Улсын онцгой комисс өчигдөр хуралдаж, коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тун, мөн “Ковид-19”-ийн эмчилгээнд ашиглаж буй эм, тариа, эмнэлгийн хэрэгслийн хангалт, нийлүүлэлт зэргийг хэлэлцэв. Вакцины гурав дахь тунг хийх, эсэхийг шинжлэх ухааны үндэслэлтэй судалж, үр дүнг ирэх сарын 20-ны дотор танилцуулахыг УОК-оос холбогдох байгууллагынханд үүрэг болгосон байна. Мөн дархлаажуулалтыг эрчимжүүлэх, эм, тариа, эмнэлгийн хэрэгслийн 30 хоногийн нөөц бүрдүүлэхийг Эрүүл мэндийн яамныханд даалгажээ. Ингэснээр “Ковид-19”-ийн улмаас эмчлүүлж байгаа иргэд өөрсдөө эм, тариа худалдан авдаг байдлыг ирэх сарын 1 гэхэд хална гэж УОК үзсэн гэнэ. Түүнчлэн өвчлөөд эдгэрсэн хүмүүст нөхөн сэргээх эмчилгээ хийх, энэ талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх ажлыг яаралтай зохион байгуулахыг нийслэл, аймаг, сум, дүүргийн эрүүл мэндийн байгууллагынханд үүрэг болгосон аж. Халдвар аваад эдгэрсэн иргэдэд уг нь нөхөн сэргээх эмчилгээ зайлшгүй шаардлагатай. Гэсэн ч халдварын тархалт ихэссэнтэй холбоотойгоор манай улс зөвхөн өвчилсөн иргэдэд л анхаарч, эдгэрсэнд нь шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлж чадахгүй байгаа юм.
Бэлтгэсэн Ч.Зул