ХБНГУ-ын Ерөнхийлөгч Кристиан Вульфийг тойрсон дуулиан сүүлийн хоёр сарын турш улам газар авч, тэрбээр албан тушаалаа орхиход хүрсэн билээ. Тус улсын эрх баригч эвслийнхэн (Христийн ардчилсан холбоо, Христийн нийгмийн холбоо, Чөлөөт ардчилсан нам) зөвлөлдсөний эцэст Төрийн тэргүүнд Йоахим Гаук нэр дэвших болсныг Канцлер Ангела Меркель нийтэд зарлалаа. Эрх баригчдын эл шийдвэрийг сөрөг хүчний Нийгмийн ардчилсан нам, Ногоон намынхан ч дэмжиж буйгаа илэрхийлэв. Йоахим Гаук Зүүн Германы (хуучнаар) сөрөг хүчний хөдөлгөөний удирдагч байсан юм. Тэрбээр 2010 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний эвслээс нэр дэвшсэн ч ялагдсан. Германы хэвлэлүүдэд түүнийг “Ерөнхийлөгчийн үүргийг нэр төртэй гүйцэтгэж чадах хүн” хэмээн тодорхойлж байна. Йоахим Гаук эрх баригчдад болон ард түмэндээ хандан “Надад итгэл хүлээлгэж байгаад талархаж байна” хэмээн өгүүлжээ. Түүний зэрэгцээ “Bild am Sonntag” сониноос явуулсан санал асуулгын дүнд Германы хоёр иргэн тутмын нэг нь Йоахим Гаукийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн аж. ХБНГУ нэг сарын дотор буюу ирэх гуравдугаар сарын 18-ны дотор шинэ Ерөнхийлөгчөө сонгох ёстой.