БНСУ-ын Чонгсон, Францын Шампаньи-ан-Вануаз, Швейцарын Саас-Фее хотод болсон мөсөнд авиралтын “Дэлхийн цом” цуврал тэмцээн өнгөрсөн сарын 31-нд өндөрлөлөө. Тус тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон тамирчдаас спортын мастер Ч.Мандахбаяр хүрэл медаль хүртсэн юм. Тэрбээр Францын Шампаньи-ан-Вануаз хотод зохион байгуулсан хоёр дахь цуврал тэмцээний хурдны төрөлд өрсөлдөж, манай тамирчдын шагналын буухиаг ийнхүү үргэлжлүүлсэн билээ. Азийн орнуудаас Монголын тамирчид ур чадвараараа хүч түрж, авирах арга барил, техникээрээ энэ удаагийн “Дэлхийн цом”-оор Европын мөсөнд авирагчдыг гайхшируулсан байна. Авиралтын олон төрлөөр хичээллэдэг түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Шампаньи-ан-Вануаз, Саас-Фее хотод хөл тавихад төрсөн бодлоос тань ярилцлагаа эхэлье.
-Миний хувьд Швейцарын Саас-Фее хотод хоёр дахь удаагаа хөл тавьж, “Дэлхийн цом” тэмцээнд оролцсондоо баяртай байна. Надад өмнө нь очиж байсан газруудаас тус хот хамгийн гоё, сонирхолтой санагддаг. Тэнд тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулдаг нь их таалагддаг юм.
-Хүрэл медалийн төлөөх авиралт амьдралд тань мартагдахааргүй дурсамж үлдээж, дараагийн тэмцээнд өрсөлдөх эрч хүч өгсөн гэж бодож байна.
-Тэгэлгүй яах вэ. Олон улсын тэмцээний анхны медалиа “Дэлхийн цом”-оос хүртэж, амжилтаа үргэлжлүүлсэндээ сэтгэл өндөр байгаа. Тамирчдын тэмцээнд оролцож буй үйл явцыг тухайн газраас шууд дамжуулдаг болохоор хамгийн сүүлчийн оролцогч авираад дуусахад миний чансаа III байрт бичигдсэнийг хараад эхэндээ итгээгүй.
-Энэ удаа Европын шилдгүүдээс хурдны төрөлд дорвитой амжилт гаргаагүй харагдсан. Тэд эхний гурван байрыг Азийн тамирчдад алдана гэж бодоогүй байх. Тэмцээний явцад тэдний сэтгэл зүйгээс нь ажигласан зүйл юу байв?
-Сүүлийн жилүүдэд мөсөнд авиралтын хурдны төрөлд Азийнхан хүч түрэн орж ирсэн. Тэр дундаа Иран, БНСУ-ын тамирчид техникийн төрөлд цөөнгүй дэлхийн аваргатай. Тэд чансаагаараа дэлхийд дээгүүр жагсдаг. Үүнтэй холбоотойгоор хурдны төрлийн тамирчид нь ч гэсэн маш богино хугацаанд ур чадвараа ахиулсан гэж боддог. Тэмцээний үед бусад орны тамирчдыг харахад сэтгэл зүй өндөртэй нь анзаарагддаг.
-“Парист-2024” олимпын наадамд Монголын тамирчид оролцоно гэдэгт хэр итгэлтэй байна вэ. Мөсөнд авиралт ч гэсэн өвлийн олимпод багтахад ойрхон байна. Энэ эрчээрээ урагшилбал манайхан аль алинаас нь эрх авч, өрсөлдөж чадахаар санагдлаа.
-Олон улсын стандартад нийцсэн, спорт авиралтын нэг ч хана Улаанбаатарт байдаггүй. “Парис-2024” олимп болоход нэг жил үлдсэн болохоор бид эрх авч яагаад ч амжихгүй болов уу. Би “Ub hiking” клубийн гишүүн. Энэ клубт анх орсон цагаас эхлээд тамирчид дэлхийд өрсөлдөхөд нэн чухал зүйл нь олон улсын стандартад нийцсэн хананд бэлтгэл сургуулилалтаа хийх гэдгийг ойлгосон. Ийм учраас манай клубийнхэн олон улсын стандартад нийцсэн ханыг “UG arena”-д босгож байна. Энэ бол Улаанбаатар хот анх удаа стандартын шаардлага хангасан ханатай болох гэж буй хэрэг юм. Үүнийг бий болгох өртөг өндөр учраас олон хүний хөдөлмөр, хичээл зүтгэл, хандив тусламжаар бүтээж байгаа. Хандивын үйл ажиллагаа одоо ч үргэлжилж буй. Зориулалтын хананы өртгийн 50 хувийг нь төлөөд авчирсан. Үлдэгдлийг нь төлөх өртэй байна. Ингэж сэтгэл гарган хичээж байгаа клубийнх нээрээ бахархаж, баярлаж явдаг. Спорт авиралтыг хөгжүүлэхийн төлөө, цаашид үүгээр хичээллэж, амжилт гаргах хүүхэд, залуучуудад зориулсан ажил юм шүү дээ.
-БНСУ-ын Чонгсон хотод болсон Ази тивийн АШТ, “Дэлхийн цом”-ын эхний цуврал тэмцээнд та оролцож амжаагүй. Хэрвээ оролцсон бол медаль хүртэх ч байсан юм бил үү гэх бодол төрж суусан шүү.
-Минийвиз гараагүйгээс “Дэлхийн цом”-ын эхнийцувралд оролцож амжаагүй. Нэгэнт оролцож чадаагүйгээс хойш харамсах зүйл байгаагүй. Гэхдээөрсөлдсөн бол магадгүймедалийн өнгийг өөрчлөх боломж байжээгэжбодсон. БНСУ-д болсон тэмцээнийшигшээд хоёр монгол тамирчин таарсан юм. Манайтамирчид хурдны төрөлд алдаа бараг гаргаагүйсанагдсан.
-Таныг энэ спортоор хичээллэж эхэлсэн цагаас хэн зөвлөж, өнөөгийн амжилтад хүргэсэн бэ?
-Спорт авиралтаар 2013 оноос өнөөг хүртэл хичээллэж байгаа. ОУХМ Д.Батжаргал багш аавын минь дүү. Нэг өдөр намайг дагуулж яваад авируулж байлаа. Би эхэндээ дургүй байсан ч анхныхаа тэмцээнээс медаль хүртсэнээр урам авч, цааш үргэлжлүүлэн хичээллэсэн юм. Монголоос зургаан тамирчин эх орноо төлөөлж олон улсын тэмцээнд оролцлоо. Тэднээс дөрөв нь багшийн минь удирдлагад бэлтгэл сургуулилалт хийж, амжилт гаргаж ирсэн байдаг. Өөрийнхөө мэдсэн, сурсан зүйлээс одоо ч харамгүй зааж, зөвлөдөг багшдаа их баярладаг.
-Тамирчин хүний амжилтад гэр бүлийнхнийх нь хандлага нөлөөлдөг юм билээ. Таныг хэзээнээс ойлгодог болов?
-Манайхан намайг бүх талаар дэмждэг. Тамирчдыг тэмцээнд оролцохоор явахад хамгийн их айдастай үлддэг хүмүүс бол гэр бүлийнхэн нь байдаг юм шүү дээ. Хад болон мөсөнд авиралт нь экстрим спортын төрөлд багтдаг. Долоо хоногийн хоёр өдрийг хаданд авирч өнгөрүүлдэг. Авирах бүрт гар, хөл, биеийн ихэнх хэсэг шалбарч, зүсэгдсэн байдаг юм. Өмнө нь хөлөө хугалж байсан болохоор гэрийнхэн минь “Олс, багаж, хэрэгслээсайн шалгаарай” гэж байнга захидаг. Намайг бэлтгэл хийхдээ бэртчих вий гэж санаа нь зовж суудаг байх.
-Та авиралтын төрлүүдээс алинд нь илүү амжилт гаргав?
-Би спорт, хаданд болон мөсөнд авиралтын төрлөөр хичээллэдэг. Сүүлийн хоёр жил мөсөнд авиралтаар илүү хичээллэсний үр дүнд “Дэлхийн цом”-ын II цувралаас хүрэл медаль хүртлээ. Тамирчдад тулгардаг хамгийн бэрхшээлтэй зүйл нь бэлтгэлийн хажуугаар ажил хийж, мөнгө хуримтлуулан, тэмцээний зардал олох. Намайг зөвхөн бэлтгэлдээ анхаарч, амжилт үзүүлэх боломжоор хангадаг “Ayanchin outfitters” компанийн удирдлага болон захирал Энхболд эгчид талархал илэрхийлье. 2018 оноос хойш зөвхөн тэмцээн гэлтгүй миний бүх зүйлд тусалж ирсэн “Ub hiking” клубийн гишүүд, тэргүүн У.Ариунзоригт ах, бас виз, гадаад харилцаа, тэмцээний бүртгэл зэрэг зүйлд сэтгэл нэгдэж ажилладаг холбооныхоо гишүүд, удирдлагад маш их баярлалаа.
-“Дэлхийн цом”-д өрсөлдсөн тамирчдаас та ур чадвар, техникийн тал дээр юуг нь онцолж харсан бэ?
-Европчуудаас Франц, Швейцарын тамирчид өндөр ур чадвартай, туршлагатай байлаа. Сүүлийн жилүүдэд дэлхийд тэргүүлж байгаа орнуудын тамирчид тэмцээний өмнөх бие халаалт, сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэгийг хараад бага ч болов суралцаж буй.
-Монголд спорт авиралтын төрлийг хөгжүүлэхэд тулгамддаг ямар асуудлууд байдаг бол?
-Хурдны төрлөөр манайхан зөвхөн өвлийн улиралд бэлтгэл хийх боломжтой. ОХУ, Иран, БНСУ зэрэг улсын тамирчид жилийн дөрвөн улиралд бэлтгэл базаадаг. Тэдэнд 16 метрийн өндөр, стандартад нийцсэн модон хана бий. Зуны улиралд хурдны бэлтгэл хийх боломжтой. Бидний нэг дутагдал нь ийм хананд бэлтгэл огт хийдэггүй. Угаасаа байдаггүй болохоор өвөл цас орж эхлэхэд өөрсдөө мөсөн хана барьдаг юм. Бидэнд бэлтгэл хийх боломжтой нэг сар л байдаг. Үүнийгээ ч сайн ашиглаж, бэлтгэлээ сайтар базааж ирсэн. Дээр дурдсанчлан, Улаанбаатарт энэ жилээс 16 метрийн өндөртэй, стандартад нийцсэн хана барьж байгаа нь бидний бэлтгэл сургуулилалтад ихээхэн ач холбогдолтой юм.
-Авиралтын төрлүүдээс аль нь сонирхолтой санагддаг вэ?
-Авиралтын төрөл бүхэн сонирхолтой. Би мөсөнд авиралтын техникийн болон хаданд авиралтын төрөлд илүү сонирхолтой. “Ub hiking” клубээс энэ спортыг хөгжүүлэн, сурталчлан түгээн дэлгэрүүлэхэд их хувь нэмэр оруулж, бага насны хүүхдүүдэд сургалт зохион байгуулаад хоёр жил болох гэж байна. Хүүхдүүдийг багаас нь бэлтгэл хийлгэж, ирээдүйд сайн тамирчин бэлдэх зорилготой. Би дасгалжуулагч багшаар ажилладаг тул энэ спортод дуртай, сонирхолтой хүүхдүүдийг багаас нь бэлдэхэд туршлага, мэдлэг, мэдрэмжтэй байх ёстой гэж боддог. Тиймээс “Мон Алтиус” дээд сургуульд дасгалжуулагч багш мэргэжлээр суралцаж байна. Олон улсын тэмцээнд оролцох хугацаандаа маш их зүйл судалдаг. Очсон даруйдаа туршиж судлаад, хэрэгжүүлж байж шавь нартаа заадаг.