ГБХНХЯ, Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан хамтран “Эрх тэгш байдал, тэгш оролцоог эрчимжүүлэх нь: Монгол Улсын үе хоорондын ба жендерт тулгуурласан эдийн засгийн асуудал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тодруулбал, манай улсын хөдөлмөрийн насны хүн ам тогтвортой өсөж буй нь эдийн засаг, хөгжлийн хувьд эерэг нөлөөтэй боловч энэ өөрчлөлт удаан хугацаанд үргэлжлэхгүй байх магадлалтай. Дэлхий даяар насжилт нэмэгдэж, төрөлт багасаж буй нь тэтгэврийн санд ирэх ачааллыг нэмж, улс орнууд эрүүл мэнд, боловсролын зардалдаа өөрчлөлт оруулах, хүн амын бүлгүүдэд чиглэсэн орлого, зарлагын бодлогыг дахин тооцоолох шаардлага үүсэж байгаа талаар онцлов. 2050 он гэхэд Монгол Улсын таван хүн тутмын нэг нь, дэлхий нийтэд дөрвөн хүн тутмын нэг нь ахмад настан болох гэнэ. Үүнтэй холбогдуулан улс орнууд үндэсний шилжүүлгийн данс (NTA) ашиглах болсон аж. Энэ нь хүн амын насны бүтцэд гарч буй өөрч¬лөлтүүдийг харгалзан үзэх замаар түүнд тохирсон бодлого боловсруулах системийг хэлдэг байна. Тиймээс тус дансны аргачлалыг ашиглаж, насны бүлгүүдийн орлого, зарлагын урсгалыг тооцоолон, зөв бодлого хэрэгжүүлэх хэрэгтэйг оролцогчид онцлов.
Д.Хэрлэн