УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай УИХ-ын 2020 оны 21 дүгээр тогтоолын хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэв. УИХ-ын гишүүн, тус ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд байнгын хорооны өмнөх хуралдаанд үйл ажиллагааныхаа явцын талаар танилцуулснаа дурдав. Тус стратегид тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлснээр зээлийн хүүг 2019 оны суурь түвшнээс дөрвөн нэгж хувиар бууруулж, 2023 оны жилийн эцэст сарын нэг хувьд хүргэх зорилтыг тодорхойлсон бөгөөд 2023 оны байдлаар арилжааны банкны зээлийн жигнэсэн дундаж хүү 17.25, банк бус, санхүүгийн байгууллагынх 39.6 хувьтай байна. Харин 2024 оны байдлаар арилжааны банкны зээлийн жигнэсэн дундаж хүү 16.61, банк бус, санхүүгийн байгууллагынх 42 хувь, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчийн хүүгийн дээд хязгаар нь 54 хувьтай байна. Иймд стратегийн хэрэгжилт зорилтод түвшинд хүрээгүй гэж дүгнэжээ.
Иймд ажлын хэсгийн үйл ажиллагааг дуусгаж, зээлийн хүүг бууруулах хүрээнд дараах хэд хэдэн арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв. Мөн ажлын хэсгийн гишүүд хэд хэдэн хуулийн төсөл санаачлан боловсруулж, өргөн мэдүүлэх шаардлагатай гэлээ. Тухайлбал, зээлийн эрсдэлийн зардлыг бууруулж, хэрэг маргааныг зардал багатайгаар шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж дүгнэсэн байна. Түүнчлэн харилцах болон хугацаагүй хадгаламжийн дансанд хүү, түүнтэй адилтгах төлбөр тооцохгүй байх, урт хугацаатай хадгаламжийн хүүгийн орлогын албан татвар бууруулах, гадаад валютын хадгаламжийг даатгалд хамруулахгүй байх зохицуулалтыг Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд тусгах шаардлагатай гэж үзжээ.
Ч.Туяа