Хэт халалтаас үүдэлтэйгээр Японд хэд хэдэн хүн амиа алдсан тухай мэдээлэл түгэхтэй зэрэгцэн өмнөд хөршид үер, усны аюул сандаргаж буй талаар дуулдаж эхэллээ. Тодруулбал, Хятадад Монголын жилийн дундаж хур тунадаснаас хоёр дахин их буюу 516 мм бороо өнгөрсөн долоо хоногт ганцхан өдрийн дотор орсноос томоохон гол, нууруудынх нь усны түвшин эрс нэмэгджээ. Түүнчлэн тус улсын Гуандун мужид усархаг бороо хэд хэдэн өдөр үргэлжлэн орсны улмаас Хуайжи хотын Суй голын ус үерийн аюултай түвшнийг 11 метрээр давж, олон тооны барилга, байгууламж усанд автан, мянга мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлэхээс аргагүйд хүрснийг олон улсын хэвлэлүүд мэдээлэв. Өчигдөр өглөөний байдлаар тухайн бүсэд үерийн улмаас таван хүн сураггүй алга болсон байв.
Мөн Мексикт Эрик хэмээх хар салхинаас болж, Энэтхэг, Бангладешт гэнэтийн хүчтэй борооны нөлөөгөөр зарим бүсэд гамшгийн хэмжээний үер болжээ. Бангладешийн Силхэт хэмээх газарт 24 цагийн дотор 405 мм хур тунадас орсон нь тухайн бүс нутгийн хэмжээнд түүхэн, үнэмлэхүй дээд үзүүлэлт болсон гэнэ. Гэтэл нөгөө талд нь АНУ-ын төвийн болон зүүн бүс нутаг, Канадын Оттава, Монреаль хот, Британи, Францын Пакистан, Португалын нийт нутгаар хэт халуун үргэлжилж буйг цаг уурын байгууллагаас анхааруулсаар.
Дэлхийн зарим бүсэд ган гачиг тохиож байхад нөгөө хэсэгт нь үер, усны гамшиг нүүрлээд буй энэ байдлыг судлаачид уур амьсгалын өөрчлөлт даамжирсны илрэл хэмээн тайлбарлаж байна. Хэт халах, цочир хүйтрэх, их хэмжээний цас, бороо орох үзэгдлүүд нь шинж чанар, нөлөөллийн хувьд хоорондоо эрс тэс мэт боловч зүй тогтлоороо гинжин холбоотой, нэг нь нөгөөгийнхөө урьдач нөхцөл, үндэс шалтгаан болдог гэнэ. Манай улсад ч хоёр туйл руу савласан, цаг уурын эрс тэс үзэгдэл сүүлийн жилүүдэд элбэг ажиглагдах болсныг Усны газрын дарга З.Батбаяр хэлэв. Тэрбээр “Ган үер ган зуд гэсэн давтамж бүхий хүнд нөхцөлд дасан зохицож амьдрах цаг үе ирж байна. Бид үүнд бэлэн үү. Зарим аймагт гол, нуурын усны түвшин эрс нэмэгдэж, үер болж байна. Гэтэл зарим бүс нутагт хэт халж, ган, хуурайшил - тын шинж ажиглагдаад эхэллээ. Одоо гантай байгаа газруудад тун удахгүй үер болно, харин үертэй буй нутгуудад хэсэг хугацааны дараа ган тохионо. Гантай зуны дараа зудтай өвөл болох нь нэгэнт тодорхой” гэв. ЦУОШГ-аас хиймэл дагуулын мэдээлэл ашиглан гаргасан үнэлгээгээр өдгөө манай улсын нийт нутгийн 0.2 хувь нь маш хүчтэй, 0.9 хувь нь хүчтэй гантай, 4.2 хувь гантай, 11.3 хувь нь гандуу байна.
Н.Мишээл