Тус тусдаа нам байгуулаад, хуваагдлаа албан ёсных болгочих гэж зөвлөе, АН-ынханд. Та бүхэн эргэн нэгдэж, энэ улсын ирээдүйг тодорхойлох нөлөө бүхий хүчний хэмжээнд хүрч ажиллана гэдэг үлгэр боллоо. Дотоод маргаанаа төрийнх, түмнийх болгон турхирч байгаа та нараас айж байна, үнэндээ. Өнөөдөр Монголд бүхий л шатанд Ардын намынхан олонх болж, Төрийн тэргүүний сонгуулийг МАН-д “алдчихвал” нэг намын дарангуйлал тогтох нь гэж айж, айлгаж байгаагийн буруутан нь ч АН. Өнөөгийн эрх баригчид УИХ-ын сүүлийн хоёр удаагийн сонгуулиар үнэмлэхүй олонх болсон нь МАН-ын сайнд биш, АН-ынхны арчаагүй байдалд дөрөөлсөн ялалт байсан. Иймд нэг намын дарангуйлал гэж орилолдохоосоо өмнө өөрсдийнхөө бурууг бодитоор хар, АН-ынхаан.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэг намаас хоёр хүний хүсэлт хүлээн авахгүй нь ойлгоход хэцүү зүйл биш. Сонгуулийн ерөнхий хорооноос АН-ынханд “Маргаанаа шийдчихээд ир” гэж хэлэхийг нь ч тэд мэдэж л байсан. Харин АН-аас нэр дэвшихийг хүссэн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “аймаар” ууртайг хүмүүс тэр бүр мэддэггүй байсан болов уу. Тэрбээр уржигдар Сонгуулийн ерөнхий хорооны байранд байхдаа С.Эрдэнэ даргатай АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаярыг “дүүжилнэ” хэмээн заналхийлснийг харж, сонссон хүмүүс түүнийг Төрийн тэргүүнээр сонгох ёстой юу гэж нухацтай бодсон ч байж мэднэ. Хэрэв тэр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, муугаар бодоход ялагдлаа гэхэд суулт, өлсгөлөн байтугай ээлжит “долдугаар сарын 1”-ний “автор” болоход ч гайхах зүйлгүй нэгэн бололтой гэж бодоход хүргэж, айлгав. С.Эрдэнэ даргатай АН-ын дэд дарга О.Чулуунбилэг “Ерөнхий сайд, АН-ын даргаар ажиллаж байсан Н.Алтанхуяг ард түмний нэр барьж, хүн дүүжлэх тухай ярилаа. Үндсэн хуулийн өмнө тангараг өргөсөн УИХ-ын гишүүн ард түмнээр далайлган бусдын амь насанд заналхийлсэн нь тэвчиж болшгүй үйлдэл. Өнгөрсөн намар УИХ-ын гишүүн С.Ганбаатар Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж, өөрийгөө шатаах тухай ярьсан. Үүний дараа нэг хүн Төв талбайд өөрийгөө шатаасныг та бүхэн санаж байгаа” хэмээн анхааруулсан нь худлаа биш шүү дээ.
Үнэхээр ч нэгэн цагт АН-ыг эрх барьж байхад нь намаа удирдаж, Засгийн газраа тэргүүлж асан нэгэн бусдыг дүүжлэх тухай ярьж байхад АН-ын 10 гаруй гишүүн инээлдээд, жишим ч үгүй сууж, Үндсэн хуулийн бус зүйл ярьсан Н.Алтанхуягийг буруутгасан хүн рүү бөөнөөрөө дайрч суугааг нь харах хайран байлаа. Парламентын сонгуулиар дараалан үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын эсрэг хамгийн хүчтэй сөрөг хүчин байх учиртай АН-ын УИХ дахь бүлгийг удирдаж байгаа дарга Д.Ганбат нь “АН-аас сонгогдсон 13 гишүүн энд байна (Үнэндээ тус намын нэрээр УИХ-д сонгогдсон 11 хүн л бий). С.Эрдэнийн талд УИХ-ын ганц ч гишүүн байхгүй” гэж хэлэхийг нь сонсох ичгэвтэр байлаа. Эцсийн дүндээ “Ард түмний төлөөлөл болсон 13 гишүүн чиний өмнө сууж байна, чи дуугүй бай” хэмээн сонгуулийн төв байгууллагын удирдлага руу омогдож байгаа тэдэнд энэ улсын ард түмэн битгий хэл, намынх нь эгэл жирийн гишүүд ч үнэ цэнгүй бололтой.
Сонгуулийн төв байгууллагын удирдлагыг “бос, суу” гэж зандран, төрийн албан хаагчийг “банди” хэмээн цоллосон Н.Алтанхуяг тэргүүтнүүд эрх баригчид, тэр дундаа МАН-ын дарга, тус намаас Ерөнхийлөгчид нэр дэвших мандат аваад буй У.Хүрэлсүх руу улангасан дайрахаасаа ичих хэрэгтэй. Ганц МАН-ыг буруутгаад зогсохгүй хэвлэл мэдээллийнхнийг ч “Амандаа хахтал мөнгө чихүүлсэн” хэмээн доромжилсондоо уучлалт гуйх ёстой. Үнэхээр тэдний хэлээд байгаачлан МАН-ын удирдлагын даалгавар, явуулгаар АН-ынхан хагарч, сонгуульд ч оролцож чадахгүйдээ тулаад байгаа бол өөрсдөдөө л гомдож, асуудлаа дотроосоо хайх учиртай. 30 жилийн түүхтэй, Монголын ардчиллын өмчилдөг энэ нам дараалсан ялагдлын дараа улам ойртон нягтрах ёстой атал өрсөлдөгчийнхөө хатгаасаар ийн задарч байгаа бол тэд нам болж төлөвшөөгүй байна гэсэн үг. Парламентын засаглалтай Монголд АН улс төрийн гол институцийн үүргийг гүйцэтгэх хэмжээнд төлөвшөөгүйн илрэл энэ.
Н.Алтанхуягийн нэр дэвших хүсэлтийг хүлээн авахгүй байгаатай холбоотойгоор зарласан ҮАБЗ-ийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Намынхаа асуудлыг битгий төрийнх болго. Хөл хориотой ийм цаг үед олон нийтийг бужигнуулсан үйлдэлд уриалж болохгүй. Ер нь ҮАБЗ шүүх ч, Үндсэн хуулийн цэц ч, Сонгуулийн ерөнхий хороо ч биш. Сонгуулийн төв байгууллагын хараат бус байдалд халдаж болохгүй” хэмээсэн талаарх эх сурвалжийн мэдээлэл үнэн бол Засгийн газрын тэргүүний зөв. Нэр дэвшигчдийн бичиг баримтыг хүлээн авах, эсэхтэй холбоотойгоор өрнөсөн эл үйл явдлын мөрөөр эрх баригч намаас гаргасан албан ёсны мэдэгдэлд дурдсанчлан хөрш айл гэртээ зодолдчихоод буруугаа хажуу айлдаа өгч байгаатай адил зүйл гээд шуудхан хэлчихье. Парламентын өчигдрийн нэгдсэн хуралдааны эхэнд АН-ын бүлгийн гишүүдэд УИХ-ын дарга Г.Занданшатар “Намын дотоод зөрчлөө төрийнх хэмээн дэвэргэж болохгүй. Хагарлаа төрд нялзааж, хууль зөрчихийг шаардан, ард түмнийг төөрөгдүүлж, эмх замбараагүй байдал руу түлхэхийг оролдож байгаа үйлдлээ зогсоо. Эрх мэдлээ булаацалдсанаас үүдэлтэй асуудлаа дотроо цэгцэл. УИХ аль нэг намын дотоод зөрчлийг шийддэг газар биш” хэмээн шаардсан нь ч буруу биш.
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос Ерөнхийлөгч Х.Баттулга, С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж, З.Энхболд, Н.Алтанхуяг нарыг намынхаа байранд ирж, хэлэлцээрийн ширээний ард суухыг уриалсан ч талаар болсон. Сонгуулийн жил гарахаас өмнө эхэлсэн эл үл ойлголцол, тус нам дахь бүлэглэл хоорондын зөрчил, АН-ын удирдаж явсан хүмүүсийн маргаан нь нэр дэвшигчийг бүртгэх сүүлийн өдрийн хэдхэн цагийн дотор шийдэгдэнэ гэж ч юу байх билээ. Юутай ч тэд үйл хэрэг, ашиг сонирхлын хувьд мөр мөрөө хөөхөөр болсныг энэ өдрүүдэд өрнөж буй явдлууд баталж байна.
2016 оны ялагдлын дараах шинэчлэлээс авхуулаад сонгуулийн кампанит ажил нь хэр үр дүнтэй байв, өнгөрсөн хугацаанд сөрөг хүчний үүргээ хэр гүйцэтгэв гэхчлэн ярих зүйл бишгүй байсан, тэдэнд. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар намаасаа нэр дэвших эрх олж авч чадаагүй зарим нь бие дааж, эсвэл өөр нам, эвслийн нэрийн өмнөөс өрсөлдсөн нь АН-ын онооноос багагүй хумсалсантай адил үйл явц энэ өдрүүдэд өрнөж байна. Түрүү зунаас хойш намынхаа удирдлагад хариуцлага тооцож, шинэчлэлийн ажлыг шижигнүүлнэ гэж хүлээж байтал байгаа царай нь энэ. Хамгийн инээдтэй нь намынхаа дараагийн даргыг сонгох гэж байгаад хагарч, улмаар ялагдуулсан, хариуцлага хүлээх ёстой дарга нь “мандаж”, бүр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшчихлээ. Угтаа С.Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд яах ч аргагүй өрсөлдөхөөр боллоо хэмээн өөрийгөө зөвтгөж байгаа ч түүний “тэргүүлж” байгаа АН-аас тэр өөрөө нэр дэвшихгүй ч байж болох л байсан. Тэдний зохион байгуулсан цахим сонгуульд хэд хэдэн нэр дэвшигч өрсөлдсөнөөс хойш С.Эрдэнэ сунгаанаас сугарч үлдээд, бусдыгаа яагаад тултал нь дэмжиж болоогүй гэж. Нөгөө талаас хариуцлагыг нь үүрүүлээд явуулах ёстой байсан АН-ын олон мянган гишүүн яагаад түүнд дахин дахин итгэл хүлээлгээд байгааг нь ч гайхаж сууна.