"Нууц дуран” энэ удаад манай улсын хүүхэд залуусын дунд чимээгүйхэн хүчээ авч буй хар тамхины эргэн тойрныг дурандав. Тэр дундаа хар тамхи болон мансууруулах бодис зардаг гэх шөнийн нэгэн клубийг илүүтэй сонирхсон юм.
Өнөөдөр дэлхийд дунджаар 200 гаруй сая хүн хар тамхи хэрэглэн, мансуурч, нийгэмд гэмт хэрэг, хүчирхийлэл, айдас түгшүүр бий болгож байна. Манай улсад л гэхэд 2000 оноос эхлэн хар тамхи, мансууруулах бодис, шар цавуу, хулдаас зэргийг үнэрлэн мансуурч, ухаан алддаг залуус эрс нэмэгдэж өнөөдрийн байдлаар 600 хол давжээ. Тэдгээрийн цаана ийн мансуурдаг 3000 орчим хэрэглэгч байдаг гэсэн тоо байна. Түүгээр ч зогсохгүй мансууруулах үйлчилгээтэй өвс, хар тамхи хэрэглэн, морфин судсаараа тарьдаг хүүхэд залуус орон нутагт руу хүрээгээ тэлж өргөжиж байгаа мэдээ сүүлийн гурван жил чих дэлслээ.
Ийнхүү манай улсад хар тамхины худалдаа, хэрэглээ газар авч тэр бүү хэл захын нэгэн шөнийн клубт архи, дарс шиг худалдаж байдаг болсон гэх. Түүнчлэн эдгээр зүйлсийг зардаг бүлэглэл, наймаачид улсын томоохон их, дээд сургуулиудын үүдийг амдан бэлтэй оюутнуудад бараагаа санал болгодог гэнэ. Хэрэв авахгүй, сонирхохгүй өнгөрвөл “Танай гэрийг чинь мэднэ шүү. Авахгүй гэж гөжөөд байвал гэрийг чинь энэ өвс шиг хормын дотор үгүй болгож чадна шүү” хэмээн сүрдүүлдэг талаар ХИС-ийн оюутан Э ярив. Мөн тэдгээр наймаачид ахны хэрэглэгч буюу сонирхогчдод мансууруулах өвсөө эхлээд үнэгүй өгдөг бөгөөд цаашид ч хэд хэдэн удаа зээлээр хэрэглэхийг санал болгодог аж. Ийнхүү 3-4 удаа хэрэглэсний дараа дахин хэрэглэх хүсэл өөрийн эрхгүй төрдөг учир энэ төрлийн наймаачдад худалдан авагч төвөггүйхэн олдог бололтой.
Дээд зэрэглэлийн “эд” нь хэр баргийн хүнд олддоггүй бөгөөд цэнгээний газрууд бийлэгжүү болоод байнгын үйлчлүүлэгч нартаа тусгайлан үйлчилдэг аж. Эдгээр газруудын тоонд III, IV хорооллын шөнийн клубүүд багтах бөгөөд тэр дундаа “SEA” нэртэй шөнийн клуб толгой цохидог байна. Түүнчлэн АСА циркийн хойно байрлах “Есөн трейд” компанийн мэдэлд байдаг ‘’Lan’’ /loung&pub/ цэнгээний газарт хөрөнгө мөнгөтэй томчуудад зориулсан дээд зэргийн мансууруулах бодис зардаг хүмүүс цуглаж бараагаа нийлүүлдэг талаар баттай эх сурвалжаас сонсож байсан удаатай. Эл цэнгээний газраар манайдаа томоохонд тооцогдох дуу бичлэгийн студынхэн тэр аяараа үйлчлүүлдэг бөгөөд хар тамхи худалдан авдаг ажээ.
Ийнхүү хар тамхи, мансууруулах бодисыг нууцаар худалдахаас гадна шөнийн клубүүдэд хэрэглэн зардгийг нүдээр үзэхээр III, IV хороололд байрлах “Sea” шөнийн клубийг зорив.
Нэгдүгээр сарын 15 /23.20 минут/
Миний мэдэхийн тус клуб одоогоос гурван жилийн өмнө үйл ажиллагаагаа явуулдаг байсан санагдана. Ийнхүү клуб рүү нэвтэрлээ. Хаа сайгүй үсэрч дэвхэцсэн залуус. Транс хөжмийн аянд толгой сэгсчин бүжиглэнэ. Архи, тамхи, хөлсний үнэр, бүгчим агаар гээд удаан суухыг хүсэх ч юм биш. Зөөгчид захиалгаа өгөөд бүжгийн талбайгаас зайдуухан нэгэн ширээнд суув. Хажуугийн ширээн дээр “Чингис” архины хоёр, “Боргио” шар айрагны арав гаруй шил хөглөрөх аж.
-Захиалсан зүйлээ аваарай. Өөр юм авах уу хэмээн ирсэн үйлчлэгчтэй ярилцлаа.
-Үүнийг дуусахаар дахин захиалъя. Ингэхэд танайхаар үйлчлүүлж, өвс зардаг хэдэн залуус ирдэг хэвээрээ биз дээ.
-Та нар яах гэж байгаа юм бэ. Тийм залуус огт байдаггүй шүү дээ.
-Уучлаарай манай найзад хэрэг болоод, тэгээд л танайх руу ирлээ. Энд зардаг шүү дээ, би өмнө нь авч байсан юм.
-Цаадуул чинь байгаа. Саяхан энүүгээр харагдаж байсан. Тэр булангийн ширээнд сууж байгаа цагаан цамцтай охиноос асуу. Тэр саяхан тэд нартай уулзаж харагдсан.
Бид өнөөх охин дээр очлоо.
-Сайн байна уу. Өвс зардаг банди нар чамтай түрүүн уулзсан гэсэн цаадуул чинь хааччихсан юм бол?
-Юу хаачсан гэж, өвсөндөө л явахгүй юү. Мань мэт нь л гэхэд 3-4 шүдэнзний хайрцаг авчихаар дуусна биз дээ /инээв/. Тэр чинь хэдийгээр ургадаг ч бас дуусдаг л байхгүй юү /тэрбээр мансуурчихсан байсан уу, согтуу байсан уу, биеэ хянах ямар ч чадваргүй болсон байв/.
Түүнээс тэр гэхийн аргагүй эхүүн үнэр ханхална.
-Цаадуул чинь тэгээд хэдийд ирнэ гэсэн бэ?
-За даа, ирэх болов уу даа. Энэ бааранд зарах ёстой хувиа зарчихсан хүмүүс чинь нөгөө баар руугаа яваа биз. Тэнд ч гэсэн чам шиг тэд нарыг хүлээгээд, над шиг мансуурах гээд тэсэж ядаж байгаа гарууд олон байгаа ш дээ. Тиймээс чи ойлго. Хожимдож ирсэн нь чиний хохь. Одоо тэгээд чи яана. Хариад унтаж чадахгүй байх даа. Миний авснаас хувь төлөөд хүртэх юм уу? /инээсээр/.
-Чи хэдэн төгрөгөөр авсан юм бэ?
-Нэг шүдэнзний хайрцагийг нь 20.000 төгрөгөөр. Яах вэ чиний зовлонг ойлгож, өрөвдөөд 15.000 төгрөгөөр өгч болж байна.
-Чи өнөөдөр хэдийг авсан юм. Надад өгчихөөр өөрт чинь хүрэхгүй болчихгүй юу?
-Чи одоо тэнгэрийн сахиус уу. Би чамд өгье гэж байгаа бол дуугүй л ав за /тэрний дуу нэлээд ширүүсэв/. Тэгээд ч би хоёр хайрцаг өвс авсан маргааш орой болтол хүрэлцэнэ.
-Чи өдөрт хэчнээн шүдэнзний хайрцаг хэрэглэдэг вэ. Өвс авах мөнгөө хаанаас олдог юм бэ?
-Өдөрт нэг л байхад хангалттай. Заримдаа илүү ч гардаг. Тэрийгээ сургууль дээрээ аваачаад хэрэглэдэг гаруудад зарчихдаг. Мөнгийг бол янз бүрээр олно ш дээ. Эцэг, эх маань АНУ-д амьдардаг, сар бүр хангалттай мөнгө явуулдаг болохоор надад болоод байдаг. Мөнгөгүй болчихвол хамаатнуудаасаа зээлчихнэ.
-Чи аль сургууль сурдаг юм бэ. Танай сургуулийнхан тэгж их хэрэглэдэг хэрэг үү. Сургуулийн захиргаа чинь мэдвэл яах болж байна.
-ШУТИС-ийн оюутан. Хэрэглэдэг оюутнууд зөндөө ш дээ. Мэдлээ гээд яадаг юм бэ, сайн л бол хөөнө биз. Монгол Улсад юу байна, их, дээд сургууль байна. Хэдэн төгрөг төлөөд л хүссэн сургуульдаа орчихдог биз дээ. Энэ сургуульд ч гэсэн би тэгж л орсон /түүний нүд сүүмийж, яриа нь удааширч эхлэв/.
-Чи ингэхэд энд ганцаараа ирээ юү?
-Үгүй ээ, найз залуутайгаа ирсэн. Тэр бас хаа нэгтээ өвсөө татаад сууж байгаа биз.
-Эцэг, эх чинь чамайг ингэж явааг мэдвэл яах бол, чи энэ талаар бодож байгаагүй гэж үү?
-Тэднийг бодоод мансууруулах өвс хэрэглэхээ больё гэж олон удаа бодсон. Нэгэнт орчихсон болохоор одоо яаж ч хичээгээд нэмэргүй. Чи ч гэсэн мэдэж байгаа биз дээ. Хэрэглэхгүй бол унтаж чадахгүй. Ам цангахад ус уух ямар сайхан билээ дээ. Өвс татсаны дараа яг тийм мэдрэмж төрдөг. Би ээждээ хайртай, гэхдээ хар тамхи, өвсөнд бүр ч илүү хайртай.
Тэрбээр ийнхүү ярилаа. 19-хөн настай энэ охин амьдралын сайхныг мэдрэх насан дээрээ архи, тамхи, мансууруулах бодист толгойгоо мэдүүлэн шөнийн цэнгээний газрын хир даг болсон буйдан дээр эгээ л гэртээ байгаа аятай тухална.
Д.Ихэрсувд