Урлаг судлаач, сэтгүүлч Р.Оюунжаргал “Хуучин байшингийн цэнхэр нүдэн” номоо 2018 онд хэвлүүлсэн. Энэ нь зохиогчийн найм дахь бүтээл юм. Түүний охин Ц.Дөлгөөн эл номыг англи хэл рүү орчуулж, Дастин Роулинс хянан тохиолдуулжээ.
Уг номын нээлт өнөөдөр Интерномд болсон юм. Номын нээлтэд ирсэн зочид “Мартагдсан монгол ахуйг энгийнхээр бичиж хойч үедээ үлдээжээ” хэмээн зохиогчид талархлаа илэрхийлж байв. Номын зохиогч “Хуучин байшин маань 110 жилийн түүхтэй. Одоо ч тэрхүү байшиндаа зун очих дуртай. Цэнхэр нүдэн нь би өөрөө. Номд үеэл, бид хоёрын тухай өгүүлэх боловч арын гол фон нь байгаль дэлхий, мал аж ахуй юм. Орчин цагийн залуус монгол ахуйгаасаа алсарсныг хүн бүр шүүмжилдэг. Би шүүмжлэхээсээ илүү зүгээр л бичиж үлдээхийг хүссэн. Монголоор биш гадаадаар хэлд орж байгаа бидний хойч үе эзэн нутгийнхаа тухай, аж ахуйн талаар англи хэлээр уншиж мэдэг” хэмээсэн юм. Харин номын орчуулагч Ц.Дөлгөөн “Лондонд сурч байсан үе. Монголоос ааруул, боорцогтой илгээмж ирсний дотор “Хуучин байшингийн цэнхэр нүдэн” ном байв. Ааруулаа үнэрлээд л нутгаа санаад л номоо уярч, уйлж уншсан. Мөн ээжийн номын талаарх цахим орчинд бичсэн сэтгэгдлүүдийг уншаад сэтгэл хөдөлж, эл үнэ цэнтэй номыг орчуулах шийдвэрээ гаргасан. Гадаадад байгаа монгол жаалуудад ойлгох хэлээр нь хүргэе гэж бодсон. Зөвхөн Монголд л байдаг соёлын элемент нэг бүрийг орчуулахад бэрх байсан. Тухайлбал мэхээр. Мэхээр гэдэг нь хулганы хөеө. Мөн гүзээтэй тос. Үгчлээд хүчээр орчуулж болно. Гэхдээ гаднынхан ойлгохгүй. Тиймээс номдоо QR код оруулсан. Уншигч тухайн кодыг уншуулаад монгол соёл ахуйтай холбоотой дүрс бичлэг үзэж болно” хэмээсэн юм.
Мэдээллийн эхэнд номыг Дастин Роулинс хянан тохиолдуулсныг бичсэн. Монголд 10 дахь жилдээ ажиллаж амьдарч буй тэрбээр “Манай гэр Өмнөд африкт байдаг. Гэрийнхэн маань фермтэй. Фермын аж ахуй болон Монголын малч ухаан, нүүдлийн мал аж ахуй асар ялгаатай юм билээ. “Хуучин байшингийн цэнхэр нүдэн” номыг хянан тохиолдуулсандаа баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан.
Түүнчлэн номын нээлтэд Ц.Дөлгөөний нагац ээж Д.Ичинхорлоо болон хөгшин ээж Д.Цэрэндулам нар нь иржээ. Нагац эмээ Д.Ичинхорлоо “Залуу байхад завгүй байжээ. Би сургуульд хими биологийн багш, хичээлийн эрхлэгч, нөхөр маань төмөр замд машинист байв. Завгүй учраас охиноо ой таван сартайд нь Төв аймгийн Мөнгөнморьт сумд аж төрдөг ээж, аавдаа үлдээж, найман настайд очиж авсан. Зун охиноо эргэж очиход аав минь “Оюу моринд дуртай. Адуугаа хаа ч байсан мордож очоод хураагаад ирнэ. Завгүй үед амар юм” хэмээн хуучилж билээ. “Хуучин байшингийн цэнхэр нүдэн” номыг би редакторлосон. Одооны хүүхдүүд бүгд эмээ, өвөө гэж ярих болсон. Уг нь ээжийн аав ээжийг нагац ээж, нагаж аав гэнэ. Харин аавын ээж, аавыг хөгшин аав, хөгшин ээж гэж дуудна. Энэ мэтээр үг хэллэгийн тал дээр охиндоо зөвлөсөн” гэв.
Номын нээлтэд сонирхолтой зүйлс олныг авчиржээ. Тухайлбал, зохиогчийн нагац эмээгийн 1934 онд үхрийн шир элдэж хийсэн цайны идээний уут, зүүний сав, хуруувч, нэрмэлийн данх зэргийг дэлгэсэн байв.
Баримтат уран сайхны зохиолын эзэн цэнхэр нүдэн багадаа хөдөө хэрхэн амьдарч байсан тухайгаа уг бүтээлдээ хүүрнэсэн юм. Уг номд морь унах дуртай жаахан монгол охин хөдөө хөгшин аав, ээж, дүүтэйгээ хүсэл мөрөөдлөөр дүүрэн хэрхэн амьдарсан тухай түүх бий. Зохиогч өмнөтгөлдөө “Хорвоогийн түмэн явдалтай өөр өөрсдийнхөөрөө учирч, ойлгож, ухаарч яваа мянга мянган хүүхэд, тэдний хайртай ээж, аав, эмээ, өвөөд зориулав” гэсэн байна. Мөн Монголынхоо тухай ойлголтыг гадаад ертөнцөд эергээр түгээж байгаасай гэсэн үүднээс бичсэн номоо англи хэл дээр хэвлүүлжээ.