
Эрт нэгэн цагт нүүдэллэхээс өөрийг мэддэггүй байсан хүн төрөлхтөн өдгөө эргэлт буцалтгүйгээр суурин амьдралыг сонгож, хамгийн эрс тэс, хөл хүрэмгүй гэгдэж асан газарт ч хот, суурин босгожээ. Ийм үед хотжилтын түүхийг эргэн харсан Британийн “The Guardian” сонины түүхэн цувралыг Г.Лхагвадуламын орчуулснаар долоо хоног тутамд “Ням гариг”-аар дамжуулан уншигчдадаа хүргэж байсан. Тодорхой шалтгааны улмаас “Их хотуудын цадиг” цувралыг долоо хоногт 2-3 удаа “Өнөөдөр”, “Ням гариг” сониноор дамжуулан хүргэх боллоо. Та бүхэн дэлхийн алдартай 50 хотын цадиг түүхийг уншаад, дугаар бүрийг хадгалбал нэг “ном”-той болно.
Америкийн өмнөд нутаг дахь Аризонагийн цөлийн яг дунд хэсэгт цементэн, бөмбөгөр орой, сонин содон загвартай нүсэр том барилгууд байх нь сансрын эриний Акрополис адил харагдана. Харь ертөнцийнх мэт энэ дүр байдал 1976 онд “Newsweek” сэтгүүлийн тодорхойлсончлон “Шинэ цагийн хотжилтын хамгийн чухал туршилт”-аас үлдсэн байгууламжууд юм.
Италийн уран барилгач Паоло Солери загварыг нь гаргасан Аркозанти хот хүн амын нягтрал ихтэй, битүү цементэн хавтан бүхий олон арван давхар орон сууцны хороолол, түүн дотор 5000 хүн амьдрах барилга хүртэл багтах, хот төлөвлөлтийн ухаанд хувьсгал авчрах шинэ суурин болох учиртай байлаа. Тус хотын оршин суугчид бүгд нэг салбарт буюу хонхны үйлдвэрт ажиллах бөгөөд энэ нь хотынхны эв эе, хоршил нийцлийг илтгэх байв.
Аркозанти нь авто машингүй, иргэд нь хоол хүнсээ өөрсдөө тарьж ургуулах, цахилгааны хэрэглээ нь маш бага, дан нарны эрчим хүчээр хангагдсан хот байхаар төлөвлөгджээ. Арав гаруй га талбай эзлэх уг хот руу нэвтрэх цэг дээр “Хэрэв та хөрс, агаарын бохирдол, хог хаягдал, эрчим хүчний хяналтгүй хэрэглээ, ядуурал, арьс өнгө, ангиар ялгаварлах үзэл, хүн амын хэт өсөлт, нийгмийн айдас түгшүүр зэрэгт санаа зовдог бол бидэнтэй нэгдээрэй” гэсэн бичиг байх.
Гэвч баригдаж эхэлснээс нь хойш 46 жил өнгөрөөд байхад уг төслийн биелэлт ердөө гурван хувьтай байна. Аркозантид өдгөө хагас дутуу баригдсан хэдэн барилгыг манах, судалгааны ажил хийх 50-иад хүн л амьдардаг. Тэд нэлээд олон км явж, хоол хүнсээ базаах ч хотын гэрэл цахилгаан, халаалтын нэгдсэн системийг хязгааргүй ашиглах давуу эрхтэй.
Гэхдээ Аркозантийн барилгын ажил зогссон мэт үзэгдэх ч сайн дурынхан болоод барилгын хэдэн ажилчин үе үе хувингаар цемент зөөж харагддаг. Хотын Козантийн сангийн дэд ерөнхийлөгч Жефф Штайны хэлснээр Аркозантийг барьж байгуулах ажил одоо ч үргэлжилж буй гэнэ. Тэрбээр “Хот маань олон мянган хүн амьдрах том суурин болохгүй байж мэднэ. Гэхдээ л бид бага багаар өсөж, хөгжиж байна. Хонхны үйлдвэрлэлээр л шинэ хот бүтээнэ гэдэг амаргүй” гэлээ.
Аркозанти нь 1970-аад онд олон улсад дэлгэрсэн хэт утопи буюу хотожсон соёлыг дээдлэх үзлийн нөлөөгөөр бий болсон төсөл юм. Харин тэрхүү үзэл нь газрын тосны хямралын дараа газар авчээ. Төсөл санаачлагч Паоло Солери Америкийн хотуудыг халдварт өвчинд дайрагдсан гэж үзсэн бөгөөд өөрийгөө нэгэн хэвийн, уйтгартай хотуудын харшилтай гэж ярьдаг байв. Төрөлх суурин болох Италийн Турин хот шигээ шигүү суурьшилтай бүс бий болгохыг зорьсон Солери Америкийн хотуудыг үрэлгэн, асар их хог хаягдал гаргадаг, байгаль орчин сүйтгэдэг, сордог элс шиг гэхчлэн дүгнэсэн нь бий. Тэрбээр мөн америкчуудын авто машин, техник технологи төвт амьдралын хэв маяг нь хүнийг ганцаардуулдаг, хот газрын төдийгүй улс орны эв нэгдлийг бусниулах урхаг нөлөөтэй гэж үзжээ.
Паоло Солерийн америк маягийн хотжилтыг эсэргүүцэх хандлага 1940-өөд онд Финикст зочилсон цагаас нь эхэлжээ. Тэрбээр нэрт уран барилгач Фрэнк Лойд Врайтад шавилахаар Америкт анх ирсэн бөгөөд ердөө жил гаруйн дараа багшаасаа хөндийрч, Врайтын Цэцэрлэгт хотын үзлийг эсэргүүцэх болжээ. Врайт мөнхүү үзлээрээ Америкийн өрх бүрт нэг акр буюу 0.4 га газар олговол өрхийн аж ахуй, газар тариалан хөгжинө, иргэн бүр эрүүл хүнс хүртэнэ гэсэн хандлагыг дэлгэрүүлсэн билээ. Харин Солери “Хот газрыг хөндлөн бус, босоо чигт хөгжүүлж, тэлэх хэрэгтэй. Иргэн, өрх бүрт газар олгохын оронд оршин суугчдыг нэгдмэл нэг зорилготой, нэг аж төрөхүйтэй байлгах нь чухал” гэж бичиж байв. Тэрбээр аркологи (архитектур, экологи гэсэн хоёр үгийн нийлбэр) хэмээн өөрийнхөөрөө нэрийдсэн хотжилтын шинэ төлөв хандлагын талаар лекц уншиж, олон арван нийтлэл өгүүлэл бичиж, хотын амьдрал мөлхөө ургамал шиг биш, харин олон салаа мөчиртэй, саглагар мод шиг байх ёстой гэж сурталдаж явлаа. Харин хотын барилга байгууламжийг шүрэн хадаас эхлээд Амазоны ширэнгэ, зэрлэг гөрөөсний нүүдэл, зөгийн үүр зэрэг байгалийн үзэгдэл юмс, дүр дүрслэлийг дуурайлган урлах санал гаргажээ. Солери бум бужигнасан том хот ч бай, жижиг суурин, гацаа тосгон ч бай маш бага газар эзлэх учиртай, тэгж гэмээнэ хөрс, ус, агаарын бохирдол бага үүснэ, эрчим хүчний зарцуулалт нь хэмжээ хязгаартай байна гэсэн бодолтой тул Аркозантид шинээр ирэгсдэд тус бүр нь 8x8 фут буюу 2.4 ам.метр газар тооцон олгож байлаа.
Өдгөө 71 настай Мэри Ходлей Аркозантид 1970 онд иржээ. Стэнфордын их сургуулийг антропологич мэргэжлээр төгссөн тэрбээр элсэн цөлд байгаль орчинд ээлтэй хот байгуулах санааг ихэд талархан хүлээж авсан байна. Хотын бүтээн байгуулалтад голдуу сайн дурынхан оролцож, оршин суугчид нь тус тусын газартай байхын оронд нэгэн бүхэл зүйлийн эд, эс болон хамтран нэг дор сууна гэсэн нь ч түүнд таалагджээ. Харин шинэ хотыг тавхан жилийн дотор баригдчихна гэж санасан нь эндүүрэл байсныг хүлээж байна. Солерийн төлөвлөгөөнд түүн шиг сэтгэл татагдсан хэдэн зуун хүн байлаа. Вашингтон хотын Коркораны галерейд Солери 1970 онд байгалийг дээдлэх үзэл, уран сэтгэмжийг хослуулсан загвараа танилцуулсан нь Америкийн түүхэн дэх уран барилгын үзэсгэлэнгүүдээс ганц хүний бие даан гаргасан хамгийн том үзэсгэлэн байв. Тэрбээр Аркозантийн зураг төслөө Нью-Йорк, Чикаго, Оттава, Беркли хотод мөн танилцуулжээ. Тийм нэгэн үзэсгэлэнгийн үеэр шинэ хотын дүр зурагт татагдаж, 1976 онд Аркозантид ирж суурьшсан, энэ жил 65 настай Томиаки Тамурагийн хэлснээр Солери бусдыг яриагаараа татаж чаддаг, хэнд ч итгэл үнэмшил төрүүлэхүйц илтгэгч байсан гэнэ.
Тамура өдгөө Аркозантийн архивын газрыг хариуцан ажилладаг. Уг архивт буй Солерийн зургуудаас түүний хамгийн том бүтээлийг бүрэн гүйцэд болгоход хэчнээн барилга байгууламж дутуу байгаа нь харагдана. Өдгөө сүндэрлэн буй, баригдаж дууссан барилгууд нь харин жижиг жижиг өрөөтэй, аварга том тагттай, 25 давхар орон сууц, 10 метр өндөр агуулахын байр зэрэг “Оддын дайн” кинонд л үзэгдэх сонин содон байгууламж юм. Аркозантийн бүрэн зургийг өнгөрсөн жил анх удаа 3D хэлбэрээр дижитал аргаар гаргажээ. Тэр нь гоёмсог цогчин дуганыг хотын чинээ болгон томсгож, тохижуулсан аятай харагдана.
Паоло Солери 2013 онд 93 насандаа өөд болжээ. Харин Аркозанти нь түүний биелээгүй мөрөөдөл, дуусаагүй зүүд болж үлдсэн байна. Түүний нэр өдгөө зүүд зөнгийн мэт хачин жигтэй хэр нь оршин суугч бүр нь жаргалтай байх, уран зөгнөлт хотод бус, хот төлөвлөлтийн түүхийг өгүүлэх хэдэн ном товхимол, өөрийнх нь эрхэлсэн зураг төслүүдийн эмхтгэл зэрэгт л дурдагдаж үлджээ. Гэхдээ Солерийн санаачилсан бүхэн ор мөргүй мартагдсан гэвэл үгүй. Аркозантигаас өмнөд зүгт 110-аад км зайд орших Финикс хотын иргэд жилд дунджаар 12 тэрбум ам.долларыг авто машиндаа зарцуулдаг, одоо ч хашаа хороогоор тусгаарлагдсан өөрсдийн жижигхэн “хаант” улсдаа амьдрах хүсэлтэй. Үүнийг эсэргүүцэгчид хэзээд нэг л жишээ татдаг нь Паоло Солерийн байгальд ээлтэй их хотын үзэл, магад Финиксээс ч илүү хот болон хөгжих байсан Аркозантийн биелээгүй дүр байдал юм.
Аркозантид 1989 оноос хойш нэг ч шинэ барилга ашиглалтад ороогүй аж. Гэвч тэнд амьдардаг Ходлей, Тамура нарын олон хүн итгэл найдвараа алдаагүй бөгөөд хот хөгжүүлэгч, хөрөнгө оруулагчдын шинэ үе хотыг нь гүйцээн босгоно гэдэгт итгэлтэй байна. Үүний тулд сонгодог загварын том, жижиг хонхнуудаа зарж борлуулах хэрэгтэйг Тамура онцоллоо.