Солонгосын дайн дууссаны 72 жилийн ой энэ лхагва гарагт тохиолоо. Үүнтэй холбогдуулан зохиолч Робин Хаттоны “Сержант Реклесс: Солонгосын дайны морь” хэмээх ном Өмнөд Солонгост орчуулан худалдаанд гаргасан нь олны анхаарал татаж байна. Энэ дайны хамгийн ширүүн тулалдааны үеэр онцгой үүрэг гүйцэтгэсэн монгол адууны тухай өгүүлсэн аж. Түүний нэрийг Реклесс гэдэг байж. 1953 оны гуравдугаар сарын 26-нд Гёнги мужийн Ёнчон хошуунд байрлаж асан АНУ-ын Тэнгисийн явган цэргийн нэгдүгээр дивиз болон Өмнөд Солонгосын цэргүүд рүү Хятадын арми довтолсон байна. Таван өдөр үргэлжилсэн уг тулаанд АНУ болон Өмнөд Солонгосын талаас 1000 гаруй хүн үрэгдэж, Хятадын зүгээс 3000 орчим цэргээ алдсан гэнэ. Тэрхүү байлдаанд Реклесс амь хайрлалгүй сум тээвэрлэж, шархадсан цэргүүдийг аюулгүй газарт хүргэсэн нь олон хүний амь аварсан аж.
Анх түүнийг “Ачимхэ” буюу “Өглөөний дөл” хэмээдэг байсныг тус номд дурджээ. Уг адуу монгол угшилтай бөгөөд Өмнөд Солонгост төрж байж. 1952 онд АНУ-ын цэргийн дэд ахлагч Эрик Петерсон Сөүл хотын уралдааны талбайд ирж, уул хадтай бүсээр сум зөөх морь хайж байхад түүний эзэн Ким Хёк Мүн минад өртсөн эгчдээ хиймэл хөл авч өгөх хэрэгтэй байсан тул Реклессийг 250 ам.доллароор зарсан аж. Ахлагч Уиллард Берри “Түүнд өндөгтэй хуурга, кофе, самрын тос, нөөшилсөн мах, кока кола, шар айраг, виски хүртэл өгдөг байв. Тэр цэргүүдийг хөгжөөж, тэдний нэг юм шиг л байсан” хэмээн дурсжээ.
Дээрх тулалдаанаас дөрвөн сарын дараа Солонгосын зэвсэгт мөргөлдөөн зогсож, хурандаа Эндрью Гиер өнөөх Реклессийг “ахлагч” цолоор шагнасан байна. “Saturday evening post” сэтгүүлд монгол адууны талаар нийтлэл гарч, бүх Америкийн од, үндэсний баатар болох нь тэр. 1957 онд Реклесс “ахлах ахлагч” цол хүртсэн нь АНУ-ын тэнгисийн цэргийн түүхэнд анхны тохиолдол байв. Харамсалтай нь, Реклесс 1968 оны тавдугаар сарын 13-нд хөлийн бэртэл, нурууны артерийн хүндрэлээс болж амьсгал хураасан байна. АНУ-д түүний таван хөшөө бий бөгөөд 2018 онд Өмнөд Солонгост тулалдаан болсон газрын ойролцоох Ёнчон Горанпо түүхэн паркт Реклессийн дурсгалыг бүтээсэн нь түүний баатарлаг гавьяаг мөнхлөн үлдээснийг зохиолч онцолжээ.
Д.Хэрлэн