Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Энэ онд Улаанбаатар хотын гэр хорооллынхонд сайжруулсан түлш түлүүлэхгүй. Оронд нь импортын хагас кокс нийлүүлнэ” гэж саяхан мэдэгдэв. Уг нь тэрбээр одоогоос хэдхэн сарын өмнө “Шахмал түлшний найрлагыг өөрчлөх судалгааны ажлыг эхлүүлсэн” талаараа мэдээлж байсан юм. Дараа нь сайжруулсан түлшний найрлага дахь мидлингийг халж, оронд нь “Эрдэнэс Тавантолгой”-н тэг давхаргын нүүрсээр шинэ түлш үйлдвэрлэхээр болсноо зарласан. Түүнчлэн айл өрхүүд хатуу түлшний хэрэглээнээс сайн дураар татгалзсан тохиолдолд нийслэлээс хийн түлшний зуух олгоно, утааны голомтод байгаад нь стандартын шаардлага хангасан, давхар шаталтат зуух тараана, гэр, байшингийн дулаалгыг сайжруулахад анхаарч ажиллана хэмээн төлөвлөгөөгөө танилцуулж байлаа. Гэтэл өдгөө хагас кокс хэрэглэхээс өөр замгүй, ин¬гэж байж л иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаална, эдийн засгийн хувьд ч хэмнэлт хийх боломжтой гэж эрс шийдэмгийгээр “тулгаж” байна.
Эндээс бий болсон “сайжруулсан гэх түлшний чанар, найрлагыг өөрчлөх судалгааны үр дүн юу болов”, “хатуу түлшнээс сайн дураар татгалзсан өрхүүдийг хийн зуух, цахилгаан халаагуураар “урамшуулах” санаачилга хэрхсэн”, “шахмал “хар”-д зориулж олон тэрбумаар барьсан баруун, зүүн бүсийн үйлдвэрүүд үнсэнд хаясан шалз шиг орхигдох уу”, “гэр хорооллынхны хэрэглээнд шинээр нэвтрүүлэх хагас коксыг яагаад заавал импортоор авахаар шийдвэрлэв” гэх зэрэг тодорхойгүй, эргэлзээ дагуулсан олон асуултад нийслэлчүүд ээрэгдэн үлдэх нь. Хотын даргын хэлсэнчлэн бид ирэх өвлөөс эхлэн угаарын хийг нь шүүж устгасан, ямар ч бохирдолгүй түлш хэрэглэх юм бол утаагүй, яндангүй бүс байгуулж, олон мянган өрхөд зуух, халаагуур тарааж, төсөвт дарамт учруулах хэрэг ер нь байна уу гэх асуулт ч зүй ёсоор урган гарч байна. Одоогийн нөхцөл байдлаас нэг л зүйл маш тодорхой, ойлгомжтой байгаа нь нийслэлийнхэнд агаар, орчны бохирдлыг бууруулах нэгдсэн бодлого, төлөвлөгөө гэдэг зүйл ер алга. Тиймдээ ч 20252026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах цаг хугацааны “тоолуур” гүйж талдаа орсон үед, хэдхэн сарын өмнө хэлж ярьж байснаасаа буцан ийм мэдэгдэл хийж, нийслэлчүүдийг гайхшируулах бол¬лоо. Үүний цаана улаанбаатарчууд ирэх өвөл гал алдахгүй өвөлжих үү гэдэг хамгийн чухал бөгөөд том асуулт бий.
ЭРХ МЭДЛИЙН ТӨВЛӨРӨЛД ХИЙ ЭРГЭСЭН ЖИЛҮҮД
Үе үеийн хотын удирдлагуудаас хамгийн их эрх мэдэл, боломж, хөрөнгө санхүүжилтийг өөртөө төвлөрүүлсэн нь Х.Нямбаатарыг гэлцдэг. Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллах хамгийн таатай боломж, онцгой эрх мэдлийг ч тэр гартаа авсан. Хотын даргаар томилогдсон даруйдаа нийслэлийн төвлөрөл, түгжрэлийг сааруулж, орчны бохирдол, доройтлоос үүсэх нийгэм, эдийн засгийн нөлөөллийг бууруулах зорилготой гэх Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг “ногоон гэрэл”-ээр батлуулсан. Одоо үүнийхээ хүрээнд дахин төлөвлөлт, орон сууцжуулалтын олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Түүнчлэн Х.Нямбаатарыг 2023 оны намар нийслэлийн Засаг даргаар томилогдсоны дараахан Засгийн газар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог татан буулгаж, чиг үүргийг нь нийслэл рүү шилжүүлэн, тухайн онд хуваарилсан байсан 20 гаруй тэрбум төгрөгийн захиран зарцуулах эрхийг ч хотын удирдлагад олгосон. Ингээд тэр өнгөрсөн оны сүүлчээр тус хороог сэргээн байгуулах хүртэл дураараа “тонгочсон”. Мөн яндангүй, утаагүй бүс бий болгох гол зорилго бүхий, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолын төслийг хагас жил гаруйн өмнө Засгийн газрын хуралдаанаар батлуулсан. Үндсэндээ одоогийн хотын удирдлагууд утаатай тэмцэх чиглэлээр “тэргүүн фронт”-д ажиллах үүргийг хүлээж, энэ хэрээрээ бүх эрх мэдлийг өөрсдөдөө төвлөрүүлсэн, тоо томшгүй олон баримт бичиг баталсан юм. Нийслэл дэх сайжруулсан түлшний үйлдвэрүүдийн менежментийг хүртэл хот хариуцах болсон. Харамсалтай нь, тэд өөрсдөд нь олгосон тэр их боломж, бүрэн эрхийнхээ хүрээнд үр дүнтэй ажиллаж чадсангүй, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээрх бодлого, үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөгөө ч дорвитой тодорхойлж, олон нийтэд таниулж барсангүй. Эцсийн дүндээ шахмал түлшээ халаад, үйлдвэрүүдээ хаагаад, шинэ туршилт хийхээр эргэлт буцалтгүй шийдэв бололтой.
УЛИГ БОЛСОН, ҮР ДҮНГҮЙ АЖЛУУД
Нэг жил найман сар. Хотын одоогийн удирдлагын баг нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах ажлыг албан ёсоор “хүлээж аваад” ийм хугацаа өнгөрч байна. Богино юм шиг боловч ихийг амжуулах, суурь асуудлуудаа шийдэхэд хангалттай хүрэлцэхүйц хугацаа. Хотын удирдлагууд энэ хугацаанд бодитой ямар ажил хийв гээд эргээд харвал 28.3 тэрбум төгрөгөөр 32 мянган ширхэг “утаагүй зуух” худалдаж авах тендер зарлажээ. Хамгийн сүүлд урд хөршөөс 226 тэрбум төгрөгөөр 300 гаруй мянган тонн хөх нүүрс буюу хагас кокс импортлох тендерийг энэ сарын 13-нд зарлав. Үндсэндээ тэд төсвийн хөрөнгийг үр дүнгүй зарцуулах, гадагшаа урсгахад л эрх мэдлээ “ашиглаж” ирэв. Цаашид ч гэр хорооллынхныг хийн түлшний дэд бүтцэд холбох, цахилгаан халаагуур тараах, гэр, байшингийн дулаалгыг сайжруулах нэрийдлээр төсвийн мөнгөөр тоглож, татвар төлөгчдийг хохироох дүр зурагтай.
Засгийн газраас 2024 оны сүүлчээр баталсан Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолд нийслэлд шар болон ногоон бүс байгуулахаар тусгасан. Шар бүсэд 147 мянган өрхийг хамруулж, давхар шаталтат зуух нэвтрүүлэн, дулаалгын төсөл хэрэгжүүлэх бол ногоон бүсийнхнийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлэхээр төлөвлөсөн юм. Ингэж шийдвэрлэх үедээ албаны хүмүүс агаарын бохирдлын гол буруутнаар шахмал түлшийг нэрлэж, үүнийг бүрэн гүйцэд шатааж хорыг нь шүүдэг “шидэт” зуух тараах, эс бөгөөс хийн түлшээр түүнийг орлуулах, цахилгаан халаагуур нэвтрүүлж галлагааг бууруулах нь хамгийн үр дүнтэй, шалгарсан шийдэл гэж байв. Хачирхалтай нь, одоо хэргийн эзэн болсон хортой түлшээ хэрэглээнээс халахаар шийдчихлээ. Гэвч “шидэт зуух” тараах, шар, ногоон бүс байгуулах санаачилга хэвээрээ байна. Энэ нь агаар, орчны бохирдлыг бууруулах ажлууд манай улсад ямар судалгаа тооцоололд үндэслэж, бодлогын түвшинд хэрхэн уялдаа холбоотой хэрэгждэгийн бодитой жишээ болов.
КОКСЫН ШАХА
Шахмал түлшний оронд хагас коксыг хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөж, бэлтгэлээ базааж эхэлснийг зарласан нь саяхан болохоос үүнтэй холбоотой шийдвэрийг төр засгийн түвшинд ярьж эхэлсэн нь хоёр жил гаруйн өмнөөс юм. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 177 тэрбум төгрөгөөр хагас кокс импортлон авч, 2023 оны өвлийн ид утааны үеэр нийслэлийн гэр хорооллынхонд туршилтын шугамаар 45 хоног хэрэглүүлэхээр шийдвэрлэснийг тухайн жилийн наймдугаар сард зарлаж, нийгэмд шуугиан тарьж байв. Ингээд энэ асуудал олны шүүмжлэл, унтууцал газар авахтай зэрэгцэн намжиж, хэсэг хугацаанд чимээ алдарсны эцэст 226 тэрбум төгрөгийн тендертэйгээр дахин “амилав”. Эргэлт буцалтгүй хэрэгжүүлэхээр шийдсэн, бүх замыг нь зассан гэсэн үг. Хотын захирагч Х.Нямбаатар 2025 оны эхээр “Улаанбаатарт хагас коксын үйлдвэр барина” гэж ам алдсан нь, сайжруулсан түлшний түүхий эд импортлох, тээвэрлэх, нөөцлөхөд өнгөрсөн хугацаанд жил тутам зарцуулж ирсэн төсвөөс даруй 30 гаруй тэрбумаар их мөнгөөр ганцхан өвлийг давах хагас кокс өмнөд хөршөөс худалдаж авахаар тендер зарласан нь, үүнийхээ төсөв хөрөнгийг “гэрэл цохиулалгүй” шийдчихсэн нь энэ ажлын бэлтгэлийг хөшигний цаана эртнээс хийж ирсний нотолгоо гэлтэй. Тиймээс л нийслэлчүүд “Хотын даргын утааны эсрэг тэмцэл зургаан сарын хугацаанд тав өөрчлөгдөж, эцэстээ хагас коксонд тогтлоо” хэмээн шүүмжилж, парламентын нэр бүхий гишүүд “Нийслэлийнхэн тээврийн хэрэгслийн татварыг дур мэдэн нэмсэн шигээ УИХ-тай зөвшилцөлгүй түлш худалдан авах шийдвэр гаргалаа” гэж эсэргүүцэж байгаа юм.
АЙСУЙ ӨВЛИЙН АЮУЛ
“ДЦС-3”-т гарсан осол гэмтлээс улбаатайгаар 2025-2026 оны өвөл нийслэлчүүдийн хувьд хүндхэн сорилт дагуулах эрсдэл нүүрлээд буй. Цахилгаан хязгаарлах давтамж олшрох, халаалт тасрах нь наад захын аюул гэж мэргэжлийн хүмүүс анхааруулсаар байгаа. Тэгвэл үүн дээр түлш хомсдох, тасрах эрсдэл ч нэмэгдэж болзошгүй нь. Хотын удирдлагууд “Энэ онд нийслэлд сайжруулсан түлш түлүүлэхгүй” гэж эрс шийдэмгий мэдэгдсэн ч одоогоор нэг тонн ч хагас кокс нөөцлөөгүй байгаа. Зарласан тендерийнх нь хугацаа долоодугаар сарын 21-нд дуусна, үүний дараа гэрээ байгуулах зэрэг бичиг цаасны ажил ундарна. Ингэж явсаар намраас л түлшээ татан авах магадлалтай. Энэ богино хугацаанд нийслэлийн гэр хорооллынхны өвлийн хэрэгцээг нөөцөлж чадах, эсэх, ажил нь ямар ч саад бэрхшээлгүй урагшлах уу гэдэг нь эргэлзээтэй. “Тавантолгой түлш”-ийнхэн лав өвөлжилтийн бэлтгэл хангах нэрээр шахмал түлш үйлдвэрлэх, нөөцлөх, түгээх ажлыг аль хавраас эхлүүлдэг ч зарим үед барьц алдуулдаг байв. “Айл”-аас гуйж авахаар төлөвлөж буй түлшинд ч ийм бэрхшээл үүсэхгүй гэх баталгаа үгүй. Тэгээд ч энэ бол шинэ төрлийн бүтээгдэхүүн. Нийслэлийн гэр хороололд өргөн хүрээнд хэрэглүүлж туршилт, судалгаа хийгээгүй, үр дүнг нь бодитоор үнэлж чадаагүй түлшинд ингэтлээ найдаж, ирэх өвлийг сонголтгүйгээр даатгах нь өөрөө бөөн эрсдэл юм.
Н.Мишээл