НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Шинжлэх ухаан, бодлогын хороо (SPI)-ны гишүүн, “Луужин” амьтан судлалын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал У.Тунгалагтай манай улсад болж буй COP17-гийн зохион байгуулалт, онцлог, гол ач холбогдлын талаар ярилцлаа. Тал хээр, бэлчээр нутаг судлалаар Монголд тoдийгүй олон улсад үнэлэгддэг тэрбээр цoлжилттэй тэмцэх конвенцын талуудын өмнөх хуралд Шинжлэх ухаан, бодлогын хорооны гишүүний хувиар оролцож, дэлхийн хэмжээний бодлого, шийдвэр гаргах үйл явцад судалгаа шинжилгээний түвшинд хувь нэмэр оруулж ирсэн манай туршлагатай, тэргүүлэх эрдэмтдийн нэг юм.
-Монгол Улсад болж байгаа Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) дуусах тун дөхөж байна. Энэ удаагийн хурлын онцлог болон эргэн тойронд oрнoсoн сонин сайхан үйл явдлаас хуваалцахгүй юу?
-Энэ удаагийн талуудын бага хурлын гол онцлог нь Риогийн гурван конвенц (Уур амьсгалын өөрчлөлтийн, Цөлжилттэй тэмцэх, Биологийн олон янз байдлын тухай)-ын уялдаа холбоо, шүтэлцээг хангаж, нэгдмэл түвшинд авч үзэж буй явдал юм.
Дараагийн онцлог нь манай Засгийн газраас санаачилж, НҮБ-аас баталгаажуулсан Бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн олон улсын жилийн хүрээнд дэвшүүлж буй бодлого, шийдвэрүүд байна.
Үндсэндээ дэлхий дахинд газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг хүмүүс хоёр хэсэгт хуваагдчихсан. Нэг хэсэг нь эрчимжсэн буюу фермерийн, нөгөө нь уламжлалт буюу нүүдлийн мал аж ахуй эрхлэх маягтай. Эрчимжсэн мал аж ахуйн чиглэл нь хаягдал ихтэй, эрчим хүчний зарцуулалт өндөр гэдэг үүднээсээ уур амьсгалд ихээхэн сөрөг үр дагавартай бол нүүдлийнх нь уур амьсгал, биологийн олон янз байдалд харьцангуй ээлтэй. Зардал мөнгөний хувьд ч эрчимжсэн мал аж ахуйн салбар өртөг өндөртэй. Гэтэл сүүлийн жилүүдэд ашиг шим, арилжааны механизм талаас нь эрчимжсэн мал аж ахуйг илүүд үзэх болж, эсрэгээр нь бэлчээрийнхийг анзаарч, анхаарахаа больсон. Монгол Улсын Засгийн газар яг энэ эгзэгтэй цаг үед бэлчээр нутгаа хамгаалах, нүүдлийн мал аж ахуйг дэмжих санаачилга гаргасан нь олон улсаас дэмжлэг хүлээсэн юм. Нүүдлийн буюу уламжлалт мал аж ахуйн соёлтой бүх орон үүнийг дэмжсэн. Энэ үүднээсээ COP17гийн үеэр эл сэдэв, санаачилгыг онцгойлон авч үзэж байна. Бэлчээр нутаг төдийгүй нүүдэлч, малч иргэдийн асуудлыг нухацтайгаар дэвшүүлж, хэлэлцэж байгаа нь сайшаалтай.
Өөр нэг онцлох өнцөг нь санхүүжилтийн асуудал. Тулгамдсан сорилт, бэрхшээлүүдийг олон улсын түвшинд хэлэлцээд, тунхаглал гаргаад өнгөрөх бус, хэрэгжүүлдэг, бодитоор шийддэг чиглэл рүү явъя. Ингэхдээ санхүү жилтээ илүү ухаалаг, үр ашигтай хуваарилъя, зарцуулъя гэдэг агуулгыг голчлон хөндлөө. Энэ удаагийн хурлын гол онцлог, давуу талууд гэвэл ийм байна. Мэдээж үүний цаана саар зүйлс ч бий.
-Сайн, саар аль алиныг хэлэлцэх нь хожмын үйл хэрэгт тустай гэдэг шүү дээ. Тэгэхээр сөрөг талыг нь ч дурдах хэрэгтэй болов уу?
-Хөтөлбөрт тусгасан байсан шинжлэх ухааны тайлан хэлэлцэх үйл ажиллагааг цуцалсан тохиолдол гарлаа. Мөн зарим нь нутгийн уугуул иргэдийн оролцоо, жендерийн тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлж чадсангүй. Үүнтэй холбоотойгоор нутгийн уугуул иргэдийн төлөөлөл эсэргүүцлээ илэрхийллээ. Тэд “Бид шийдвэр гаргасны дараа сонсдог бус, гаргахад нь оролцдог баймаар байна” гэдэг байр сууриас эсэргүүцэл зарлаж, хурлын талбайд тайвнаар жагссан.
-Та олон улсын хурал, зөвлөгөөнд бишгүй л оролцдог. Саудын Арабын ЭрРияд хотод хоёр жилийн өмнө болсон цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 16 дугаар бага хуралд ч оролцсон шүү дээ. Энэ удаагийн талуудын хурлын зохион байгуулалт, уур амьсгалд ямар үнэлгээ өгөх вэ?
-НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Шинжлэх ухаан, бодлогын хороонд 25 эрдэмтэн байдаг. Тэр дунд Монголоос ганц хүн багтдаг нь би. Эр-Риядад болсон өмнөх хурлын үеэр бид үйл ажиллагаандаа оролцохын тулд “Uber”-ээр такси дуудаад тусгай бүсүүд рүү зорчиж байлаа. Түгжрэлээс болоод хурлаасаа хоцрох, цагийг нь тулгаж ирэх гээд багагүй бэрхшээл тулгарсан. Харин Монголд ийм асуудал алга. Шинжлэх ухаан, бодлогын хорооны гишүүн эрдэмтэд маань ам сайтай байна. Зохион байгуулалтын хувьд өмнөх хурлаас ахисан гэдэг үнэлгээ өглөө. Сайн дурынхан онгоцны буудлаас эхлээд бүх газарт заавар, чиглэлийг маш сайн өгч байна гэсэн сэтгэгдэл сонссон. Зарим нь зохион байгуулагч орны иргэн гэдэг үүднээс надад хүртэл тусгайлан талархал илэрхийлсэн шүү.
-“Монгол Улс их хэмжээний хөрөнгө мөнгө, нөөц боломжоо үрэн байж ийм хурал зохион байгуулах хэрэгтэй юү” гэсэн асуултаас үүдэлтэй шүүмжлэл нийгэмд их байна. Цөлжилтийн конвенцын бодлогын хорооны гишүүнээр ажилладгийн хувьд COP17-гийн утга учир, ач холбогдлын талаар бодитой, баталгаатай мэдээлэл өгнө үү.
-Миний бодлоор манайхан талуудын бага хурлын талаар төдийлөн мэдээлэлгүй, ойлголт хомс байх шиг анзаарагдсан. Монгол Улс бол бэлчээрийн нүүдлийн мал аж ахуйг унаган төрхөөр нь авч яваа дэлхий дээрх цөөн орны нэг. Тэр утгаараа манай орны ахуй соёл, уламжлалт амьдралын хэв маяг олон улсын жуулчид, судлаачдын анхаарлыг татсаар ирсэн. Засгийн газар энэ давуу тал, манлайллыг олж хараад, ойлгоод цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын хурлыг эх орондоо зохион байгуулж байгаа нь сайшаалтай. Наймдугаар сарын эхээр Нүүдлийн мал аж ахуйн эрхлэгчдийн чуулган гэж томоохон үйл ажиллагаа зохион байгууллаа. Мөн 2026 оныг Бэлчээр, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгох санаачилга гаргаж, батлууллаа. Энэ бүгдээс үзэхэд Монгол Улс нүүдлийн мал аж ахуй, бэлчээр нутгийг хамгаалах чиглэлд олон улсын түвшинд манлайллын үүрэг гүйцэтгэж байна. Нөгөөтээгүүр, манай орны нийт бэл чээрийн 65-70 хувь нь ямар нэг хэмжээгээр өөрчлөлтөд орж, доройтчихоод байгаа. Гэтэл хөгжиж буй гэдэг статустай орны хувьд төсөв санхүүжилтийн бэрхшээлтэйд тооцогддог. Тиймээс манай орныг зориод ирж байгаа төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөллүүд, донорууд, хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдэд өөрийнхөө улсыг ойлгуулж, санхүүжилт татах нь том боломж юм. Яах вэ, хурлын зохион байгуулалтаас болоод хотод оршин суудаг иргэдийн өдөр тутмын амьдралд төвөг чирэгдэл учирч байхыг үгүйсгэхгүй. Талуудын бага хурлыг зохион байгуулах санаачилга гаргасан бүх улсад түр зуурын ийм бэрхшээл тохиолддог. Урт хугацааны үр өгөөжөө бодоод энэ асуудалд хүлээцтэй хандах хэрэгтэй болов уу.
-Бага хурлын өдрүүдэд маш олон зэрэгцээ хэмжээ болж байна. Байгаль хамгаалал, ногоон хөгжил, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх чиглэлээр өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг олон нийтэд танилцуулахаас эхлээд шинэ санаачилга, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын боломжуудыг энэ мөчүүдэд нээж буй. Таны хувьд хамгийн их анхаарал татсан үйл ажиллагаа, онцлох сэдэв юу байв?
-Тал хээрийн экосистемийг онцгойлон судалдаг хүний хувьд бэлчээрийн асуудалд маш их санаа зовдог. Монгол Улсын Засгийн газар энэ чиглэлд амбицтай, зоригтой алхам хийж, “Тал хээрийн төлөвлөгөө” санаачилгыг дэвшүүлсэнд олзуурхаж байгаа. Эх орондоо, өөрсдийнхөө нутаг дэвсгэрт олон улсын хурал зохион байгуулж байгаагийнх шинэ санаачилга, үйл ажиллагааны хөтөлбөр гаргах нь зүйтэй шүү дээ. НҮБ-ын гишүүд, дэлхийн бусад орон, олон улсын томоохон байгууллагууд үүнийг хэрхэн хүлээж авч, ямар түвшинд дэмжихийг мэдэхгүй. Гэхдээ санаачилга дэвшүүлээд, олон улсын түвшинд танилцуулж байгаа нь хамгийн чухал.
-Шинжлэх ухаан, бодлогын хорооны гишүүд COP-д ямар түвшинд оролцож ирсэн талаар дэлгэрүүлэхгүй юү?
-НҮБ-ын бүх конвенцын улс орноос дэвшүүлж байгаа санаачилга, хөтөлбөр болгон шинжлэх ухааны үндэслэлтэй байдаг. Конвенц болгоны дэргэд эрдэмтдийн баг ажилладаг. Цөлжилтийн конвенцын тэр бүтэц нь Шинжлэх ухаан, бодлогын хороо юм. Энэ хорооны гишүүдийн гол үүрэг нь бодлого, шийдвэр гаргагчдыг шаардлагатай мэдээ, мэдээлээр хангаж, чиглүүлэх. Тухайлбал, COP буюу цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын бага хурал хоёр жил тутамд болдог. Тэгвэл нэг хурлаас дараагийнх хүртэлх хугацаанд шинжлэх ухааны ямар чиглэлүүдэд шинэ бүтээлүүд гарав, онцлох буюу эргэлтийн чанартай судалгаанууд хийсэн үү, тэдгээрээс НҮБ-ын гишүүн орнуудад нутагшуулчихаар нь юу байна вэ гэдгийг хорооны гишүүд гаргаж ирдэг. Цөлжилтийн конвенцын тухайд “Global land outlook” буюу Дэлхийн газрын төлөв байдлын тайлан хэмээх шинжлэх ухааны гол мэдээллийг гаргадаг. Энэ жил COP17-гийн хүрээнд гурав дахь тайлангаа танилцуулаад байна.