Өрөөнийхөө хананд “Улаан бал”-ын микрофоноо жаазлан өлгөсөн Ч.Лодойсамбуу гишүүн бол дутагдлын хажуугаар дуугүй өнгөрдөггүй хүн. Түүний эсэргүүцэл зөвхөн эрх баригчдаар хязгаарлагдахгүй. Тэр намын даргынхаа байр суурийг ч сөрөн зогсож, хамтарсан Засгийн газрыг нь эсэргүүцсэн нөхөр. Сэтгүүлчээс парламентын гишүүн болсон тэрбээр “дарангуйллын систем угсрагсад”, “тархи угаалт”, “төрөөс угждаг хэвлэл” гэх мэт сэдвийг УИХ-ын индрээс хөндөж, эрх мэдэлд ч, мэдээллийн орчинд ч эргэлзэлгүй шүүмжлэлтэй хандсаар ирсэн. Түүнийг “сөрөг хүчний үлдэгдэл” биш, сөрж бодох, эргэцүүлж тунгаах, шүүмжилж шаардах улстөрийн ухамсар амьд байгааг баталж, араасаа бүхэл бүтэн үеийг манлайлан дагуулж буй цөөн хүний нэг гэж болно.
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах асуудлыг Та анх санаачлан гарын үсэг цуглуулж, “бамбар” асаан уриалсан. Тэр явчихлаа. Та одоо сэтгэл хангалуун байна уу?
-Сэтгэл хангалуун байгаа. Залуустаа болон хэвлэл мэдээллийнхэн Та нарт бас баяр хүргэе. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, тайван замаар жагсаж эсэргүүцлээ илэрхийлэхийг хүсдэг бүх хүний хувьд хөшиг нээгдсэн ийм өдрүүд үргэлжилж байна. Бизнес эрхлэгчид, хэвлэл мэдээллийнхэн, эрх чөлөөний мэдрэмж сайтай хүмүүсээ надад бас иймэрхүү сэтгэгдлүүд ирж байгаа. “Манай нийгэм тас харанхуй болох гэж байсан, одоо хөшиг нээгдэж байгаа юм шиг л болж байна. Цаашдаа харин та нар улам хичээгээрэй” гэсэн.
-Дараагийн Ерөнхий сайдыг томилох асуудал дээр Г.Занданшатарыг дэмжээгүй цөөхөн гишүүний нэг нь Та. Нөхцөл байдал таны хүлээсэн шиг байж чадах нь уу?
-Одоохондоо гараан дээрээ л байна. Дөнгөж сайд нараа томиллоо. Араас нь зарим бүтэц, бүрэлдэхүүнээ ярина, Засгийн газрынхаа төсвийг тодотгоно. Ирэх намар яг өөрсдийн төсвийг оруулж ирнэ. Шинээр томилогдсон Ерөнхий сайд өмнөх Засгийн газрынхаа сайн бодлогуудыг үргэлжлүүлэн явуулна гэсэн. Эхний хэлж байгаа мэдэгдлүүд нь бол хүлээлт үүсгэж байгаа. Түүнийгээ биелүүлэх л чухал. Үүнд парламентын үүрэг оролцоо мэдээж маш их өндөр. Би юм болгоныг эсэргүүцээд байгаа хэрэг биш. Бид чинь бас тодорхой зарчимтай, үзэл баримтлалтай, өөрсдийн гэсэн итгэл үнэмшилтэй, намаас нэр дэвшээд сонгогдчихсон хүмүүс учраас тэр хүрээнд бодлого, үйл ажиллагаагаа уялдуулна.
-Олон нийт бол хүлээлтэд хүрсэнгүй гэж дүгнэсэн. Ялангуяа улирсан нэр бүхий сайдууд, зарим шинэ сайдыг ч ямар шалгуур, тохироогоор ороод ирэв гээд.
-Зөвхөн Монгол ч биш, аливаа улс оронд, ялангуяа, парламентын засаглалтай улсуудад хүчний харьцаа хаана илүү давамгайлж байгаа вэ гэдгээс шалтгаалж томилгоонууд явдаг. Ер нь дэлхий нийтээр улс төр, бизнес, зах зээл, хүний нийгэм тэр чигтээ хүчний харьцаагаа дагаж л хөдөлж байдаг. Саяын томилгоонууд ч энэ хүчний харьцаагаа дагасан шийдвэр байлаа.
Өмнөх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөг батлахад их шүүмжлэлтэй хандаж байсан манай намын гишүүдээс долоон хүн шинэ Ерөнхий сайдад эсрэг санал өгсөн. Тухайн үед ам асууж, хэлж, сануулж байсан зүйлүүдээ одоо ч танаас нэхэж, тэр байр суурь дээрээ бат байна шүү гэдгээ кнопоороо анхааруулсан хэрэг л дээ. Эдийн засгийн эрх чөлөөгөө авчрах юм уу, алдаа гаргасан хүмүүстээ хариуцлагыг нь үүрүүлэх үү, бизнесүүдээ яаж дэмжих юм, авлигыг хэрхэн бууруулах вэ, төрийн хүнд суртал, хэм хэмжээг яаж багасгах юм, чиг үүрэг, орон тооны давхардлаа арилгаж чадах уу гэх мэт.
-Таныг нэг талаараа бас шоу хийгээд байна уу гэдэг хардлага бий. Үүнд ямар хариу өгөх вэ?
-За, популизм гээд шулуухан хэлчихье. Популизм хийлээ, попорч байна гэж одоо бид нэгнээ хэлдэг болж. Сүүлдээ шүүмж хэлсэн болгоныг “поп” гэж харах, харуулах гэнэ. Гэхдээ нэг зүйл бий. “Populus” гэдэг грек үг нь олон түмний санаа бодолд тулгуурлах гэсэн утгатай. Энэ өөрөө муу зүйл биш. Гэтэл популизмыг манайхан увайгүй зорилгоор ашигладаг. Нийгмийнхээ эсрэг, улс үндэстний болон тусгаар тогтнол, ард иргэдийнхээ эсрэг. Мэдсээр байж хүмүүсийн хэрсүүжээгүй байгааг нь далимдуулан, буруу зүйлд ашигладаг учраас популизмыг монголчууд муу муухай гээд бодчихсон.
Үнэндээ популизмгүй ямар ч харилцаа байх боломжгүй. Хэн нэгний, хэсэг бүлгийнхээ санаа бодлыг огт хамаарахгүйгээр хүн дангаараа энэ нийгэмд оршин тогтнох боломжгүй. Хүссэн, зорьсноо биелүүлэхийн тулд хүн болгон тодорхой хэсгийн санаа бодлыг сонсох, түүнд тулгуурлаж байр сууриа олж таарна. Харин популизмыг улс төрчид хүмүүст таалагдахын тулд хэтдээ гай болох зүйлд ашиглаж хэрхэвч болохгүй. Жишээ нь, уул уурхайгаа зогсоо, Монголоос гаднын хулгайч нарыг гарга, тэтгэврийн зээлийг тэглэ, үнэгүй байр, орон сууц өг, баялгийг бүгдэд нь хуваа гэдэг. Яг ийм популизм хийсээр ирсэн Венесуэл одоо ямар байдалтай байгаа билээ. Дэлхий нийтээрээ бүгд харж байна. Энэ популизмын хор уршгаар өнөөдөр хүн төрөлхтний түүхэнд олон сая хүн үхэл, зовлон, өлсгөлөн ядуурал, тарчиг амьдралаараа “төлбөрөө” буцаагаад төлж байна.
“ЭЗЭД” МААНЬ СОЛИГДООД БАЙХААР БИ ЦААНАА ЭЗЭНГҮЙ ГЭДЭГ НЬ ОЙЛГОМЖТОЙ
-Таныг хүмүүс АН-ын дарга “Гантөмөрийн хүн”, “Шунхлайн Батсайханы хүн” гэдэг байсан. Сүүлийн үед “Элбэгдоржийн, М-Си-Эс-ийн хүн” гэж хамаатуулах болж. Ингэхэд Та яг хэний хүн юм бэ?
-Монголд ийм улс төр явсаар байгаад сүүлийн үед хүмүүс байр сууриа тодорхой илэрхийлэхээс ч болгоомжилдог болсон. Одоо гишүүд яагаад нэг ийм тодорхой зүйл ярихгүй, тойруулж бөөрөнхийлөөд байна гэхээр “хэн нэгний хүн” гэдэг улс төр битүү явдаг болчихсонтой холбоотой. Явж явж монголчуудын аливаад итгэх итгэл нийтээрээ цөхөрчихсөн. Гэхдээ бүрэн алдаагүй, эцсээ хүртэл итгэсээр, найдсаар л байх болно. Төр, ард иргэдийн дунд бий болсон энэ том ангалыг үгүй хийхийн төлөө л улс төрд залуу хүмүүс орж ирсэн байх ёстой. Улс төрийн энэ нэг тогтчихсон хэв маяг, оюун санааны дарангуйллыг цөм цохихгүйгээр цаашаа явахгүй. Үнэхээр улс төрд байгаагийнх, бас чиг хийсэн юмтай байя л даа. Тэгээд өөрөө өөртөө талархах, бахархах мэдрэмжтэй өтөлнө гэдэг сайхан биз дээ. Үүний тулд өнөөдөр нүүрээ маажуулах алхмыг хийх л ёстой юм байна лээ.
Намайг олон хүнтэй хамаатуулж ярьдаг. “Гамбир” ток шоуны үед хүртэл тэгдэг л байсан. “Ийгл”-д хэсэг байхад “Бодь” группийн сэтгүүлч гээд, БСШУЯ-нд ороод ажилласан биш “Гантөмөрийн хүн” гэгдэх болсон. Мэдээж бид хоёр дотно. Гэхдээ зарчим бол зарчим байдаг. “Улаан бал” нэвтрүүлгээ хийтэл “АПУ”-гийнх болчихсон. “Элбэгдоржийн хүн” гэгдэж байхдаа нэг нэвтрүүлгийн дугаартаа Баттулга Ерөнхийлөгчийн зургийг Путинийхтэй зэрэгцүүлээд тавьчихсан чинь “Баттулгын хүн” гээд л. Дараа нь “Монполимет”-ийн, “МАК”-ийнх, бүр “сахал” “Эрдэнэбилэгийн хүн” гэхчлэн янз янзаар яриад л байдаг. Сүүлд “М-Си-Эс”-ийнх болж таарсан. Энэ бүх хардалтад би хоёр дүгнэлт хийдэг. Нэгдүгээрт, “эзэд” маань байнга солигдоод байхаар би гэдэг хүн цаанаа эзэнгүй гэдэг нь ойлгомжтой. Хоёрдугаарт, Монголын эдийн засагт, энэ улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан, шинэ ноу хау нэвтрүүлж, үйлдвэрлэл, үйлчилгээний стандартыг дээд түвшинд хүргэхэд онцгой гавьяа байгуулсан энэ группүүдийн нэрээр хамаатуулж, алдагдахдаа би нэг их ичдэггүй. Тиймээс “Улаан бал” тоймынхоо нэг дугаарт нэвтрүүлгээрээ талархал илэрхийлж байсан. Нөгөө талаар би хэн нэгний татаас, түлхээсээр өдий зэрэгт хүрээгүй. Хэн нэгний дохиураар хөдөлдөггүй гэдгийг цаг хугацаа харуулж байгааг сонгогчдынхоо өмнө хариуцлагатайгаар хэлнэ.
-Та бол иргэдийн итгэл цөхөрчихсөн байгаа үед нийгмийн бухимдлыг улс төрийн хүч болгон хувиргаж чадсан улс төрчдийн нэг. Томоохон хүчний эсрэг зогсоход өөрөө итгэл дундрах, урам хугарах үе гарах юм уу?
-Үгүй. Харин ч урам сэргэж байгаа. Бид илүү олуулаа болж байна. 2024 онд дөнгөж парламент бүрдээд, Засгийн газраа байгуулахад Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдыг томилох үед би ганцаараа эсрэг санал өгч байсан. Цор ганцаараа тэгээд сууж байхдаа би үнэхээр цочсон. Тэгээд яваандаа төсөвт хяналт тавих, тендерийн хуульд сонгон шалгаруулалтгүй болгох гэж байсан заалтуудыг болиулах зэрэг улс төрийн акцыг хийхдээ зөвхөн манай АН ч гэлтгүй, бусад нам дотор надтай үзэл санаа нэгтэй залуус асар олон байгааг ойлгосон. Ардчилалтай хамт төрөөд өсчихсөн үе гэдэг бол тэс өөр юм байна аа гэдэг итгэл сэргэсэн. Тийм учраас хоёрдугаар сард би Засгийн газрын тэргүүнийг огцруулах санаачилга гаргахад албан бичигт маань Ж.Золжаргал, Ж.Баярмаа, Ш.Бямбасүрэн гэсэн гурван гишүүн гарын үсэг зурсан. Тэр хүмүүс улс төрийн хүрээнд том эрсдэл үүрээд гарын үсэг зурсан, хажуугаар нь энэ саналыг дэмжиж байгаагаа амаар хэлсэн гишүүд олон байв. Тийм ч учраас УИХ-аар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд олонх нь дэмжлээ шүү дээ.
Би Хан-Уул дүүрэгт АН-аас сонгуульд өрсөлдөхдөө ерөөсөө л энэ дарангуйллыг халах тухай ярьж байсан. Дүүрэгтээ сургууль, цэцэрлэг барина, зам, далан засна гэдэг ч юм уу, хүн бүрийн ярьдаг зүйлийг амлаагүй. Мэдээж сурталчилгааны үеийн уулзалтууд дээр тийм санал иргэдээс гарч байсан. Гэхдээ би буцаагаад “Та нар надад нэг юмыг сонгоод өгөөч. Би энэ парламент дотор “Улаан бал” байх уу, эсвэл Засгийн газрыг үг дуугүй дэмжих кноп болох юм уу. Учир нь энэ мэт асуудлыг шийдэхийн тулд Ерөнхий сайдаас төсөв гуйх болно” гэхэд манай сонгогчид “Улаан бал байх хэрэгтэй” гэж хэлсэн. Манайхан эрх чөлөөний ухамсар, мэдрэмж өндөртэй хүмүүс. Бид ингэж л монголчуудынхаа оюун санааны эрх чөлөөг хамгаалах ёстой юм билээ. Сонгуулиар бүтэн намын аппаратын эсрэг би бараг Ерөнхийлөгчийн сонгууль шиг л явсан. Тэдний пи ар ямар байсныг хүмүүс мэднэ дээ.
-Хан-Уул гэснээс ХЭҮК-ынхон 2024 оны тайлангаа УИХ-д танилцуулсан. Өнгөрөгч сонгуулиар Хан-Уул дүүрэгт нэг мандатад 57.5 мянган сонгогч ногдож байхад говийн болон баруун бүсэд энэ тоо дөнгөж 19 мянга байсан нь тэгш эрхийн зарчимд нийцээгүй гэж дүгнэсэн байна лээ. Хан-Уулд 40 мянган сонгогчийн санал авсан нэр дэвшигч сонгогдоогүй атал алслагдсан дүүргүүдэд 13 мянган хүний саналаар УИХ-ын гишүүн болсон явдлыг Та юу гэж үзэж байгаа вэ?
-Энэ асуудлыг зайлшгүй өөрчлөх хэрэгтэй. Тэгш эрхийн зарчим нь нөгөө л ардчилал, хүний эрхийн үндсэн зарчим алдагдсан байна гэдэгт манай намын гишүүд санал нэгдсэн. Саналын хуудас дээрх нэр дэвшигчдийг бүгдийг дугуйлах нь хүртэл өөрөө сонгууль биш, тулгалт юм гэдэг Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт орж ирсэн. Ер нь Сонгуулийн хуулийг цагийг нь хэт тулгахгүй, эртнээс сайн, мууг нь хэлэлцэж, энэ мэт завхрал, хийдэл гаргахгүй байхад анхаарахгүй бол хувийн тойрогтой юм шиг гишүүд төрсөөр байна. Парламент бол иргэд нь төлөөллөөрөө дамжуулаад төрөө барьж байгаа хэлбэр. Тухайн тойргоос сонгогдсон гишүүний иргэдийг төлөөлөх тоо харилцан адилгүй, эрс ялгаатай байж болохгүй. 40 мянган иргэний санал авсан Амаржин Сонгинохайрханаас сонгогдоогүй байхад дүүргүүдэд 12-13 мянган санал аваад л гишүүн болчихсон явж байна.
Хүн ам олонтой, зарим томоохон дүүрэгт цөөн мандаттай хэрнээ хөдөө орон нутагт 8-10 квот олгосон байх жишээтэй. Энэ тухай төлөөллийн зарчим хаана байгаа юм бэ гэдэг асуудлыг би “Улаан бал” нэвтрүүлэг хийдэг байхдаа “Тэнэгүүдээрээ сонгуулъя” гэж хүртэл хурцаар шүүмжилж л байсан. Хүчийг атгачихсан байгаа бүлгүүд, намынхан өнөөхөө алдахгүйн тулд үеийн үед энэ төлөөллийн зарчмыг үл харгалзан, засгийн эрхийг авах бодлогоо л үргэлжлүүлж ирсэн. Үүнийг сонгуулийн хуулиараа одоо өөрчлөх ёстой.
-Залуучууд талбайд тасралтгүй 22 хоног жагссан. Өнөөгийн залуусын гарт ардчилал амьд үлдэж чадах юм шиг итгэл төрсөн. Харин ард түмэн нийтээрээ нөгөө л хэрсүүжих, ухаарах талаар жаахан өөрчлөлт гаргах болов уу?
-Энэ удаагийн залуучуудын эсэргүүцэл гурван зүйлд маш тодорхой мэдэгдэл хийлээ гэж харж байгаа. Нэгдүгээрт, монгол залуучууд, монголчууд тийм ч амархан хууртаад байхааргүй, сошиалд харагддаг шигээ биш юм байна гэдгийг зарим даргад ойлгуулсан явдал. Зарим нь бүр цочсондоо парламентын танхимд “Залуу үе чинь ямар өөр болоо вэ” гэж хэлсэн. Зүгээр л юмыг анзаарснаа хэлж байгаа юм шиг боловч энэ бол төр нь өөрөө ард түмнээ ямар тэнэг гэж бодож байсны илрэл юм. Тэгэхээр “Ямар ухаантай юм бэ” гэсэнд нь залуучууд бид нэг их баярлаад байх зүйл биш.
Хоёрдугаарт, жагсаж цуглана, эсэргүүцлээ илэрхийлнэ гэдэг нь зодолдох, дайтахыг хэлдэггүй юм байна. Санал нэгдэхгүй байгаагаа тайван замаар илэрхийлэх нь цэвэр оюун санааны үйлдэл юм гэдгийг харууллаа. Талбайд залуучууд хөгжмөө сонсоод, дуугаа дуулаад, зүгээр л суусан шүү дээ. Заасан хугацаандаа багтаан индэрт гарч, санал бодлоо солилцоод сууцгаасан. Тэднийг бужигнуулах гэж очсон, цохисон, юмыг нь булаасан, хэрүүл өдсөн, манай залуучууд харин зүгээр л суусан. Махатма Ганди яагаад тэр том хувьсгалыг хийж чадсан бэ гэхээр зүгээр л суусан байхгүй юу. Тэр цагдаад зүгээр л зодуулсан. Ганди “Битгий өөдөөс нь тэмц. Оюун санаа, ухамсар эцэст нь ялдаг юм аа” гэж тэмцэгчдэдээ хэлж байсан. Үнэхээр ч ялдгийг нь үлгэрлэж, үзүүлсэн.
Гуравдугаарт, Монголд эрх мэдэл, хүчний тулаан бодитоор болоод, тэрийг нь монголчууд өөрсдөө мэдрээд, залуус бухимдлаа ийн илэрхийлэхээс өөр аргагүй шалтгаан, нөхцөл бүрдсэн байна. Үүнийг өөрчлөх ёстой гэдэг олон нийтийн бодол бүрэлдээд үүсчихсэн байсан. Тэрнийх нь дагуу Монголын төр залуучуудаа, иргэдээ бас сонссон. Энэ бол ардчилсан орны давуу тал. Ардчилал манайд бас арай ч үхчхээгүй байгаа юм байна гэдгийг харуулсан. Шаардсан саналуудыг нь хүлээж аваад, эхнээсээ төсвийн таналтуудаа хийх гээд явж байна. Тэгэхээр цаашид олон нийтийн бодлыг илүү хэрсүү болгох зүг рүү хэвлэл мэдээлэл, төр нь бодлогоор ажиллах бол шаардлагатай байна.
-Одоо үүнд АН-ынхны хяналт, үүрэг оролцоо чухал. Хүчтэй сөрөг хүчин байж чадах уу. АН-ынханд ард түмэн их хүлээлт, итгэл найдвар тавьж байгаа.
-Ардчилсан намд үнэхээр ард түмэн итгээд, найдаад, хайрлаад байгаа байхгүй юу. Нэг талд хүч хэт төвлөрсөн үед наад төр засгаа засалцаад өгөөч, хүчтэй сөрөг хүчин байгаач ээ, дийлдэхгүй бол буулгаад ирээч гээд байгаа юм. Яг хамтарсан засаг байгуулах үед би “Шинэ МАНАН Монголд хэрэггүй” гэж сануулж байсан. Хэрэв хамтарвал юуг, яаж хийхээ сайтар тохирох ёстой гэсэн. АН хэдийгээр сонгуульд ялаагүй ч өөрт байгаа суудлынхаа тоогоор засагт ороод, ажил хийе гэснийг нь бол шууд үгүйсгээгүй. Ямар ч байсан ажил хийчхээсэй гэж хүссэн. Гэтэл Засгийн тэргүүн нь том том мега төсөл ярьж, алсын хараа гэсээр ойрын хараагаа мартсан. Гадаад, дотоодгүй үүсгэчихсэн медиа, пи арын сүлжээгээрээ энэ нийгмийн уур амьсгалыг яаж барьчихсан байсныг та бид маш сайн мэдэж байгаа. “Өнөөдөр” сонин бол хүчтэй сөрөг хүчнийг медиа дотор цөөхөн хийсэн редакцуудын нэг гэдгийг би тогтмол хэвлэлүүдээ захиалж уншдагийн хувьд хэлнэ. АН бол энэ дотор ажил хийх гэж хичээсэн. Гэтэл АН-ыг гэнэт засгаас гаргачихсан. Зуун жилийн түүхтэй МАН тэр үед ёс зүйгүй шийдвэр гаргасан. “Орлогоо нотол” гэнгүүт АН-ыг хөөчихдөг нь улс төрийн ёс зүйн хувьд маш бүдүүлэг алдаа. МАН бол итгэж, найдаж болохгүй л нам шиг байна. Одоо засагт хамтарч байгаа намуудад ч болгоомжтой байгаарай гэж хэлье.
АН-ын хяналт гэдэг бол та бүхний ажлаа сайжруулах боломж юм шүү. Энэ Засгийн газар, эрх барьж байгаа намын бүлэг салбар салбарын 42 зөвлөхтэй боллоо гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр Ардын намын 68 гишүүнтэй бүлэг энэ зөвлөхүүдийнхээ үгийг сайн сонс, битгий хэрэлд, битгий муудалц, битгий амбицал. Тэд нараас цалин авахгүйгээр алдааг нь хэлж өгөөд, зөвлөөд байна шүү дээ.
-Та одоо намын даргатайгаа ямархуу харилцаатай байна вэ. Гантөмөр дарга намын бодлогыг сөрж, гарын үсэг зурсан гишүүдэд хариуцлага тооцно, арга хэмжээ авна гэж байсан.
-Намын даргын хувьд бол мэдээжийн хэрэг хамтарсан Засгийн газар байгуулчихсан ажил хийгээд явж байхад нь намынхаа эсрэг, огцруул гэж байгаа юм шиг үйлдэл хийхээр шүүмжлэх нь зүйн хэрэг. Гэхдээ бидэнд ямар ч муу харилцаа байхгүй. Энэ Ардын намын л асуудал. АН-ынх биш. Тийм ч учраас манай намын дарга сүүлд өгсөн нэг ярилцлагадаа “Ардын нам бол шүүмжлэл сонсож чадахаа байсан” гэж хэлж байна лээ. Лодойсамбуу шүүмжлэнгүүт АН гэрээгээ зөрчсөн гээд ингэж шийдэж болохгүй. Хамтарсан Засгийн газрын гэрээ гэдэг юмыг би лав үзээгүй. Түүнд нь хамтарсан намын бүлгийн гишүүд юуг ч байсан дэмжинэ, юуг ч шүүмжлэхгүй гэдэг заалт лав байхгүй байх. Тийм юман дээр лав л АН-ын дарга гарын үсэг зурахгүй хүн.
Гантөмөр дарга надад яах вэ, хариуцлага ярина гэсэн. Манай намын Улс төрийн зөвлөлөөс зөвлөмж өгсөн. Мэдээж бид намын бодлогоо дэмжинэ. Гэхдээ миний хувьд намын бодлого, үзэл баримтлал маань үндсэн суурь зарчимтайгаа, гишүүдийнхээ итгэл үнэмшилтэй нийцсэн байх ёстой гэдгийг хэлдэг. Тойргоос сонгогдсон байна уу, жагсаалтаар орж ирсэн байна уу, ямар ч үед намын бодлого, намын үзэл баримтлал, намын зарчимтайгаа л нэг байх ёстой. Тэр утгаараа бид шүүмжлэлд өртөж байгаа. Энэ мэдээж зүйн хэрэг. Ер нь пропорциональ тогтолцоог яах гэж оруулж ирсэн бэ гэхээр популизмаас ангид энэ төрийн бодлогыг явуулах боломжийг илүү томруулахын тулд жагсаалтын тоог илүү нэмсэн. Тэгэхээр жагсаалтын гишүүдтэйгээ ч санал нэг байгаа. Тэдний талд байгаа гэсэн үг.
СУУРЬ МУУТАЙ ХҮН АЖИЛСАГ БАЙХ НЬ ИЛҮҮ ХОРЛОНТОЙГ ЭНЭ ХОЁР ҮЕЭЛЭЭС БИД ХАРЛАА
-Одоо Улаанбаатар хотынхныг дарангуйлж байгаа Х.Нямбаатарыг явуулах хэрэгтэй гэдэг асуудлыг иргэд, олон нийт хөндөж тавих боллоо. Энэ санаачилгыг дэмжих үү. Та түүнтэй 2-3 удаа ярилцаж байсан даа.
-Гэхдээ дандаа маргалдаж байсан шүү. Дандаа л зарчмын байр суурин дээр зөрөлдөж байсан. Х.Нямбаатар дарга бол ажилсаг хүн. Үүнтэй бол хэн ч маргахгүй. Аймшигтай ажилсаг. Тиймээс хотод намаа сонгуульд ялуулаад, өөрөө хотын даргаа аваад явж байгаа. Гэхдээ мэдлэг чадвар муутай, ухамсар төлөвшил, ёс суртахуун тааруу, нэг тийм уг хүний суурь чанараар дулимаг хүн. Ийм хүн ажилсаг байх бол илүү хорлонтой байдаг юм байна гэдгийг энэ хоёр үеэлээс бид харлаа. Огцорсон Ерөнхий сайд, огцруулах асуудлыг нь олон нийт өдгөө хөндөж буй хотын дарга хоёр шиг мөнгөтэй, эрх мэдэлтэй удирдлагууд Монголын түүхэнд байгаагүй ээ. Энэ их мөнгө, эрх мэдлээр юу хийсэн бэ.
Би одоо Хан-Уул дүүргийн оршин суугч. Өөрт ойр жишээнд ярихад, түгжрэлээс айгаад би дүн өвлөөр гүүр даваад долоо хоног алхсан. Гэтэл алхах аюулгүй зам алга. Тэр халтиргаа гулгаа, энхэл донхол аймшигтай. Эрүүл чийрэг биетэй, идэр залуу насны хүн алхах боломжгүй байхад хүүхдээ түрсэн, хөгжлийн бэрхшээлтэй хүн, ахмад настнууд яах нь ойлгомжтой. Гэтэл яг тэр замыг жишээлбэл нэг жилд гурав хуулж, засаж байна шүү дээ. Урьд урьдын дарга нар арай ч жилд ингэж олон хуулдаггүй, ийм олон бордюр сольдоггүй байсан. Явган хүний замыг хуулчхаад орхиж хаядаггүй байсан. Тэгэх их мөнгөтэй ч байгаагүй, хот. Тэрийг нь хэлэхээр ажил хийсэн хүнийг шүүмжиллээ, “попорлоо” гэдэг болчихсон. Ер нь энэ хэмжээний их мөнгөтэй, эрх мэдэлтэй, тэгээд жаахан увайгүй бол ямар ч тэнэг энэ ажлыг хийж чадна шүү дээ.
-Авьяасгүй хүмүүс жаахан залхуу байдаг болоосой гэж Өлзийтөгс найрагч хэлсэн шиг эд нар залхуу байвал дээр ч юм шиг...
-Тийм. Бараг залхуураасай ч гэж нийслэлчүүд хэлж байгаа шүү дээ. “Битгий ажил хий, зүгээр тайван байлгаад өг” гээд нийгмийн сүлжээгээр ил цагаан шүүмжилсэн. Даргаасаа юу ч битгий хийгээч гэж гуйтал нь туйлдуулсан байна. Энэ өөрөө маш чухал мессеж. Саранчулуун, Баясгалан гишүүн “Гэрээсээ гарцгаая” гээд нэг аян хийгээд, Нямбаатар даргаар тэргэнцэртэйгээ түрүүлж үзүүлсэн. Тэгсэн чинь Х.Нямбаатар дарга одоо л дөнгөж ойлгож байгаа байхгүй юу. Тэргийг нь түрэнгүүтээ “Яг энэ замын залгааснууд ёстой хэцүү байдаг юм байна аа” гэсэн. Өчнөөн мөнгө үрж, цаг хугацаа зарцуулсан хойноо л ухаарч байна. Гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд би хэд хэдэн замын засвар, асфальт хучилт, бордюр солих үеийн төсвийн мэдээллүүдийг нь авч байсан. Үнэхээр өндөр төсөвтэй. Нэг км замын үнэлгээ яаж өссөн, хэчнээн төгрөгийг яаж, юунд зарцуулсан, тэр мөнгийг хаанаас олсон, тендер сонгон шалгаруулалт нь юу болсон зэргийг ухвал далай гэдэг шиг юм болно. Энэ тухай удахгүй мэдээлэл хийх болно.
Уг нь бол гунигтай зүйл байгаа юм. Өнгөрснийх нь дараа, хүн хэлсээр сануулсаар байхад өөрсдөө сонгочхоод, тэгээд нөгөө хүмүүс нь бүх луйвар, хулгайгаа хийгээд дууссаны дараа ингээд шүүж суудаг. Манай сэтгүүлчид энэ тухай үргэлж л ярьж, бичиж, сануулсаар ирсэн. Гэтэл нөгөө энэ мэдээллийг нь хүлээж авдаггүй, шүүн тунгаадаггүй нийгмийг бүтээчхээд, тэднийхээ тархийг угааж хөөсрүүлэн, түүндээ зугаацаж амьдардаг ийм хэсэг байгаа нь дэндүү харамсалтай. Сонгосон хүмүүс нь эргээд хариуцлага тооцох хуулийн боломжийг ярих хэрэгтэй. Нийслэлчүүд Ерөнхий сайдад хандаж асуудлаа тавих хэрэгтэй. Ерөнхий сайд хотын даргыг огцруулах асуудлаар захирамж гаргаж болно.
-Одоо хот хэвлэлийнхэнд хэт хаалттай болсон. Өмнөх Засгийн үед өргөн барьсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийн төслийг та нэлээд эсэргүүцдэг. Яавал сэтгүүл зүй төрөөс ангид байх боломжтой вэ?
-Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг би ч гэлтгүй, мэргэжлийн судлаач, шинжээчид, олон улсын байгууллагууд дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Тиймээс шинэ Ерөнхий сайдад чуулганы индэр дээрээс би энэ хуулийг буцаан татахыг захисан. Хэвлэл мэдээлэл бол ардчиллын бат хамгаалагч гэгддэг. Зөвхөн хэвлэл мэдээллийнхний эрх чөлөөний тухай асуудал биш, ардчилсан нийгмийн оршин тогтнох тухай, улс үндэстний аюулгүй байдал, тусгаар тогтнолын асар чухал зүйл байдаг. УИХ-д надаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэг бол хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах талаар санал, дүгнэлт боловсруулах юм. Хэвлэлийн эрх чөлөөг ямар нэг байдлаар тодорхойлж, эрх чөлөөг эдлүүлэх гэж хүнд өгдөггүй. Эрх чөлөө чөлөөтэй байхдаа л эрх чөлөө байдаг. Гэтэл энэ бол эрх чөлөөг нь хумих гэсэн хууль байна аа гэж байр сууриа тодорхой хэлсэн.
Ирэх намар манай ажлын хэсгээс Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийг өргөн барина. Нэмэлт, өөрчлөлт хийнэ. Эрх чөлөөгөө бид хумихгүй. Нэн түрүүнд, төр, хэвлэл мэдээлэл хоёрыг салгана. 1998 онд баталсан манай хуульд ч уг нь энэ тухай байгаа шүү дээ. “Ковид”-оос өмнө гэхэд л 400 байсан төрийн нууц мэдээлэл одоо 2000 болчихсон байна. Өөрөөр хэлбэл, төрийн бүх мэдээлэл нууц. Тэгэхээр мэдээллийг ил тод болгоход анхаарна. Нэг талдаа хэвлэл мэдээлэл эрх чөлөөтэй, төрөөс хараат бус, улс төрчдөөс мөнгө горьддоггүй, зах зээлийнхээ зарчмаар урагшлаад явдаг, нөгөө талдаа мэдээлэл нь ил тод байна. Ингэвэл барууны сэтгүүл зүйн зарчмаар 5-10 жилийн дараа сайн редакцууд бойжиж, Монголын оюун санаа, ардчиллыг авч явна. Хэдийгээр манай хэвлэлийн зах зээл жижиг ч гэсэн шударга, өрсөлдөөний зарчмаар явах боломжтой гэдгийг би өөрөө сүүлийн дөрвөн жил биеэрээ үзсэн. Бас хүмүүст тодорхой хэмжээнд харуулсан байх аа гэж бодож байгаа.
-Та сэтгүүлч байхдаа “Улаан бал”-аар улс төрчдийг нэлээд хатуухан шүүмжилдэг байсан. Одоо та улс төрчийн хувиар сэтгүүлч Лодойсамбуутай ярилцвал түүнд шүүмжлүүлэхгүй байж чадах уу?
-Нэгдүгээр ангиа ямар ч байсан тэр хэмжээнд төгслөө. Энэ нэг жилийн хугацаанд бол бардамхан “Улаан бал”-д ярилцлага өгөхөд бэлэн байна. Сонгуулиар юу ярьж, амласан, яг тэр дагуугаа л хийж байгаа. Тиймээс итгэл төгс сонгуулийн сурталчилгаануудаасаа шэйрлэж чадаж байна. Наад зах нь, би эхний ээлжид дарангуйллыг халж, таслан зогсоох ёстой гэж хэлсэн. Залуучуудынхаа дэмжлэгтэйгээр дарангуйллаа таслан зогсоолцож чадлаа. Одоо хоёрдугаар ангиасаа төрийн ажил руугаа илүү шаргуу орно.
Эдийн засгийн эрх чөлөөний тухай их ярьж байсан, тэр асуудлаа өргөн бариад явж байна. Саяхан НӨАТ-ыг таван хувь болгох хуулийн төслийг Б.Пүрэвдорж зэрэг гишүүнтэй хамт өргөн барилаа. Нийгмийн даатгалын шимтгэлийг аль чадахаараа буулгая, бизнес эрхлэгчдийнхээ дарамтыг багасгая, бүхий л цаг заваараа байж болох янз бүрийн ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийнхээ өрхийн орлогыг бодитойгоор нэмэгдүүлье, худалдан авалтыг өсгөж, эдийн засгийнхаа цусны эргэлтийг нь сайжруулъя гэдэг үүднээс Б.Түвшин тэргүүтэй 41 гишүүний хамтаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан.
АЛЬ Ч ТОХИОЛДОЛД БИД ГУРВАН ГОЛ ЗААЛТАА ХАМГААЛНА
-Засгийн газраас Татвар, нийгмийн даатгалын багц хууль өргөн барина гэж яриад удсан. Та бүхний өргөн барьсан Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн өөрчлөлтийг батлах боломж хэр их байгаа вэ. Нөгөө талд бүтэхгүй, боломжгүй гэдэг байр суурь яваад байна лээ.
-Татвар, нийгмийн даатгалын багц хууль яриад л байсан хэрнээ Засгийн газраас дорвитой санаачилга гаргалгүй явсаар бүтэн жил болчихсон. Тиймээс гишүүд өөрсдөө энэ асуудлуудыг хөндөж, хөдөлгөж эхэлсэн. Сая огцрохоосоо өмнөхөн л Татварын багц хуулийг өргөн барилаа шүү дээ. Одоо хэлэлцэж эхлээгүй байгаа хууль батлагдлаа гэхэд ирэх оны төсөвт орох, эсэх нь одоо тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, 2026 онд монголчууд татвар, нийгмийн даатгалын асуудал дээр нааштай зүйл хүлээхэд бүрхэг боллоо гэсэн үг. Хайран хоёр жил.
Бидний өргөн барьсан Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлтөд реформын шинжтэй, цаг хугацаа шаардсан, санд айхтар дарамт учруулахаар зүйл байхгүй. Нэгдүгээрт, Иргэний хуулиар гэрээгээр ажил гүйцэтгэхэд ажилтан, ажил олгогч хоёулангаас нь нийгмийн даатгалын шимтгэлийг давхар тооцож аваад байдгийг болиулах юм. Хоёрдугаарт, хоол, унаа, орон сууц ашиглалтын төлбөр болон түлээ, нүүрс худалдан авахад зориулан мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлтөөс нийгмийн даатгалын шимтгэл тооцож авахгүй байх зохицуулалтыг тусгасан. Энэ бол цалин, түүнтэй адилтгах орлого биш, зардал учраас тодорхой хэмжээний хязгаар тавиад, шимтгэл тооцохгүй байх нь зүйтэй гэж үзсэн. Гуравдугаарт, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг ажилтны нэгэн адилаар тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү тогтоохоор тусгасан.
Үе үеийн Сангийн яамныхан төсвийн орлогоо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхан нөгөө л тэтгэвэр олгодог сангийнхаа аюулгүй байдлыг бодоод байдаг. Тэдний буруу мэдээж биш. Энэ хууль батлагдвал нийгмийн даатгалын санд 300-900 сая төгрөг дутна гээд байгаа. Тэглээ гээд маргаашийн төлөө өнөөдрөө үгүйсгэж болохгүй. Иргэд төрд байгаа нийгмийн даатгалын санг амьд байлгахын тулд давхар давхар ажил хийж, шимтгэл төлдөггүй. Угтаа бид маргаашийнхаа амьдралын баталгааг хангах, даатгах гэж, үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө гэж нийгмийн даатгалын санд мөнгөө хуримтлуулж, хадгалуулж байгаа. Гэтэл манайх тогтолцоо нь тэр чигтээ буруу явж ирсэн. Реформын шинэчлэлийг хүлээх юм бол энэ ачаа улам л овоорно. Тиймээс наана нь бид өөр ямар боломж байгааг судалж, эхнээс нь шийдээд явъя гэсэн. 41 гишүүн санаачилсан гэдэг чинь парламентын гуравны нэг шүү дээ. Батлагдах магадлал бол өндөр. Гэхдээ олон хүний халаас, өрхийн амьжиргаатай холбоотой асуудал учраас өнгөрсөн долоо хоногт хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг хэлэлцээд, намын бүлгүүд дахиад сайтар ярилцаж, шийдэх хэрэгтэй гэсэн. Энэ дагуу өнөөдөр намын бүлгүүд хэлэлцэх ёстой. ГБХНХ-ын шинэ сайд болохоор Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг удахгүй өргөн барина, түүнтэй нийцүүлж нэгтгээд, санаа оноогоо хэлэлцээд явъя гэсэн. Мэдээж төрийн бодлого нэг учраас Засгийн газрын тэр хууль ойрын хугацаанд ороод ирвэл дэмжээд, хамтраад явж таарна. Аль ч тохиолдолд бидний зүгээс өөрсдийнхөө оруулсан гол гурван заалтаа хамгаалаад л явна.
Л.Ганчимэг