Боловсролын зээлийн сан тойрсон асуудал шуугиан тарьж, ноцтой мэдээллүүд нь зах зухаасаа ил болсон 2023 оны үеэс тус сангийн зээл, тэтгэлэгтэй холбоотой хэд хэд чухал тоо нийгэм, олон нийтийн анхааралд өртсөн. Тэдгээрийн нэг нь 941, 47.1 тэр¬бум хэмээх тоо юм. Боловсролын зээлийн санг үүсгэн байгуулсан үеэс буюу 1996-2023 он хүртэлх хугацаанд олгосон зээл, тэтгэлгийн сонгон шалгаруулалт, санхүүгийн холбогдох баримт сэлт, тайлан зэргийг хууль хяналтын байгууллагынхан тухайн онд шалгаад 941 хүний 47.1 тэрбум төгрөгийн зээлийг боловсролын асуудал хариуцсан үе үеийн долоон сайд үндэслэлгүйгээр чөлөөлснийг тогтоосон. Энэ асуудлаар Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас 2023 оны хавар мэдээлэл хийснээр эдгээр тоо иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийнхний анхаар¬лын төвд орсон билээ. Тэгвэл энэ будилаантай тооны учир зангилаа өдий хүртэл бүрэн тайлагдаагүй, холбогдох мэдээлэл нь ил тод болоогүй, олон тэрбум төгрөгийн зээл үндэслэлгүйгээр чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгох ёстой, ийм эрх, боломжийг атган суугаа албан тушаалтан, байгууллагууд нь ажлаа хийхгүй байна.
Бидэнд олдсон мэдээллээр хамгийн сүүлд өнгөрсөн сарын 7-нд Засгийн газрын хуралдаанаар эл асуудлыг хэлэлцжээ. Улсын хөрөнгөөр буюу тусгай сангийн санхүүжилтээр суралцагсдын зээл, тэтгэлгийг үндэслэлгүйгээр, хууль зөрчин чөлөөлсөн долоон сайдын 17 тушаалыг хүчингүй болгох асуудлыг Боловсролын яамнаас оруулсны дагуу Засгийн газрын энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэж “алх цохисон” гэнэ. Гэтэл энэ нь албажихдаа тогтоол бус, тэмдэглэл хэлбэрээр холбогдох байгууллагуудад албан бичиг болж хүргэгдсэн аж. Боловсролын яам, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт хаягласан эл тэмдэглэлд “Боловсролын зээлийн сангийн сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт, эргэн төлөлтийн талаар хэлэлцээд, Авлигатай тэмцэх газрын 2023 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор 19972016 онд гадаад улсад суралцсан иргэдийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлсөн салбарын сайдын тушаалыг хүчингүй болгох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судлан шийдвэрлэх, зээлийн гэрээг дүгнэх арга хэмжээг хэрэгжүүлж, үр дүнг нь 2025 оны IV улиралд багтаан танилцуулахыг Боловсролын сайд П.Наранбаярт даалгав” гэжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар зээл хууль бусаар чөлөөлсөнтэй холбоотойгоор АТГ-аас удаа дараа хүргүүлсэн дүгнэлт, зөвлөмжид үндэслэн Боловсролын яам, Боловсролын зээлийн сангийнхан ажлын хэсэг байгуулан ажиллаад үүнтэй холбоотой тушаал, шийдвэрүүдийг хүчингүй болгуулах санал оруулсан гэх.
Гэтэл засаг түүнийг нь хурлаараа дэмжчихээд, дээрх агуулгатай тэмдэглэлийг хойноос нь илгээчих-жээ. Ингээд яам, зээлийн сангийнхан энэ асуудлыг нухацтайгаар судлах, зээлийн гэрээнүүдийг дүгнэх ажлыг дахин хийж, оны сүүлчээр танилцуулах чухал үүрэг хүлээв. Боловсролын яамныхнаас үүнийг тодруулахад “Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу холбогдох субъектүүдтэй хамтран ажиллаж байгаа” гэв. Харин Боловсролын зээлийн сангийнхан “Өмнөх сайд нарын зээл чөлөөлсөн шийдвэрүүд зөрчилтэй буюу шалгуур хангахгүй, хуульд нийцэхгүй байна гэдгийг АТГ-аас тогтоогоод, манай байгууллагад дүгнэлтээ ирүүлчихсэн. Үүнээс хойш буюу 2023 оны хавраас хойш нэг ч төгсөгчийн зээлийг чөлөөлөөгүй. Яамнаас ямар чиглэл, зөвлөмж өгөх нь вэ гэдгийг харзнаж байна. Хуулиараа энэ бүхнийг шийдэх, зохион байгуулах эрх нь салбарын яаманд болон сайдад л бий” гэв. Үндсэндээ Боловсролын яам болон Боловсролын зээлийн сангийнхан аль аль нь энэ асуудлаар нээлттэй мэдээлэл өгөхөөс цэрвэж, болгоомжилж байна. Засгийн газрын хуралдаанаар зээл чөлөөлөлттэй холбоотой асуудлыг хэлэлцсэн мэдээлэл ч олны анхаарлаас гадна, дарагдаад өнгөрч. Салбарын сайд П.Наранбаяр Боловсролын зээлийн сангийн журмын шинэчлэлтэй холбоотойгоор өнгөрсөн хавар хэд хэдэн удаа мэдээлэл хийсэн ч энэ талаар ганц ч үг ган хийгээгүй. Тэгэхээр үүнийг ил тод болгохгүй байх, цаашилбал нуун дарагдуулах, шийдвэр гаргуулахгүй байх тодорхой нөлөөлөл, эрх ашиг бий гэж хардахад хүргэж байна.
Улсын төсвийн хөрөнгөөр буюу тусгай сангийн зээлээр гадаадад суралцсан хүмүүсийн зээлийг хууль бусаар чөлөөлсөн долоон сайдын хоёр нь өмнөх Засгийн газарт буюу халаагаа өгөөд удаагүй Л.ОюунЭрдэнийн танхимд ажиллаж байв. Өөрөөр хэлбэл, эл асуудлыг өнгөрсөн сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх үед тэдгээр сайд сонсоод, оролцоод сууж байсан гэсэн үг. Үүний нэг нь Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд асан, АН-ын дарга Л.Гантөмөр, нөгөөх нь Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Л.Энх-Амгалан байв. Л.Гантөмөр 2012-2016 онд БСШУ-ы сайдаар ажиллаж байхдаа 435 хүний зээлийг чөлөөлсөн бол Л.Энх-Амгалан 2021-2023 онд 89 төгсөгчийг “харж үзсэн”. Хамгийн олон хүний зээлийг үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэгдэх хоёр албан тушаалтан Засгийн газарт багтаж байсан үед өөрсдийнх нь гаргасан хууль бус тушаал, шийдвэрийг хүчингүй болгох асуудлыг чимээгүйхэн хэлэлцээд, нам гүмхэн өнгөрөөчихсөн нь эрхгүй анхаарал татаж байгаа юм.
Цаг хугацааг ухраагаад харвал дээрх албан бичгийг Боловсролын яам, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт хаяглан илгээх үед улс төрийн нөхцөл байдал тун хурц, эмзэг байв. Ерөнхий сайдыг орлогоо нотлохыг шаард-сан залуусын жагсаал төв талбайд үргэлжлэхтэй зэрэгцээд хамтар¬сан Засгийн газар нуран унах уу, цаашид оршин тогтнох уу гэдэг асуудал хөндөгдөж байсан юм. Ийм үед Боловсролын зээлийн сангийн асуу¬дал сөхөгдсөн бол даарин дээр нь давс нэмэх гэгч болох нь гарцаагүй. Тэгээд бүр танхимынх нь хоёр ч сайд энэ хэрэгт нэр холбогдож буй үед үүнтэй холбоотой мэдээллийг нийтэд ил болговол өөр дээрээ гал дуудсан хэрэг болох нь дамжиггүй. Магадгүй Засгийн газар шийдвэрээсээ буцаж, тогтоол бус, тэмдэглэл гаргаж “төөрөгдүүлсэн” нь ч ийм шалтгаантай байж болох юм. Дээрээс нь үндэслэлгүйгээр зээлээ чөлөөлүүлсэн төгсөгчдийн дунд нийгэм, улс төрд нөлөө бүхий, одоо ч өндөр албан тушаал хашиж буй этгээдүүдтэй ойр дотно, хамааралтай хүн цөөнгүй байсан нь зах зухаасаа ил болсон. Энэ нь ч уг шийдвэрийг “хамгаалахад” тодорхой хэмжээнд нөлөөлсөн гэхэд хилсдэхгүй.
УИХ-ын ес дэх сонгуулийн үр дүнд бүрдсэн 126 гишүүнтэй парламент Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд хяналт тавьж, дүгнэлт гаргах чиг үүрэгтэй ажлын хэсгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны харьяанд байгуулсан. Эл ажлын хэсгийнхэн байгуулагдсан даруйдаа “Зээл хууль бусаар чөлөөлсөн долоон сайдын 17 тушаалыг АТГын дүгнэлтэд үндэслэн хүчингүй болгоно. МөнБоловсролын зээлийн сангааас олгосон гадаад зээл, тэтгэлгийн санхүүжилтийн мэдээллийг нээлттэй, ил тод болгох ажлыг хийнэ. Дээд боловсролын санхүүжилт, суралцагчийн нийгмийн баталгааны тухай хууль (одоогийн Боловсролын ерөнхий хууль)-ийн 8.8-д “Аливаа татвар төлөгчийн мөнгөөр олгожбайгаа суралцагчийн зээлийг чөлөөлөх, хөнгөлөх, хүчингүй болгох журмыг УИХ-аас баталж, шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Гэтэл боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд үүнийг зөрчин тушаал гаргаж, олон тэрбум төгрөгийн зээлийг үндэслэлгүйгээр чөлөөлсөн. УИХ-аас үүнтэй холбоотой нэг ч журам гаргаагүй. Иймд Боловсролын зээлийн сангийн журмыг шинэчлэх, хууль зөрчсөн тушаал, шийдвэрүүдийг хүчингүй болгох замаар татвар төлөгчдийн мөнгийг улсын төсөвт төвлөрүүлнэ” хэмээн мэдэгдэж байсан юм. Харамсалтай хийгээд хачирхалтай нь энэ ажлын хэсэг үндэслэлгүйгээр зээлээс чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгох нь байтугай зээл, тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг бүрэн гүйцэд ил болгож ч чадаагүй байна. Харин Г.Занданшатарын Засгийн газар үүнийг цэгцэлж чадах уу. Дээр дурдсан тэмдэглэлд бичсэнээр бол Боловсролын сайд П.Наранбаяр өмнөх сайд нарын тушаалыг хүчингүй болгох асуудлыг энэ оны намар Засгийн газрын хуралдаанаар дахин оруулж ирэх ёстой. Шинэ Ерөнхий сайд болон түүний танхимынханд танилцуулна гэсэн үг. Харин тэд эл асуудлыг хэрхэн хүлээж авч, шийдвэрлэх бол. Өмнөх Засгийн газрынхаа арга барилаар “хамгаалаад” өнгөрөх үү, эсвэл тэднээс өөрөөр ажиллах уу. Эх сурвалжийн мэдээлснээр зээл чөлөөлсөнтэй холбоотой асуудлыг өнгөрөгч сарын 7-ны Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхэд эхэнд дурдсан хоёр тоо 1040, 102 тэрбум болж өөрчлөгдсөн байсан гэнэ лээ. Тодруулбал, 941 хүний 47.1 тэрбум бус, 1040 хүний 102 тэрбум төгрөгийн зээлийг үндэслэлгүйгээр чөлөөлсөн талаар хэлэлцэж. Цаг хугацаа улирах тусам энэ тоо хэрхэн өөрчлөгдөж, замхрахыг таашгүй.
Н.Мишээл