойлгосон. Өмнө нь гараанаас гарахдаа амттан их иднэ. Багш харчихаад “Чи яагаад чихэрлэг зүйл идээд байна, болохгүй шүү” гэж анхааруулдаг байлаа. Одоо миний сэтгэл зүйн бэлтгэлийг Б.Сансарбилэг, хооллолтыг Б.Тулга багш хариуцдаг юм. Багш нар бидний харц, хөдөлгөөнөөс сэтгэл зүйн байдлыг мэдчихнэ. Тэд тамирчдаа уншиж чадах өндөр мэдрэмжтэй. Бэлтгэл хийхээр ирэхэд “Чи өглөө гүйгээгүй байна” гэнэ. Тамирчид зовлон, жаргалаа гэрийнхнээсээ илүү дасгалжуулагч багштайгаа ярилцдаг. Манайхан “Чи багштайгаа сайн ярилцаж байгаарай” гэдэг юм. Би айлын дунд охин. Гэрийнхнээсээ ганцаараа тамирчны зам сонгосон нь.
-Тэшүүрийнхэн дугуйгаар давхар хичээллэж, тэмцээнд оролцдог. Таныг медаль хүртсэнийг саналаа.
-Би өөрийгөө олон зүйлд сорих дуртай. 2020 оноос дугуйгаар хичээллэж, тэмцээнд оролцдог болсон. Дугуй, тэшүүрийн спорт тэвчээр их шаарддаг. Хоёуланд нь хөл оролцдог тул төстэй ч зүйл олон бий. Өнгөрсөн жилийн намар Монголын бүх ард түмний спортын XV наадмын дугуйн тэмцээнд шигшээ багийнхантай оролцохдоо уулын дугуй, эмэгтэйчүүдийн бөөн гараатай 50 км-ийн уралдаанд тус бүр хүрэл медаль хүртсэн. Уулын дугуйн төрөлд анх удаа хурд сорихдоо амаргүйг нь мэдэрсэн шүү. Энэ ташрамд, Монголын тэшүүрийн холбоо, “Алдар” спорт хорооны удирдлага, хамт олон, амжилтад хөтөлсөн Б.Сансарбилэг, Б.Тулга багш нартаа их баярлалаа. Мөн намайг дэмжиж, бүх талаар тусалдаг гэр бүл, найз нөхдөдөө, үнэтэй зөвлөгөө өгч, өөрсдийн туршлагаас харамгүй хуваалцдаг ахмад тамирчдадаа талархаж явдгаа илэрхийлье.