Олон улсын хүний эрхийн байгууллага (Amnesty International)-аас цаазаар авах ялыг цуцлах тухай Монголын Засгийн газрын шийдвэрийг дэмжиж байгаагаа мэдэгдлээ.Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүний эрхийг хамгаалах талаар нааштай арга хэмжээ авч эхэлснийг үнэлэн энэ арга хэмжээ нь цаазаар авах ялыг зогсооход чухал алхам болсныг сайшаасан байна.
“Монголын Засгийн газар цаазаар авах ялыг цуцлахаар зэхэж байгааг Азийн бусад орон жишээ болгон дагах хэрэгтэй” хэмээн тус байгууллагын Ази Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал хэлсэн байна. Ази тивд дэлхийн бусад бүс нутгаас хавьгүй олон тооны хүн цаазлуулж байгаа гэнэ. 2008 онд гэхэд л Азийн 11 оронд 1838 хүн цаазын тавцанд амь насаа алдсан тоо баримт байна.
“Монгол, Хятад, Вьетнам, Ардчилсан Солонгос-т цаазлах ялны гүйцэтгэл төдийгүй бичиг баримтын бүрдүүлэлт нь ч чанд нууцлагддаг тул ил тод болгох шаардлагатай. Монгол орон улсын нууцад хамрагдах хууль журмаа өөрчилж, цаазтай холбоотой баримтуудыг илчлэх ёстой. Ил тод байдал бол чөлөөт нийгмийн үндэс юм. Монголын Ерөнхийлөгч 2009 онд гурван хүний цаазын ялыг өршөөсөн байна. Цаазлуулах хүний хоригдох нөхцөл маш муу гэсэн мэдээ бий. Цаазлахын өмнө гэр бүлийнхэнд нь мэдэгддэггүй, шарилыг нь ч ар гэрт нь өгдөггүй нь хүний эрхийг ноцтой зөрчсөн асуудал ” хэмээн дурдсан байна.
Дэлхийн улс орнуудын гуравны хоёр нь хуулиараа цаазаар авахыг хориглосон байдаг. 2007, 2008 онд НҮБ-аас цаазаар авах явдлыг зогсоох талаар гаргасан шийдвэрийг манай орон Хятад, Энэтхэг, Япон, Индонез, БНАСАУ, Малайз, Сингапур, Тайландтай хамт эсэргүүцэж байсан юм байна. 2008 оны санал асуулгаар 106 орон дэмжиж, 46 эсэргүүцэн, 34 орон түдгэлзсэн байна. Олон улсын хүний эрхийн байгууллага 2010 онд НҮБ-аас гаргах шийдвэрийг Монгол дэмжинэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.
2010 онд НҮБ-ын Хүний эрхийн хорооноос Монгол дахь хүний эрхийн байдлыг судлан шалгахаар зэхэж байгаа гэнэ
М.Сугар-Эрдэнэ