Монгол, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулсны нэг нь “Тал нутгийн мөсөн шоу” байлаа. Монгол, Японы тэшүүрийн холбоо, “Орфей” театр хамтран зохион байгуулсан уг шоу тоглолт “Степпе арена”-д өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, үзэгчид цастай, жавартай тал нутагт анхудаа зочилсон мөсний оддыг харж, удтал хүлээсэн хүслээ биелүүлэв. Хоёр орны мэргэжлийн бүжигчдийн хамтарч дэглэсэн бүжиг, уран гулгагчдын мөсөн дээрх гайхалтай үзүүлбэрүүд олны сэтгэлийг огшоосон гэдэгт эргэлзэх хэрэггүй. Японы мэргэжлийн уран гулгагчдаас “Ростелеком гран при”, “Финляндия трофи” тэмцээний аварга, тивийн АШТ-ий хошой хүрэл медальт Хонго Рика Монголын мөсөн талбайд үзүүлбэрүүдээсээ толилуулсан нь гайхалтай. Хоёр хэсэгтэй шоу тоглолтын зохиомж нь сонирхолтой, үлгэр, домгийн ертөнцөөр аялуулж буй мэт санагдахаар тун өвөрмөц. Дуучин Б.Маралжингоогийн эгшиглүүлсэн “Алсын газрын зэрэглээ” дуугаар эхний хэсэг эхэлж, Наран улсаас нарлаг Монгол орныг хавар зорин ниссэн цэн тогоруун сүргээс нэгийнх нь даль жигүүр гэмтэж, намар буцаж чадалгүй үлдэхэд өр зөөлөн, энэрэнгүй сэтгэлт монгол жаалууд олж асарснаар дараа жилийн хавартай эсэн мэнд золгож буй үйл явдал өрнөдөг. Ижил олон сүрэгтэйгээ нийлэн далайн чанадруу буцаж буй цэн тогоруу, мөн “Хунт нуур”-ын гол дүр, Гавьяат жүжигчин Д.Оюун түлхүүр хүүхдийн найрал хөгжимтэй хамтран монголчуудын сайн мэдэх “Хирошимагийн охины цаасан шувуу” дууг шинэ өнгө төрхтэйгөөр олны хүртээл болгоход Садако охины дүрийг Монголын уран гулгагч Г.Марал-Эрдэнэ бүтээсэн юм. Түүний хувьд урлагийн бүтээлийг мөсөн талбайд толилуулахын тулд багагүй хичээл зүтгэл гаргасан нь үзэгчдэд бахархал төрүүлсэн. Спорт, урлаг хосолсон уг шоуны найруулагч нь “Фауст”, “Гэм зэм” жүжгээр олонд танил болж, Монголын театрын урлагт буурь зассан УДЭТ, “Орфей” театрын найруулагч М.Батболд, ДБЭТ-ын ерөнхий зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Ганбаатар нар. Олны сонирхлыг хамгийн их татсан нэг үзүүлбэр бол Японы уламжлалт бүжгийн азүма урсгалын төлөөлөгч Азүма Канья, Монгол Улсын Гавьяат жүжигчин М.Мөнгөнцэцэг нарын хосолсон бүжиг. Тэдний япон, монгол бүжгийг бие биедээ найрсгаар зааж буй зохиомж нь хоёр орны эв найрамдал, хамтын ажиллагааг бэлгэдсэнийг санагдуулж байв. Японы уран бүтээлчдээс Азүма Канья үндэснийхээ уламжлалт бүжгийг Монголд олон жил толилуулж иржээ. Гавьяат жүжигчин Ө.Уянгын “Уяхан замба тивийн наран” дуугаар өндөрлүүлсэн уг шоу тоглолтоор улбаалан эх орноо дэлхийд сурталчлахаас гадна хойшид уламжлал болгон зохион байгуулж, гадаад, дотоодын нэртэй тамирчин, жүжигчдийг урин оролцуулах юм. Уран гулгалтын спортын гайхамшгийг мөсөн дээрх сонирхолтой үзүүлбэрүүдээр толилуулан таниулах санаачилгыг Монголын тэшүүрийн холбоо гаргаж, Японы уран гулгалтын холбоотой хамтран хүүхэд, залууст сурталчлахыг зорьсон нь цагаа олсон зөв шийдэл байлаа. Ингэсний үр дүнд монголчууд зөвхөн уран гулгалт бус, бүжиг, жүжиг, цирк, дуу хөгжим гээд уран бүтээлийн хосолсон шоу тоглолтоос олон зүйлийг ойлгосон гэдэгт итгэлтэй байна.