Аагим халуун өдрүүд үргэлжилж байна. Хэт халуунаас үүдэн таны ажлын бүтээмж муудаж байвал ганцаараа биш гэдгээ санаарай. Уур амьсгалын өөрчлөлт, ойн түймэр, хотжилт, хүлэмжийн хийн ялгарлаас шалтгаалан сүүлийн жилүүдэд дэлхий даяар эрчимтэй халж буй. Энэ нь эрүүл мэндэд халтайгаар зогсохгүй олон сая хүний амьжиргаа, ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлөн, эдийн засгийн хохирол учруулж байгааг судлаачид анхааруулж байна. Жил бүр дэлхийн нийт ажиллах хүчний 70 орчим хувь нь хэт халалтаас үүдэх эдийн засгийн эрсдэлд өртдөг бөгөөд 2023 онд л гэхэд 512 тэрбум ажлын цаг дэ¬мий үрэгдсэн нь 1990-1999 оны дундажтай харьцуулахад 49 хувиар өссөн аж.
“Annual Review of Resource Economics” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд дурдсанчлан ийм эрсдэлд ялангуяа газар тариалан, барилга, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарынхан өртөмхий гэж үзжээ. Тухайлбал, манай улсын барилгын салбарын ажиллах хүч улирлын чанартай ажилгүйдэлд өртдөг нь нууц биш. Урин дулаан цагт ид ажиллах үеэр хэт халдаг нь бага бүтээмжээр жаахан орлого олох, эсвэл эрүүл мэндээ зольж ажиллах гэсэн сонголтод хүргэж байна. Харин эдийн засагчид “Хэт халалт нь гадаа ажиллаж буй хүмүүс төдийгүй дотор орчинд ажиллагсдын хөдөлмөрийн бүтээмжид ч нөлөөлж, тэдний цалин орлогыг бууруулж буйг санах хэрэгтэй. Мөн халуунд гадаа ажиллаж буй хүмүүсийг хамгаалах бодлого шаардлагатай байна” хэмээсэн аж.
Хамгийн гол нь хэт халуун нь зүрхний цохилтыг хурдасгаж, стресс үүсгэдэг тул сэтгэн бодох чадварыг бууруулж, улмаар бүтээмжид сөргөөр нөлөөлдөг гэжээ. Ерөнхийдөө 24-27 градус нь хүн ажиллахад хамгийн таатай хэм гэнэ. Үүгээр тогтохгүй, нарны хэт ягаан туяа нь арьсны гүнд нэвтэрч, эд, эсийг гэмтээдэг бөгөөд арьсаа хамгаалахгүй бол эрт хөгшрөх, цаашлаад хорт хавдар тусахад хүргэдэг. Иймд хэт халуунд ус ууж, сүүдэрт байхаас гадна арьсаа түлэгдэхээс сэргийлж нарны тос түрхэн, малгай өмсөж, нүдний шил зүүх нь ажлын бүтээмжээ ч “хамгаалж” буй хэлбэр гэнэ. Сонирхуулахад, хэт халалтаас шалтгаалан шөнөөр ажиллах хандлага Бразил улсад дэлгэрсэн байна. Гэвч ингэх нь бие, сэтгэл зүйн хувьд урт хугацаандаа сөргөөр нөлөөлж, гэр бүлтэйгээ өнгөрөөх цагаас хумсалж байгааг ажилчид учирлаж буй аж.
Д.Хүслэн