Төгрөгийн ханш ам.долларын эсрэг огцом суларч байна. Монголбанкнаас зарласан ханшаар “ногоон” өчигдөр 3579 төгрөгтэй тэнцэж байсан бол валют арилжааны “Найман шарга” захад ченжүүд 3596 төгрөгөөр худалдан авч, 3600 төгрөгөөр борлуулж байв. Арилжааны банкуудад харин ам.долларыг 3571 төгрөгөөр авч, 3596-гаар зарж байлаа. Өнгөрсөн оны сүүлчээр ам.долларын ханш 3400 төгрөгтэй тэнцэж байсан юм. Үүнээс хойш тасралтгүй чангарсаар өд гөө 3600 төгрөгт хүрчээ. Үүний учир шалтгааныг өнгөрөгч дөрөвдүгээр сард Монголбанк тайлбарлахдаа “Төлбөрийн тэнцлийн ашиг, алдагдлын гүйцэтгэл нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханш болон валютын албан нөөцөд тусгалаа олдог. Төлбөрийн тэнцлээс шалтгаалан төгрөгийн ханш сулрах дарамт 2025 оны нэгдүгээр улиралд харьцангуй өндөр байв.
Монголбанк эрэлт, нийлүүлэлтийн зөрүүнээс шалтгаалсан огцом хэлбэлзлийг бууруулах зорилгоор зах зээлд шаардлагатай нөхцөлд тухай бүр оролцон ажиллана. Цаашид төлбөрийн тэнц лийн алдагдал буурах, олон улсын зах зээлд ам.долларын ханш сулрах, төгрөгийн харьцангуй өгөөж нэмэгдсэн зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан төгрөг чангарах хүлээлттэй байна” гэж байв. Монгол Улсын гадаад өр төлбөрийн ачаалал нэмэгдэж байгаа нь валютын зах зээлд нийлүүлэлтийг багасгаж, ам.долларт төвлөрсөн эрэлт нэмэгдэхэд нөлөөлж буй. Төвбанкнаас сүүлийн жилүүдэд инфляцтай тэмцэхийн тулд мөнгөний хатуу бодлого барьж буй ч валютын ханшийг тогтворжуулах чиглэлд харьцангуй сул оролцсон. Энэ нь ханшийн хүлээлтэд сөргөөр нөлөөлж, төгрөг сулрахад хүргэсэн гэж зарим эдийн засагч байр сууриа илэрхийлэв.
“Найман шарга” валют арилжааны захын ченж харин “Валютын нөөц буурахаар урсгал нь дагаад багассан. Ам.долларын ханш ойрын саруудад буухгүй байх” гэсэн юм. Эрэлтээс шалтгаалж ам.долларын ханш сүүлийн саруудад тогтворгүй байсан. Төгрөгийн ханшийн сулрал нь гадаад өрийн дарамт, төлбөрийн тэнцлийн алдагдал, валютын нийлүүлэлтийн хомсдол зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж буйг Төвбанк болон эдийн засагчид онцолж байгаа. Ирэх саруудад Монголбанк зах зээлийн хүлээлт, гадаад орчны өөрчлөлтөд хэрхэн уян хатан, идэвхтэй хариу үзүүлэх нь валютын ханшийн тогтвортой байдлыг хангахад чухал нөлөөтэй байх гэнэ.
Д.Сэлэнгэ