Монгол Улсын хүн ам 2033 онд дөрөв, 2048 онд таван саяд хүрэх төлөвийг Үндэсний статистикийн хорооноос гаргасан байдаг. Харин түүнээс хойш хүн амын өсөлт саарч, 2050 он гэхэд Монгол “хөгшчүүлийн орон” болно. Нийгэм, эдийн засгийн хөгжилд өдгөө голлох үүрэг гүйцэтгэж буй залуус тухайн үед настай хүмүүсийн эгнээнд шилжих нь. Дэлхийн жишгээр улс орнууд хүн амын насжилтыг хөгжлийн бодлогынхоо гол чиглэл болгож, үүнд тулгуурлан ямар арга хэмжээ авахаа тодорхойлдог. Харин манай улсад өндөр настнууд үргэлж анхаарлын гадна үлдэж, тэд тэтгэвэрт гараад л хөсөр хаягддаг жишиг тогтсон гэхэд хилсдэхгүй.
Олон улсад хүн амын насны бүтцийг үндсэн гурван бүлэгт хуваан судалдаг аж. Тодруулбал, хүүхэд 0-14, идэр 15-64, хөгшин 65-аас дээш гэсэн ангилалд тулгуурлан насжилтын үеийг тодорхойлдог гэнэ. Тухайн улсын хүн амын 35-аас дээш хувийг 0-14 насныхан эзэлбэл “залуу” орон гэж үздэг. Харин эл үзүүлэлт 25 хувиас бага бол “хөгшин” гэгддэг байна. Манай улсын хувьд нийт хүн амд 0-14 насны хүүхдүүдийн эзлэх хувь өдгөө 31.7. Цаашлаад уг үзүүлэлт 2050 онд 27.4 хувьд хүрч, “хөгшин” хэмээх ангилал руу шилжихээр байгааг “Хүн амын шинэчилсэн хэтийн тооцоо-2020-2050 он” судалгааны тайланд дурджээ. Улмаар энэ үеэс хүн амын өсөлт буурах төлөв бий.
Ид хөдөлмөрлөх насныхан буюу залуус олон бол хүн ам зүйд “цонх” үе хэмээн нэрлэдэг аж. Монгол өдгөө ийм үедээ байгаа юм. Уг нь улс орнууд ийм үедээ эдийн засгийн хөгжлөө урагшлуулах арга хэмжээ, бодлогыг эрчимтэй хэрэгжүүлдэг бөгөөд ялангуяа ажлын байрыг нэмэгдүүлж, иргэдийн орлого, амьжиргааг дээшлүүлэх, улмаар хүн амын өсөлтийг дэмждэг. Гэтэл манайхажлын байр нэмэгдүүлэх дорвитой бодлогогүйгээр энэ үеэ өнгөрөөж мэдэх нь. Харин ч залуус эх орондоо хөдөлмөрлөж, улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах биш, сайхан амьдрахыг мөрөөдөж, гадаад улсыг зорих нь олширлоо. Түүнчлэн хүн амын өсөлтийг дэмжсэн бодлого алга. Орчны бохирдол, ялангуяа утаатай хот, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал зэргээс шалтгаалан иргэд, тэр дундаа нийслэлд оршин сууж буй гэр бүлүүд хүүхэдтэй болохоосоо ч эмээж байна. Ямар сайндаа л эмч, мэргэжилтнүүд өвлийн улиралд жирэмслэхгүй байхыг зөвлөх вэ дээ. Үндсэндээ манайх “цонх” үеэ ашиглаж чадахгүй байсаар “хөгшин” орны ангилал руу гулсах нь. Ядаж “цонх” үеийнхнээ ахмадын эгнээнд шилжихэд нь “угтаж авах” хөрс сууриа бэлдэж байвал яасан юм бэ.
Үүнтэй холбоотойгоор ирээдүйн “настнууд”-д зориулсан үйлчилгээ, дэмжлэгийн арга хэмжээ зүй ёсоор шаардагдаж байгаа. Геронтологийн үндэсний төвийн дэд захирал М.Энхбаяр энэ талаар “Олон улсын судалгааны “Help age” байгууллагаас хүн амын насжилтын индексийг гаргадаг. Уг индексээр монгол настнуудын эрүүл мэнд дэлхийд 93 дугаар байрт орсон байна. Насжилттай холбоотойгоор мэдрэл, зүрх, судас, амьсгалын тогтолцоо, тулгуур эрхтэн болон бодисын солилцоонд өөрчлөлтүүд гардаг. Жишээлбэл, ой тогтоолт сулрах, хараа, сонсгол муудах, хайнга, цочромтгой болох, судас хатуурах, амьсгалын багтаамж багасах, хөдөлгөөн удаашрах зэргийг нэрлэж болно. Эдгээр нь настны хөдөлмөрийн, бие даах, багаж хэрэгсэлтэй харьцах чадвар алдагдах үндсэн шалтгаан болж байна. 2008-2011 онд хийсэн судалгаагаар монгол настнуудын 84.6 хувь нь ямар нэг өвчин, эмгэгтэй гэсэн дүн гарсан байдаг. Түүнчлэн нэг хүн дунджаар 3-4 өвчинтэй. Эдгээр нь настнуудад эрүүл мэнд, нийгмийн хамгааллын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгааг харуулна. Настанд үзүүлэх тусламжийг зөвхөн эмнэлэгт эмчлүүлэхээр төсөөлдөг нь үеэ өнгөрөөсөн. Харин алдагдсан чадварыг нь сэргээн засах, амьдралын чанарыг нь дээшлүүлж, асран сувилах хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа. Иймд настны өдрийн, хөнгөвчлөх, сэргээн засах эмчилгээ, асаргаа сувилгааны төвүүд бий болгох, энэ чиглэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэхэд анхаарах цаг болсон” хэмээв.
Харамсалтай нь, ийм чиглэлээр манайд хийж буй ажил төдийлөн үгүй гэхэд болно. Улсын хэмжээнд ахмадын асрамжийн газар ганц бий. 1924 оноос үйл ажиллагаа явуулсан тус газрын хүртээмж хумигдмал. 200 орчим хүн л хүлээж авах хүчин чадалтай бөгөөд голчлон асран халамжлах хүнгүй иргэд үйлчлүүлдэг. Мөн ахмадуудад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг Геронтологийн үндэсний төвийн үйл ажиллагаа ч хязгаарлагдмал байна. Тус төвийг өргөжүүлэн хөгжүүлэхээр Хан-Уул дүүрэгт шинэ барилга барьж эхэлснээс хойш хэдийн 12 жил өнгөрсөн ч өдий хүртэл ашиглалтад оруулаагүй. Насжилт судлалыг хөгжүүлэх, ахмадуудад зориулсан үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор дээрх төвийг өргөтгөхөөр шийдвэрлэсэн байдаг. Гэсэн ч уг зорилгоо одоо хүртэл ажил хэрэг болгоогүй нь Монгол Улс өндөр настнууддаа хэрхэн ханддагийг илэрхийлэх тоджишээ юм.
Ажиа гэгээний санаачилга, олон нийтийн хандив, тусламжаар уг нь манай улс Ахмадын хөгжлийн төвтэй болоод байгаа. Тус төвийн нээлтийн ёслолыг өнгөрсөн оны наймдугаар сард зохион байгуулж байсан ч мөн л ашиглалтад оруулаагүй. Бүхэл бүтэн барилгабариулаад өгч байхад ажиллуулж чаддаггүй нь бас л манай төр, засгийн холбогдох байгууллагынхны сэтгэл, зүтгэл дутсаных гэлтэй. Төвийг ажиллуулж эхлэх хугацаа өдий хүртэл тодорхойгүй бөгөөд “Ирэх хавраас ашиглалтад оруулна” гэсэн тойм мэдээллийг хариуцсан хүмүүс нь хэлж суух жишээтэй. Үүнээс гадна зарим аймаг, дүүрэгт Ахмадын хөгжлийн төв нэртэй байгууллага үйл ажиллагаа явуулдаг ч тэд зорилтот бүлэгтээ төдийлөн хүрч ажилладаггүй гэсэн шүүмжлэл байнга дагуулдаг юм.
Тэгвэл олон улсад ахмадуудаа хөгжүүлж, дэмжихэд хэрхэн анхаардаг талаар М.Энхбаяр “Хөгжингүй орнуудын хувьд ахмад настнуудад компьютерын мэдлэг олгох замаар шинэ ажиллах хүч бий болгох, тэдний эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаанд технологи ашиглахыг зорьж байна. БНСУ-д олон нийтийн сүлжээ ашиглах замаар настнууд нийгмийн оролцоогоо сайжруулдаг. Мэдээлэл, харилцаа холбооны технологийн мэдлэг нь идэвхтэй, эрүүл насжилтын үндэс гэж Настны амьдралын чанарыг нэмэгдүүлэх шинжлэх ухааны институтээс үзэж байгаа. Ахмадууд мэдээлэл, харилцаа холбоо, олон нийтийн сүлжээгээр дамжуулан нийгэмшиж, дижитал технологи ашиглах чадвараа байнга дээшлүүлэхэд нь дэмжлэг хэрэгтэй. Цаашлаад тэдэнд дахин суралцах боломж олгох, хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжих шинэ санаачилгууд гаргах шаардлагатай. Япон, ХБНГУ-д асаргааны даатгалын тогтолцоог маш сайн нэвтрүүлж чадсан. Японд 2021 оны байдлаар дундаж нас 82-т хүрч дэлхийд тэргүүлж байгаа. Хүн амын 28 хувь нь65-аас дээш настай. Тус улс 1982 онд Ахмад настны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулиа баталсан. 1990 оноос асаргаа сувилгаа, ахмадын нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг төр болон төрийн бус байгууллагуудын оролцоотой хөгжүүлсэн байдаг” хэмээн олон улсын туршлагаас хуваалцлаа.
“Алсын хараа 2050”-д дурдсанаар бол 2050 он гэхэд монгол хүний дундаж насыг 82-т хүргэхээр төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, өмнө дурдсан Японы жишигт хүргэхээр байна. Мөн “Хүн амын бүлгүүд, тухайлбал, эмэгтэйчүүд, оюутан, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан хагас цагаар, гэртээ, зайнаас ажиллах уян хатан зохицуулалт бий болгоно”, “Ахмад настанд урт хугацааны тусламж, үйлчилгээ үзүүлэх хөгжлийн төвүүд байгуулна”, “Эрүүл насжилтаар бүсийн хэмжээнд тэргүүлэх 10 орны нэг болж, хувь хүний ген, хоол тэжээлийн болон эрүүл мэндийн онцлогт чиглэсэн, хиймэл оюун ухаанд тулгуурласан үйлчилгээ нэвтрүүлнэ” гэсэн мөрөөдлийн жагсаалт гаргажээ. Хэн ч ингэж ярьж чадна. Өмнө нь ч манайд ахмадын хөгжлийг дэмжихтэй холбоотой цөөнгүй баримт бичиг баталж байсан ч хэрэгжүүлээгүй. Жишээ нь, Засгийн газраас 1998 онд Ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үндэсний хөтөлбөр баталж байж. Мөн 2013 онд ч “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” хөтөлбөр гаргажээ. Түүнчлэн Ахмад настны тухай хуулийг 2017 онд шинэчлэн найруулсан байдаг. Уг хуулийн есдүгээр зүйлд “Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” гэсэн хэсэг бий бөгөөд хэрэгжүүлж чаддаг бол олон чухал ажлыг үүнд тусгажээ. Тухайлбал, хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмад настныг бүртгэж, мэдээллийн сан бүрдүүлэх, ажилд зуучлах талаар тусгасан байна. Үүнээс гадна 2021 онд баталсан Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр ч гэж бий. Үүнд бол бүр ахмад настнуудад бизнес эрхлэхэд нь зориулж хөнгөлөлттэй зээл олгохоор ч тусгасан байх жишээтэй. Энэ мэт зорилго, төлөвлөгөө зөндөө бий ч хэрэгжүүлдэггүй нь л харамсалтай. Ийм маягийн мөрөөдлийн жагсаалтаа хойшид зайлшгүй ажил хэрэг болгох ёстойг бодит байдал шаардаж байна.
Бэлтгэсэн М.Оч