Дуу чимээний бохирдол нь Европ даяар эрүүл мэнд, эдийн засаг, байгаль орчинд ноцтой хохирол учруулж байгааг Европын байгаль орчны агентлаг (ЕБОА)-аас анхаарууллаа. Тус агентлаг “Европын холбооны 110 сая хүн буюу нийт хүн амын тавны нэг нь автозамын хөдөлгөөний дуу чимээнд тогтмол өртөж, нойргүйдэл, зүрх судасны өвчлөл, сонсголын эмгэг, сэтгэл зүйн хямрал зэрэг эрүүл мэндийн асуудалтай тулгарч байна” хэмээн үзжээ. Түүнч¬ лэн жил бүр дуу чимээний бохирдлын улмаас Европт 66 мянга гаруй хүн цаг бусаар нас барж, 100 тэрбум еврогийн эдийн засгийн хохирол учирдаг гэнэ.
Тэгвэл Монгол Улс, ялангуяа нийслэл Улаанбаатар хот мөн адил дуу чимээний бохирдол ихтэй. Байгаль орчны мэдээллийн сангийн 2024 оны судалгаанд “Улаанбаатар хотын хүн амын 40 хувь нь хүлцэх дээд хэмжээнээс давсан буюу дуу чимээний бохирдлын түвшин 75 дБ-д хүрсэн байна” гэж онцолжээ. Энэ нь ДЭМБ-ын зөвлөмжөөс хэтэрсэн үзүүлэлт юм. Авто зам дагуух орон сууцын хороололд шөнийн дуу чимээний түвшин 70 децибелээс дээш гарч хотын иргэдийн амь, эрүүл мэндэд хохирол учруулсаар байна.
Уг нь Монгол Улсын Засгийн газар 2020 онд “Нийслэлийн дуу чимээний бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” баталсан ч бодит ажил хийгээгүй гэхэд хилсдэхгүй. Уг хөтөлбөрийн хүрээнд авто зам дагуу дуу намсгагч хаалт, ногоон байгууламж нэмж байгуулах, дуу чимээ хэмжих төхөөрөмж суурилуулах зорилт тавьсан. Гэвч өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд суурилуулсан дуу чимээний хяналтын төхөөрөмж 10-аадхан байгаа нь бодитой хяналт хийж, үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх түвшинд хүрээгүй гэсэн үг.
Европын холбоо 2030 он гэхэд дуу чимээний бохирдлыг 30 хувиар бууруулах зорилт тавьсан бол Монголд ийм тодорхой хугацаатай, хариуцлагатай амлалт үгүйлэгдсээр. Манай улсад дуу чимээний бохирдлыг байгаль орчин, хүний эрхийн асуудал биш, зүгээр л “хотжилт дагасан төвөг” мэтээр хандаж ирсэн нь асуудлыг улам даамжруулж буй юм. Олон улсын жишгээр бол дуу чимээ нь “чимээгүй алуурчин” гэж нэрлэгддэг. Энэ нь удаан хугацаанд хүний биед хуримтлагдан олон өвчин эмгэг үүсгэдэг. Гэсэн ч иргэд өөрсдийнхөө эрүүл мэндийг хайхрахгүй, төр засаг нь ч зорилтот бодлогоо хэрэгжүүлэхгүй байсаар. Эрүүл, аюулгүй амьдрах орчны нэг гол үзүүлэлт болох дуу чимээний бохирдолд төр засгаас хэзээ анхаарах вэ.
С.Энхжаргал