-“Чи шүү” реалити шоунд оролцож, “Элсний нүүдэл” кинонд тоглосныг тань мэддэг. Та бас таеквондогийн спортоор хичээллэж, амжилт гаргаж яваа тамирчин. Урлагтаа үлдэх, эсвэл спортоор замнах уу гэсэн сонголттой тулгарч байв уу?
-Залуу хүний хувьд аль алиныг нь амжуулаад урагшлахыг хичээдэг. Таеквондогийн спортоос 2006-2008 онд түр завсарлаж, уран бүтээлдээ анхаарал хандуулсан. Тухайн үед хамтлагаа байгуулаад удаагүй байсан тул хугацаа зарцуулах шаардлагатай болсон юм. Гэхдээ хүн дуртай, сонирхдог зүйлээ хэзээ ч орхиж чадахгүй юм билээ.
-Шинэ оныг алтан цомтой угтлаа. АНУ-ын Флорида мужийн Окала хотод аварга болсон тухайгаа сонирхуулаач.
-Тамирчин бүр тив, дэлхийн хэмжээний тэмцээнд өрсөлддөггүй. Олон улсын таеквондогийн Монголын холбоо тамирчдынхаа дунд сонгон шалгаруулалт явуулж, тэмцээнд оролцуулдаг юм. Би шинэ оныг спортын хувьд одтой, хийморьтой, өөдрөг угтлаа. Манай тамирчид АНУ-д “Internation¬al christmas championship-2022” тэмцээнд амжилттай оролцон, багаараа III байрт шалгарч, хүрэл цом гардсан. Миний хувьд 92 кг-ын жинд насанд хүрэгчдийн ангилал, мөн сүүдэр тулаан буюу туль төрөлд (техник) тус бүр аварга боллоо. Өөртөө баярлахаас илүү тамирчдынхаа амжилтаар бахархдаг.
-Олон жилийн өмнө найзтайгаа хамтран таеквондогийн клуб байгуулсан гэж сонссон.
-20 жилийн өмнө Э.Энхтөр, Б.Мөнх-Оргил хэмээх хоёр жаахан хөвгүүн сургуулийн заал түрээсэлж, ITF таеквондогийн “Этмо” клубийг байгуулаад хүүхдүүдийг хичээллүүлж эхэлж байлаа. Манай клубээс төрсөн олон тамирчин бий. Тэдний олонх нь тив, дэлхийн хэмжээний медальтай.
-Клубийнхээ дасгалжуулагчаар ажилладаг таны хувьд уран бүтээл, тэмцээн гээд цаг хугацаа хурдан өнгөрдөг байх?
-Залуу хүн завгүй байх тусмаа сайхан. Ажлаа өдөр бүр төлөвлөж, амжуулахын тулд цаг хугацаатай уралддаг. Уран бүтээлээс гадна спорттой ч нөхөрлөдөг болохоор чөлөөт цаг гэдгийг мартах үе бишгүй. Намайг спорт, тэмцээн гээд гүйхээр хүмүүс “Урлагаа орхиж болохгүй шүү” гэж захидаг юм. Тэмцээний товлосон хугацаа дөхсөн үед бүр ч завгүй болчихно. Одоо холбооныхоо нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа. Урлаг, спорт, олон нийттэй харилцах ажил гээд тухтай амрах өдөр ховор.
-Тулааны дэвжээнээс хүртсэн шагнал тань тоолж баршгүй олон болсон уу?
-Би медалиа тоолдоггүй. 100 хол давсан. 2000 онд анх тэмцээнд оролцож хүрэл медалиар шагналынхаа салхийг хагалж байлаа. Тэр жилээ БНСУ-д болсон өсвөр үеийнхний ДАШТ-д эх орноо төлөөлж оролцсон юм. Би ялагдсан ч сэтгэлээр унадаггүй. Харин ялагдлаа өөртөө байнга сануулж, бэлтгэлээ шаргуу хийдэг. Миний хэлэх дуртай үг “Урагшаа, зоригтой, дайчин үзнэ шүү”. Тамирчдаа ийм үгээр зоригжуулах дуртай.
-Та дарс цуглуулах хоббитой. АНУ-аас ямар дарстай ирж, шинэ оныг угтав?
-Миний ээж дарс цуглуулах хоббитой. Бид дэмжсээр байгаад сүүлдээ гэр бүлийн хобби болчихсон. Спорт, урлагийн ажлаар хилийн дээс алхахдаа тухайн орны идээний дээжээс авчирдаг. Гадаадаас ирэхдээ зочдод задлах илүү дарстай ирдэг юм. Энэ удаа ч гэрийнхэнтэйгээ шинэ оныг өвөрмөц загвартай, гоё амттай дарстай угтсан. Аав, ээж минь архи, тамхи хэрэглэдэггүй. Тэр сайхан хүмүүжил нь бидэнд өвлөгдсөн. Хобби болгочихоор ууж, наргих хүсэл төрдөггүй юм билээ. Цуглуулгаа баяжуулахаас гадна очсон газар болгоныхоо музейг үзэх дуртай. Тэндээс тухайн улсын түүх, өв соёл, амьдралынх нь хэв маягийг олж харна. Хаана ч явсан Монгол шиг сайхан байгальтай, зочломтгой, найрсаг ард түмэнтэй орон байдаггүй. Тэмцээнд оролцохоор олон оронд хөл тавилаа. Тухайн улсын хөгжил, орчин, нөхцөл нь таатай санагддаг ч эх орон, гэрээ их үгүйлдэг. Онгоцноос буухад утаатай ч гэсэн Улаанбаатар хот ямар сайхан санагддаг гээч. Гэрийнхээ босгоор алхаад л сэтгэл уужирдаг. Сүүлийн үед хүний өсөж, төрсөн нутаг ямар гайхамшигтай болохыг мэдэрдэг болоод байгаа.