
Зураач Р.Чинзориг анхны үзэсгэлэнгээрээ “Урам” хайрлахыг уран зураг сонирхогчдоос хүсэж, удаахаар нь үзэгчдэд “Баясал” төрүүлсэн. Үүний дараа “Чөлөөлөлт”, “Залбирал” үзэсгэлэнгээ гаргасан тэрбээр энэ удаа “Сэтгэлээ нисгэ”-жээ. 2000 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг төгссөнөөсөө хойш тэрбээр монгол уран зургийг орчин үеийн урсгалтай хослуулан уран бүтээлээ туурвиж яваа юм.
-Өнгөрсөн долоо хоногт “Сэтгэлийн нислэг” үзэсгэлэнгээ уран зураг сонирхогчдод толилууллаа. Уг үзэсгэлэнгийн онцлог юу байв. Сэтгэл нисдэг гэсэн үг үү?
-Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд бие даасан шинэ үзэсгэлэнгээ гаргалаа. Уг үзэсгэлэнд гуч орчим бүтээлээ үзүүлсэн. Зураач нар дүрс, хэлбэр, өнгийг өөрийнхөө төсөөллөөр буулгаж, юунд ч баригдалгүйгээр илэрхийлдэг. Зөвхөн сэтгэлдээ байгаа зүйлийг илэн далангүй илчилж, түүндээ баярлан, түүгээрээ нисэж чаддаг хүмүүс.
-Өвөрмөц нэртэй юм. Бүтээлийнхээ нэрээр ийн нэрлэсэн үү?
-“Сэтгэлийн нислэг” гэж бүтээл надад бий. Харамсалтай нь, уг үзэсгэлэнд тэр бүтээлээ дэлгээгүй. Үзэсгэлэн гаргахын өмнөхөн зарагдчихсан.
-Монгол зургийн аргыг модерн төрөлтэй хослуулсан бүтээлүүд учраас их сонирхолтой санагдсан.
-Ихэнх нь модерн зураг. Зарим нь инстоляц. Зурах, өрөх урлагийг үзүүлэхийг хичээсэн нь тэр. Монгол зураг орчин үеийн урлагт их ойр. Хүний сэтгэлд хүрч, нэгийг бодогдуулах бүтээл туурвих нь урлаг шүү дээ. Үүнийг ойлгох хэсэгхэн хүн бий. Олонх хүн реалист зургууд үзээд дасчихсан. Гэтэл хүнд өөр мэдрэмж, өөр өнцгөөс харах сэдэл, мэдрэмж өгөхүйц бүтээлүүдийг ойлгодоггүй.
-Монгол зурагт гарч буй өөрчлөлт, шинэлэг бүтээлийг үзэгчид хэр ойлгож хүлээж авч байгаа бол?
-Ямарваа нэг уран бүтээл хийхэд хөгжил дэвшил гарч ирдэг. Тухайн уран бүтээлийг ганц ч болов үзэгч үзээд ойлгоно гэдэг чинь хөгжиж байгаагийн илрэл. Тухайн уран бүтээлд “Яагаад, юу хэлэх гэж хичээв” гэж эрэлхийлсэн байдлаар хандах юм бол биднийг бүрэн дүүрэн ойлгоно. Зөвхөн уран бүтээлчид нь хөгжөөд, үзэгчид нь хэзээ хойно “Тэр үед үүнийг л хэлэх гээд байсан байна шүү дээ” гэх мэтээр хожимдож ойлгодог байж болохгүй.
-Зураач хүн зөвхөн өөрт төрсөн мэдрэмжээ л зурах ёстой юу, эсвэл хүмүүст таалагдах бүтээл туурвих учиртай юм уу. Зарим зураач “Би өөрөө л доторхоо уудалж чадаж байвал хүмүүс ойлгох, эсэх нь хамаагүй” гэж ярьдаг юм билээ.
-Зураач хүний гол зорилго нь өөрийгөө олох, түүнийгээ илэрхийлэх шүү дээ. Гэхдээ түүгээрээ хүмүүст сэтгэлийн таашаал, ухаарал, мэдрэмж өгөх ёстой. Ингэж чадаж байж л уран бүтээлч гэж нэрлэгдэнэ.
-Таныхаар монгол зургийн гайхамшиг юунд оршдог юм бэ?
-Зурах технологи болоод үүсэл хөгжил, монголчуудын өв соёл, ахуй зэргээс улбаалан суурьшмал соёл иргэншилтэй орнуудыг бодвол өөрийн гэсэн өвөрмөц дэг жаяг, утга учиртай болж хөгжсөн. Монгол зурагт олон гайхамшигтай чанар бий. Тэдгээрээс онцолбол, дотоод сэтгэл, гүн ухаан, бясалгалаар дамжин хүний сэтгэл рүү орж чаддаг чанар. Уран бүтээлч нь бүтээл дотроо орж, хайрлаж энэрэх, гүн ухаанч сэтгэхүйтэй болж хөгждөгт л монгол зургийн гол чанар оршдог.
-“Хустайн нуруу” үзэсгэлэнд өвөрмөц бүтээлүүдээрээ оролцсон. Тэр бүтээлүүдийн санаа хэрхэн төрсөн бэ?
-Байгалийн үзэсгэлэнт, дархан цаазат уг газрыг бүтээлдээ шингээхийг хүссэн юм. Байгалийн дүр дүрслэлийг зурахаас илүү мөн чанарыг нь нээж өгөхсөн гэж хүслээ. Тийм ч болохоор тэндхийн хадан дээр зурж, мөн хус модны унасан хальсыг ашиглан бүтээл хийсэн.
-Зарим бүтээлээ муутуу цаасан дээр зурсан тань их таалагдсан. Одоо үед уран болон бийрэн бичлэг хийхэд л муутуу цаасыг ашиглаж буй. Уг төрлийн цаасан дээр зурдаг зураачид их ховордсон шүү дээ.
-Муутуу цаасан дээр зурах их гоё. Ус сайн шингээхээс гадна их хурдан зурахыг зураачаас шаарддаг. Зотон даавуун дээр зурахаас илүү ур чадвар шаардана.
-Зотон даавуун дээр тосон будгаар зурахад гаргасан алдаагаа засаж, давхарлан зурж болдог. Муутуу цаасан дээр зурахад алдаа гаргах эрхгүй байх.
-Тэр ч тийм шүү. Харахад гүйцэтгэл нь хялбар мэт боловч ур чадвар их шаарддаг юм. Зохиомжоо бүрэн гүйцэд, сайн гаргаж, төлөвлөж байж зурахгүй бол эргээд засах боломж байхгүй.
-Та уран бүтээлийнхээ санааг хаанаас олдог вэ. Юу таныг хөглөдөг вэ?
-Хүн өөрөө өөрийгөө зөв чиглүүлж чадна гэдгийг бүтээлээрээ харуулах дуртай. Би гүйх, бясалгах их дуртай. Гүйхээр бодол санаа цэгцэрч, тайван болдог. Тэр үед олон санаа, мэдрэмж төрдөг юм. Бүгдийг нь алдалгүй барьж авч чадвал маш их уран бүтээл төрнө шүү. Би аль болох хөнгөхөн, өөртөө амраар ажиллахыг хичээдэг. Уран зурагт санаа, зохиомж хамгийн чухал. Эдгээрийг сайн тодруулахгүй бол мянган өнгө гаргаж зураад ч хэрэггүй.
-Бясалгах нь таны уран бүтээлийн өнгө аяст өөрчлөлт авчрав уу?
-Бясалгах гэдэг чинь хэдэн өдрөөр завилж суугаад л хийдэг зүйл биш хэрэгтэй. Гол нь дотор хүнээ сонсож, бодлоо цэгцлэх хэрэгтэй. Тийм болохоор уран бүтээлд ч гэсэн өөрчлөлт авчирсан гэж боддог.
-Та гүн ухааны ном унших дуртай гэсэн. Энэ нь таны уран бүтээлд бас нөлөөлдөг болов уу?
-Гарцаагүй нөлөөлж байгаа. Аниргүйгээр өөрөө өөртэйгөө хүүрнэж, дотоод сэтгэлдээ хүч, ухамсар, гэрэл гэгээ оруулж байгаа. Энэ нь хайж байсан зүйлтэй минь зохицож, эргээд миний зурагт хувьсал гарах үндэс болсон. Миний уншсан зүйл надад нөлөөлж, уран бүтээлээр минь илэрч байгаа юм. Би уран бүтээлээ хүмүүсийн дотоод ертөнцөө нээх, өөрөө өөрийгөө олоход нь нөлөөлж байгаасай гэж бодож хийдэг.
-Та ямар өнгөнд дуртай вэ. Дуртай өнгөө бүтээлүүддээ хэр их ашигладаг бол?
-Өнгө болгон л гоё. Гэхдээ би шар өнгөнд их дуртай. Сүүлийн үеийн бүтээлүүддээ алтлаг шаргал, шар өнгө түлхүү ашигласан юм байна шүү. Энэ өнгө гэрэл гэгээ, баяр баясгалан, сэтгэл ханамж, сэтгэл дүүрэн байдлыг илэрхийлдэг мэт санагддаг. Өмнө нь улбар шар, хөх өнгөөр зурах их дуртай байсан.
-Нэг бүтээл “төрүүлэх”-эд хэр хугацаа зарцуулдаг вэ?
-Янз бүр л дээ. Монгол зураг бол жаахан хэцүү. Заавал нарийн зураас гаргаж будна гэх зэрэг дэг жаягтай. Нэг зураг зурах гэж долоогоос найман өдөр сууна шүү.
-Та аль нутгийн хүн бэ. Аав ээж, нутаг усныхаа тухай яриач?
-Миний ээжийг С.Толя гэдэг. Өмнөговь аймгийн уугуул. Аав маань Архангай аймгийн Цахир сумынх. М.Ренчин-Очир гэж хүн байлаа. Би Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд төрсөн.
-Гэр бүлээ танилцуулна уу. Хэдэн хүүхэдтэй вэ?
-Миний ханийг И.Золзаяа гэдэг. Лабораторийн эмч мэргэжилтэй. Манайх хүү, охинтой. Том нь долоо, бага нь дөрөвдүгээр ангийн сурагч.
-Та дүрслэх урлагийн мэргэжил хаана эзэмшсэн юм бэ. Хэн багшийн шавь бэ?
-Урчуудын эвлэлийн хорооны дарга асан Н.Чүлтэм гуайн охин Ч.Нармандах гэж багш байдаг. Намайг 1995 онд Дүрслэх урлагийн дээд сургуульд ороход тосож авсан багш минь. Зураач болох суурийг энэ хүн тавьж өгсөн. Багш маань зөвхөн зурахыг биш, яаж амьдрахыг хүртэл чиглүүлдэг, ээж шиг сэтгэлтэй хүн байгаа юм.
-Та одоо Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд ажилладаг юм билээ. Сэргээн засварлагч зураач манайд олон бий юү?
-Нэг их олон биш. Уг нь музей бүрт байх ёстой гэсэн шаардлага тавьдаг л юм билээ. Сэргээн засварлах технологийн талаарх мэдлэг зураач нарт дутмаг. Харин ур чадварын хувьд хэзээ ч гологдохгүй. Соёлын өвийн төвд зураач нарыг энэ чиглэлээр мэргэшүүлдэг юм. Манайд сэргээн засварлах шаардлагатай асар их өв, үзмэр бий. Дахиад хэд хэдэн музей байгуулах хэмжээний үнэт үзмэр бий шүү дээ. Харамсалтай нь, тэдгээрийг хүмүүст үзүүлж чадахгүй байна.
-Таны сэргээн засварласан хамгийн алдартай бүтээл юу вэ?
-1960-аад оны үед шатаж, тал нь үгүй болчихсон Дүнчигийн 36 бурхны зээгт наамлыг сэргээсэн. Одоо манай музейд үзэгчдэд үзүүлж байгаа.