Шувууны томуугийн H3N8 вирус хүнд халдварласан анхны тохиолдол Хятадад бүртгэгдсэнийг тус улсын Эрүүл мэндийн үндэсний комисс мэдээлэв. “BNO news” агентлагийн уламжилнаар Хятадын төвийн Хэнань мужийн Жумадян хотын дөрвөн настай оршин суугч халдвар авсан нь тогтоогджээ. Энэ сарын 5-нд гэрийн тэжээмэл шувуунд хүрсэн хүү 10-нд эмнэлэгт хэвтсэн байна. Хүүгийн хамаатан садан бүгд эрүүл болохыг тогтоосон гэнэ.
Уг вирус хүнд үр дүнтэй халдварлах чадвар сул учраас тахлын томоохон эрсдэл үүсэх магадлал бага хэмээн дээрх комисс мэдээлжээ. Томуугийн H3N8 вирус шувуу, нохой, адуунаас илэрдэг. Өнөөг хүртэл энэ төрлийн вирус хүнд халдварласан тохиолдол албан ёсоор бүртгэгдээгүй. Үүний сацуу H3N8 нь 1889-1890 оны томуугийн цар тахлын шалтгаан болж, нэг сая орчим хүний аминд хүрсэн байж болзошгүйг тус агентлаг онцолжээ.
Бэлтгэсэн: З.Амгалан