Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн баасан гарагт хуралдлаа. Уг хурлаар дотоодын эдийн засгийн нөхцөл, цаашдын төлөвт эерэг өөрчлөлт гарсан хэдий ч геополитик, гадаад орчны тодорхой бус байдлаас үүдэн бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Өнгөрсөн онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын нөлөөгөөр инфляц буурч, энэ оны хоёрдугаар сарын байдлаар 6.5 хувь буюу зорилтот голч руу дөхсөн байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны А/1172 дугаартай Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн талаар авах арга хэмжээний тухай тушаалыг хүчингүй болгосноор хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлага цөөрчээ. Өмнө нь энэ тохиолдолд тухай бүрд нь хяналтын улсын байцаагч нарын дүгнэлт гаргуулан, бүртгэл хөтлөх процесс зэрэгт хугацаа маш их алддаг байсан юм.
Нийслэлийн зүгээс Дэлхийн банктай хамтран иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн олон үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг билээ. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таэхюн Ли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.