Онцгой байдлын ерөнхий газрын “Аврагч” биеийн тамир, техник спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Шоовдор чөлөөт бөхтэй нөхөрлөсөн цагаасаа тив, дэлхийн дэвжээнд зодоглож, эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа. Түүнийг амжилтаас атгаж, дэлхийд данстай тамирчин болоход аав, багш нарынх нь хичээл зүтгэл их нөлөөлсөн гэдэг. Тэрбээр Азийн АШТ-ий гурван мөнгө, хоёр хүрэл медальтай. Мөн “Дэлхийн цом”-оос хоёр хүрэл медаль авч, “Монголиа опен” тэмцээний аварга болж, насанд хүрэгчдийн УАШТ-ий зургаан түрүү хүртэж байлаа. 2015 онд И.Ярыгиний нэрэмжит “Алтан гран при”-д түрүүлснийхээ дараахан үндэсний шигшээ багийн босгоор алхаж, Унгарын Будапешт, Казахстаны Нур-Султан, Норвегийн Осло хотод зохион байгуулсан ДАШТ-ээс тус бүр хүрэл медаль хүртсэн юм. Дэлхийн дэвжээнд зургаан удаа хүч сорихдоо гуравт нь дараалж шагналын тавцанд зогссон Монголын анхны эмэгтэй тамирчин. Их эзэн Чингис хаанымэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдрөөр Гавьяат тамирчин цол хүртсэн түүнийг зочноор урьж ярилцлаа.
-Та шинэ оны өмнөхөн Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртэж, чөлөөт бөхийн хорхойтнуудыг баярлуулсан. Тэр үед олон хүн таныг энэ цолыг авах эрхтэй хэмээн үнэлж байсан нь анзаарагдсан юм. Цолондоо хэр дасаж байна вэ?
-Баярлалаа. Намайг дэмжиж, барилдааныг минь сонирхож үздэг бөхийн хорхойтнуудын итгэл, найдварыг алдаагүйдээ баяртай байна. Дасахаас илүү энэ нэр хүндтэй цолыг өндөрт өргөж явах нь том үүрэг, хариуцлага хэмээн бодож бэлтгэл сургуулилалтаа базааж байгаа. Энэ жилийн насанд хүрэгчдийн УАШТ-д Гавьяат тамирчин гэж дуудуулаад дэвжээнд гарах мөч ойртож байна.
-Волейболын тамирчнаас чөлөөт бөхөд хөл тавьсан танд сонирхуулж ярих олон зүйл бий байх. Багийн спортоор хичээллэж байсны давуу тал барилдаанд тань нөлөөлдөг биз?
-Спортын ертөнцөд хөл тавихад аав минь зөвлөж, зөв шийдвэр гаргахад нөлөөлсөн. Тухайн үед Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын биеийн тамирын багшаар ажилладаг байв. Би багадаа аавыг сурагчдадаа биеийн тамирын хичээл хэрхэн зааж байгааг харж зааланд өнждөг сөн. Нутгаасаа Улаанбаатарт шилжиж ирснийхээ дараа гэрийнхэнтэйгээ зөвлөлдөж ярилцаад волейболоор дөрвөн жил хичээллэсэн юм. Амжилтаас атгахад тусалсан олон хүн бий. Тиймээс ачийг нь марталгүй санаж явдаг.
-“Уурхайчин” клубт довтлогчоор тоглож, 2009 онд “Үндэсний дээд лиг”-ээс хүрэл медаль хүртсэн байдаг. Багийнхантайгаа одоо ч холбоотой байдаг уу?
-Тийм ээ. “Уурхайчин” клубт довтлогчоор тоглодог байхдаа чамлахааргүй амжилт гаргасан. Тэр жилийн лигийн тоглолт миний сүүлчийн тэмцээн байв. Багийнхантайгаа долдугаар ангиасаа хамт тоглосон болохоор одоо ч ойр дотно нөхөрлөдөг. Бид ШУТИС-ийн уул уурхайн автомашины тоног төхөөрөмжийн инженерийн ангид хамт сурсан. Би нэг жил сураад ҮБТДС руу шилжиж, 2014 онд дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Монголд тэр үед багийн спорт сайн хөгжөөгүй байсан болохоор чөлөөтбөхөдхөл тавихаар шийдсэн юм. Волейбол тоглодог суурь, тэсвэр тэвчээр, хатуужил чөлөөт бөхөөр хичээллэхэд тус болсон шүү. Хэрвээ өмнө нь спортоор хичээллээгүй бол өнөөгийн амжилтад хүрэхгүй байсан гэж боддог. Бөхийн спорт амаргүй, эрсдэл ихтэй. Тамирчдаас зориг, тэвчээр, сэтгэлийн хат маш их шаарддаг. Үеийнхнийгээ бодвол би чөлөөт бөхөд хожуу хөл тавьсан. Намайг 20 настай хичээллэж эхлэхэд тэдний зарим нь хэдийн шигшээ багийн тамирчин болж, ОУХМ цол, олимп, ДАШТ-ээс медаль хүртчихсэн байлаа.
-Та дэлхийн дэвжээнээс гурван жил дараалж хүрэл медаль хүртлээ. Унгарын Будапешт, Казахстаны Нур-Султан, Норвегийн Осло хот таны амьдралд мартагдахааргүй дурсамж үлдээсэн гэдэгт итгэлтэй байна.
-Орон бүрийн бөхийн дэвжээ өөр. Миний хувьд тэдгээр улсад зохион байгуулсан ДАШТ-д өмнөхөөсөө илүү их хичээж, амжилт гаргах зорилготой очсон. Будапешт, Нур-Султан, Осло хотын дэвжээнээс медальхүртэх амархан байгаагүй. Намайг олон талаар сорьсон хүнд барилдаан, хэцүү шалгуур байв. Тэр бүхнийг тэсвэр хатуужил, зориг тэмүүлэл, хүсэл мөрөөдлөөр даван туулж, медалийн тавцанд зогссон. Тэнд ялалт байгуулсан амжилтын минь сайхан дурсамжууд одоо ч нүдэнд харагдах шиг болдог. Тамирчин хүн өөртөө томоохон зорилго тавьж, амжилтын төлөө урагшилдаг. Би ч бас тэдний адил тэмүүлсэн. 2014 онд Казахстаны Нур-Султанд болсон Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэж, ОУХМ цолтой болж билээ. Би хүсэл мөрөөдлөө алхам алхмаар биелүүлж байгаа. Мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөх сайхан. Хэрвээ зорьж, зүтгээгүй бол ДАШТ-ээс гурван хүрэл медаль хүртэхгүй ч байсан юм бил үү.
-Та 2021 онд Норвегийн Ослод хөл тавихаасаа өмнө Казахстаны Алматыд болсон Азийн АШТ-ээс мөнгөн медальтай ирсэн санагдана. Тэр жил танд аз, од аль алийг нь дагуулжээ.
-Азтай гэхээсээ илүү надад маш том сургамж өгсөн. Тив, ДАШТ-ий медалийнхаа өнгийг хувиргах боломж байсан ч санасандаа хүрээгүй л дээ. Гэхдээ чөлөөт бөхийн спортод амьдралаа зориулсан он жилүүдэд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс гурав, “Дэлхийн цом”-оос хоёр хүрэл медаль авч, УАШТ-д зургаан удаа аваргалсан. И.Ярыгиний “Алтан гран при”-гээс гурван алт, хоёр хүрэл, Азийн АШТ-ээс мөн гурван мөнгө, хоёр хүрэл медаль зүүжээ.
-Спортын талбараас төрийн цол хүртсэн Шоовдор нэртнүүдийн нэг нь та. Энэ нэр таныг олон удаа хилийн дээс алхуулж, амжилтын оргил, алдрын титмээс атгууллаа.
-Аав, ээжийнхээ хайрласан нэрэнд хайртай. Хүний амьдралд баярт үйл явдал олон тохиодог шүү дээ. Тив, дэлхийн дэвжээнд Баатаржавын Шоовдор гэж дуудуулаад гарах мөч хамгийн сайхан агшин байдаг. Чөлөөт бөхөөр амжилт гаргаж, олон медаль хүртсэн болохоор энэ нэрэндээ дуртай. Намайг хорвоод хүн болж мэндлэхэд аав минь бэлгэшээж, волейболын спортоос Гавьяат цол хүртсэн Ц.Шоовдор дасгалжуулагчийн нэрийг хайрласан юм билээ. Аав волейболын спортоор олон жил хичээллэсэн тул түүн шиг алдартай тамирчин болог гэж ерөөсөн гэдэг.
-Дэвжээнд гарах бүрт А.Энхтөр, Д.Батням, П.Сумъяа багшийн тань заасан бүхэн хэрэг болдог биз. Тэд шавиа алдаа гаргавал зөвлөж, амжилтад хүрэхэд нь урам хайрлаж урагшлуулсан байх.
-Багш бүр өөрийн гэсэн заах арга барилтай. Намайг амжилтад хүргэсэн багш нараараа үргэлж бахархдаг. Хан-Уул дүүргийн дасгалжуулагч А.Энхтөр багшийн шавь болж, чөлөөт бөхийн цагаан толгой анх заалгасан. Тэрбээр намайг тамирчин болоход маш сайн бэлтгэсэн. Дараа нь Д.Батням багшийн удирдлагад үргэлжлүүлэн хичээллэж, цөөнгүй амжилт гаргасан. П.Сумьяа багш нүүрэн дээр минь хэзээ ч магтаж байгаагүй. Миний давуу, сул талыг мэддэг учир тулж ажилладаг юм. Гэхдээ шавь нарынхаа төлөө санаа тавьж, амжилт гаргуулахын тулд хичээж зүтгэдэг. Багш нарын минь сэтгэл, итгэл найдвар, хөдөлмөр миний амжилттай салшгүй холбоотой. Миний хүртсэн медаль бүр аав, ээж, багш нарынхаа ачийг хариулсан үнэтэй бэлэг.
-ДАШТ-д шилдгүүдээс 2018 онд Мексикийн Алехандра Ромеро Бонилла, 2019 онд Украины Ангелина Лысак, 2021 онд АНУ-ын Майя Нильсонтой учраа таарсан. Та тэднийг ялж, хүрэл медаль хүртсэн ч юугаар нь бахархаж, ямар давуу талаас нь суралцсан бэ?
-Ямар ч хүчтэй өрсөлдөгчтэй таарсан хожно гэсэн бодолтой дэвжээнд гардаг. Гэхдээ өөртөө бардаж, тэднийг басаж байгаагүй. Тамирчид өрсөлдөгчөөсөө суралцаж, ялалт, ялагдалдаа дүгнэлт хийх ёстой байдаг. Барилдааны явцад өрсөлдөгчдөөсөө анзаардаг зүйл олон бий. Тухайлбал, Мексикийн Алехандра Ромеро Бонилла өндөр, биерхүү, маш хүчтэй, Украины Ангелина Лысак барьц, техник сайтай. Биед нь хүрэхэд авч шидчих гээд байдаг. АНУ-ын Майя Нильсон дайчин, зоригтой, шийдэмгий барилддаг. Тэднээс эдгээр давуу талыг нь суралцсан шүү.
-Нур-Султанаас ирснийхээ дараа “Медаль хүртчихээд үзэгчдийн дунд суугаа аавыгаа хамгийн түрүүнд хайсан, охиноо шагнал гардахыг хараад аав минь огшиж баярласан” гэж ярьсныг тань саналаа.
-Аав миний барилдааныг үзэхээр спортын ордонд ирснийг мэдсэн. Гэхдээ би тухайн үед зөвхөн өрсөлдөгчийнхөө барилдаан, үйл хөдлөл, сэтгэл зүйд гол анхаарлаа хандуулсан. Ялалтын дараа ордонд суугаа олноос аавыгаа түрүүлж хайсан. Намайг медаль хүртэхийг харсан аавын сэтгэл огшиж, баярласан. Аав, ээжийнхээ ачийг хариулж чадахгүй юм гэхэд ядаж баярлуулж үзэх сэн гэж олон жил бодсон хүслээ Нур-Султаны дэвжээнд биелүүлсэн. Намайг чөлөөт бөхөөр хичээллэж эхэлснээс өнөөг хүртэл манайхан тууштай дэмжсэн. Би таван эгч, нэг дүүтэй. Амжилтын төлөө бүхнээ зориулж, амрах завгүй зүтгэсэн он жилүүдэд гэрийнхэн найдвартай ар тал болж, ялагдал, ялалттай минь хамт урагшиллаа.
-Эх хүн үр хүүхдийнхээ төлөө үргэлж санаа зовниж суудаг. Тэмцээнтэй өдөр танд юу гэж зөвлөдөг вэ?
-Ээж минь хилийн дээс алхах бүрт “Миний охин бэртэж гэмтэлгүй сайн барилдаарай” гэж хэлээд, цай, сүүнийхээ дээжийг хангай, дэлхийд өргөөд залбирч үлддэг юм. Миний хувьд гадаад, дотоодын тэмцээнд оролцох үедээ хоолны дэглэм барьдаг. Эх орондоо ирээд ээжийнхээ хийсэн гарын хоолыг хүссэнээрээ иддэг.
-Тамирчид бэлтгэл, тэмцээн гэж явсаар санаа тавьдаг цөөн найзтай үлддэг юм билээ. Амьдрал, спорт, сургууль, сурагч байх үеийн найзуудтайгаа ойрд уулзаж, ямар сэдвээр яриа өрнүүлэв?
-Надад найз нөхөдтэйгөө уулзах цаг ховор гардаг. Амжилт гаргасныхаа дараа хааяа нэг уулзана. Гавьяат цолны тэмдгээ авсны дараахан багын найзуудтайгаа уулзахдаа хүүхэд нас, сурагч байх үеийнхээ хөгжилтэй дурсамжуудыг ярьж суусан.
-Танд одоо биелүүлээгүй ямар мөрөөдөл байна вэ?
-Надад одоо олимпын медаль л дутуу байна даа.
-Шантарсан үедээ өөрийгөө хэрхэн зоригжуулдаг вэ?
-Саад, бэрхшээлтэй тулгардаггүй тамирчин хаана ч байхгүй. Олон хүний итгэл, найдвар тээж яваа болохоор надад шантрах эрх байхгүй гэж боддог. Спортын босго өндөр, талбар нь өрсөлдөөн ихтэй. Болих уу, үлдэх үү гэж эргэлзэх үед аав минь хурцалж, урагшлуулсан.
-Та Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумаас төрсөн хэд дэх Гавьяат цолтон бэ?
-Би нутгаараа бахархаж, сэтгэлдээ дээдэлж явдаг. Миний хувьд Эрдэнэбүрэн сумаас төрсөн, бөхийн спортынхноос Гавьяат цол хүртсэн хоёр дахь тамирчин. Бусад салбараас төрсөн төрийн цолтой алдартан олон бий. Төрсөн нутгаа жил бүр зорьж, эрч хүч, урам зориг аваад ирдэг. Энэ ташрамд, амжилт гаргахад минь байнга дэмжиж тусалдаг ОБЕГ-ын “Аврагч” биеийн тамир, техник спорт хороо, 120 дугаар ангийнхан, чөлөөт бөхийн үндэсний шигшээ баг, Спорт анагаах ухаан төв, УИХ гишүүн Б.Пүрэвдорж ах, Ховд аймгийн болон Зэрэг, Эрдэнэбүрэн сумын ЗДТГ-ын хамт олон, аав, ээж, эгч, дүү, багш, дасгалжуулагч нартаа талархал илэрхийлье.