“Баяртай гуниг минь”, “Догдлолууд”, “Лонхонд байсан шүлгүүд”, “Тарган муур”, “Сэтгэцийн асуудлууд” зэрэг бүтээлийн автор бол Б.Батзаяа. Их хотын аяс, түүний үдшээр сүүмийх дулаан гэрэл мэт, эсвэл үймээн шуугиан шиг мэдрэмжүүд түүний бүтээлд бий. Б.Батзаяагийн хоёр дахь өгүүллэгийн түүвэр болох “Санахгүй байна, гэхдээ сайхан байна” уншигчдад хүрээд удаагүй байна. Ингээд түүний хамгийн сүүлд хэвлүүлсэн яруу найргийн түүвэр болох “Сэтгэцийн асуудлууд” бүтээлээс онцлох шүлгүүдийг нь уншигч танд толилуулж байна.
ДУУ ХООЛОЙ
Над шиг даарч үзсэн хотоо,
нар хүлээн бээрсэн хотоо дулаацуулах гэж
түймэр тавин, Хан-Уулын хажуу бөөрнөөс
хашхирнам, би. Дуу хоолой минь
хамгийн эхний хананд хүрээд хоёр болно,
хамгийн эхний цонхонд хүрээд гурав болно,
хамгийн эхний хаалганд хүрээд дөрөв болно,
хамгийн эхний жалганд хүрээд тав болно.
Хачин хөндий цуурайтсаар, зарим нь бас
сарнина.
Гүүрэнд өлгөгдөж, гэрлэн дохионоос
дүүжлэгдэнэ,
гудамжаар хөглөрч, гутал дор чинь
гишгэгдэнэ;
хундаганы чинь ёроолд тунарч үлдэх,
хувцсанд чинь тамхины утаатай шингэх,
хоносон хоолны шавхруутай хамт
хогийн уутанд боолгож шидэгдэх
дуу хоолойг минь хүүгийнхээ уруулаас
сонсог гэж
дуу алдан уйлах бүрдээ таниасай гэж
Хан-Уулын хажуу бөөрнөөс хашхирнам, би.
БИДНЭЭС ЮУ Ч ХҮЛЭЭХ ХЭРЭГГҮЙ
Найман настайдаа хадаас дээр унаж,
цусанд боолттой гэртээ ирсэн. Сургууль дээр нармайд минь хөвөн шатааж, цогоор түлсэн.
Намайг эцэг минь үе үе зоддог, би онц сурдаг, ээж оройтож тардаг, эгч минь байсгээд гэрээсээ явчихдаг, дүү бид хоёрыг
байрны хүүхдүүд “сонгино, саримс” гэж
дууддаг;
дүүгүүрт дарь тэсэлж, хуурай шидэж,
цэцэрлэгээс төмс хулгайлж;
бид алуурчид, дээрэмчид болцгоож.
Хүнсний дэлгүүрээс хумсалж, сонин зарж;
хүнээс айдаг, хүнээс нуудаг, хүнээс
хулгайлдаг, хутга, чулуу, дээрэм тонуул...
Хоорондоо өсөрхөлцөж.
Хотод эзэн суух гэж хаа сайгүй тэнэцгээж,
хил тогтоож,
гаднаа хүүхэд хэрнээ аль хэдийн
гаж донтнууд, хоёр туйлт
маниакууд болцгоож.
Тэгж тэгж арванзургаа хүрцгээсэн.
Тэнэгүүд нь үлдэж, ухаантнууд нь үхэж;
бид үлгэрлэх хүнгүй өсөцгөөсөн.
Эцэг эх минь хүртэл энэ эрин үеэс айдаг,
“Ингэж өссөн хүмүүсээс юу ч хүлээх
хэрэггүй” гэдэг.
АСУУДАЛ 1
Жижигхэн сэтгэлтэй, жижигхэн итгэлтэй,
гэхдээ том амтай юм.
Тэр том ам нь жигтэйхэн яншаа,
жигтэйхэн хашхичаа хэр нь үлдэх үггүй,
хүндлэлгүй юм, тусгүй юм.
Зориг итгэл, хүсэл тэмүүлэл ч дэргэд нь
мохож мэдэхээр юм.
Атал араатан шиг аюулын хурц
хумстай юм. Гэрийнхээ хаалгатай адил
толгой тархи нь хаалттай, цоожтой юм.
Хүн шиг харагдавч хөөрхий минь
болоогүй л байна даа.
Хүлээх, найдах зүйл ч харагдахгүй байна.
Жижигхэн зүрх, жижигхэн үнэмшил,
жижигхэн бодлынх нь дэргэд томоос том
жигүүрт амьтан байна гэдэг
хэцүүхэн л байна даа.
ГӨЛӨГ НАМНААЧ
Энэ хот дэндүү саарал.
Будан дундаас байшин барилгууд нь
булшны чулуу шиг харагдана.
Утаа угаар нь арц хүж
уугьж байх шиг үзэгдэнэ.
Холоос зулын гэрэл мэт сүүмэлзэх,
цонхны цаана сүүтэгнэх
хотын уугуул суугуулууд
танилцаж амжаагүй дайснууд шиг
санагдана.
Иргэнших, нийгэмших найдваргүй
зийхэн ухаалаг найзуудтайгаа
энд би сууна.
Яхир, гансарсан, дотор тамиртай,
ядуу болохоор зунжин ном цуглуулж,
өвөлжин тэднийгээ иддэг тэд.
Эднийгээ илүү ухаажна гэж
битүүхэн найдна.
Энэ хотод тэжээвэр даанч олон.
Иргэд нь бүх зүйлээ алдсан хэр нь
тэднийгээ угжиж, тэжээсээр байна.
Бялдууч, увайгүй, төрөхийн өлөн гахайнууд
дур зоргоороо аашилж;
бяцхан гөлөгнүүд нь шөнөөр
буг чөтгөр шиг гэлбэлзэнэ.
Тэдэнтэй халамцуудаа таарна гэж найдна.
УУХ ЁСТОЙ ЮМ БИД
Дуу чимээг чинь бохир заваантай нь цуг
би залгилнам.
Цус минь уруулаас, нүд, чихнээс урсаж
хэн ч үл арчнам.
Эмх замбараагүй энэ олон хүнийг
би үзэн яднам.
Тэд ч адил,
эцэс төгсгөлгүй тэнэглэлтэй нь хамт
бид нэгнийгээ гударнам.
Ялангуяа хаана ч байхгүй хийсвэр,
худал хуурмаг руу чинь
ямба царай, дүр эсгэсэн сюрреалист
багны цаадах
үнэн дүр төрх рүү чинь
өдөржин уух хэр нь бөөлжчихгүйг хичээн
чамайг үл тоомсорлон,
энэ хотод ууж согтуурнам.
Учир нь надад үл согтох хүч,
шалтгаан байдаг.
Урлаг, уран зохиол, уран зураг…
Уйлуулдаг-тайвшруулдаг хөгжим,
танил дулаан үгс,
уцаарыг минь дарж байдаг ухаан юм тэд,
айдас минь юм.
Хаа сайгүй тархсан халдвар,
элдэв нянгаас ч юм уу,
шуналаас, хүслээс, тахлаас,
тунгаас, шашнаас, айдсаас, шаналлаас…
Хайрцагт хоригдохоос ч юм уу, намайг
хамгаалж байдаг сахиус юм тэд.
Энэ хот бидний зовлонгийн
учир шалтгаан боловч
эцэст нь бидний хаанчлах уран зохиол,
уран зураг,
цаг нь ирэхээр хүмүүсийн олж үзэх,
одоохондоо
цав цагаан цаас, цулгуй даавуу шиг
харагдах боловч;
энэ бас бидний толгойн өвчин мөн ч,
эрүү өргөн алхах ирээдүй минь учраас
эрүүл, өөр нүдээр харах гэж
хичээж суугаа юм би.
Үл үзэгдэх, үл сонсогдох
ертөнцийнх нь гүнээс
өчүүхэн жижигхэн боловч, үнэн сэтгэлээсээ
бичиж, ярьж,
түүнээ сонсгож, цуурайлж чадаж буйгаа
өрөөл бусдадаа харуулж,
зориг оруулж байгаа юм.
Будилж, шантарч, төөрч явааг нь,
бусдыг нь ч бас өөр шигээ хайрлах гэж
хичээж байгаа юм.
Хамгийн гол нь ялагдагсдыг
хайрлаарай гэж захиж байгаа юм.
Гудамж болгонд нуугдаж асан гоо сайхан,
гутруу, уруу дорой явсаар дууссан
тэднийхээ төлөө ууж байгаа юм би…
АСУУДАЛ 82
Хүрзтэй сэн бол хаа сайгүй булш ухмаар,
хүмүүсийг би үнэн голоосоо үзэн ядах юм.
Уур цухал минь энэ хотыг сая тэнэгтэй нь
улаан тоосонд живүүлж дөнгөх ч
өрцнөөс уурших хилэнгийн минь
хаана ч хүрэхээргүй
өчүүхэн дорой цогцос надад заяажээ.
Ууж халмагцаа мянган мутарт
бурханд хувилаад
унхиагүй мянган хоолойг тас атгахыг хүсэвч
шийтгэл үзүүлэхээргүй лойсон гарт минь
шил, лонхны хүзүү л өртөх нь их юм.
Хүрзтэй сэн бол цэцэрлэгч болох сон.
Алим, нимбэгийн модоо
хүний биеэр бордож суух сан.
АСУУДАЛ 14
Дуулж байгаад уйлсан мөртөө
дуусгаж чаддаг байлаа.
Дурлаж, хүсэж байсан хүнээ үзэн ядаж,
амсаад л хор гэдгийг нь мэдсэн хэр нь
дуустал нь хөнтөрч,
зажилж, залгисан хоолоороо бөөлжиж,
замаа олно гэдгээ мэддэг болохоор
алдахаас айдаггүй байлаа.
Алгадсан хэр нь
өвдөж чаддаг байлаа.
Алхангаа гүйж,
түлхэнгээ тэвэрдэг байлаа.
“Амьдрал бол үхэлд хүрэх зам” гэж
бусдыг хэлэхэд
агаарт том дугуй зураад
дотор нь гацаж чаддаг байлаа.
Бүгд архинд согтож байхад
уух тусмаа эрүүлждэг байлаа.
Бүр төрөхдөө л бүгдээс дутуу
сул дорой, нүцгэн байлаа.
ХОХИРОГЧИЙН СЭТГЭХҮЙ
Манлайлах хүн үгүй!
Удирдан жолоодох хүн үгүй!
Маргаашийг чиний нүдээр харж,
өнөөдрийг даван гарахад чинь
хэн ч туслахгүй,
шаналаад ч нэмэргүй
тэд арьсгүй,
тэд төсөөлөлгүй,
тэд ойлгох хүсэлгүй.
Шантрахад чинь татаж босгохгүй,
уух тоолон нурууг чинь илж
бөөлжихөд чинь туслахгүй,
унтаж хоцроход чинь сэрээхгүй,
сайхан нойрсоорой ч гэж хэлэхгүй
хамт үлдэхгүй,
хамт өвдөхгүй,
өрөвдөх ч үгүй.
Чамд үрэх цаг тэдэнд байхгүй,
өчигдрийг чинь магтан дуулахгүй
тэд завгүй,
тэд сэтгэлгүй,
тэдэнд одоо чи хэрэггүй.
Тэвчихгүй, чамайг ахиж тоохгүй.
Тэвдэхгүй, чиний төлөө айж түгшихгүй.
Түргэн дуудаж, эмийн сан руу гүйхгүй.
Хаалгыг чинь тогшихгүй, гэрэл асаахгүй,
хашхирч сэрээхгүй.
Учир нь яах ийх чинь
хэнд ч хүртээлгүй.
Одоо яах вэ гэж үү?
Яах ч хэрэггүй.
Эвлэрч чадахгүй, итгэж өгөхгүй л байна уу?
Энэ янзаараа л үлдэнэ
тэд өөрчлөгдөхгүй,
нулимс унагахгүй,
чиний төлөө тэгэхгүй.
Чи ч гэсэн бусдын төлөө
юу ч хийдэггүй шүү дээ.
ТА ТЭВЧЭЭРТЭЙ ХҮН ҮҮ?
Хотод сүүлчийн үйлдвэр хаагдахад
бид балгас дундуур нуугдан гүйлдэнэ.
Хорьдугаар тогтоолыг
би тасчин идэхийг хүснэ.
Хоолны дэвтрээ гээсэн тул
(Эцэг чинь олон хүний ирээдүйг залгисан)
бид хоосон хононо.
Дархлаагүй болсон эд эс минь
ахин төлжихгүй ч
(Эх чинь гурил иддэггүй,
чамайг хүний зовлонгоор тэжээсэн)
дарангуйллын эсрэг,
тэгш эрхийн төлөө тэд жагсаж ирээд
гэрт нь ор байсан учир бид төрсөн.
Тамирдаж гүйцсэн эцгээ тавин хэдтэйд нь
найзууд минь оршуулсан.
Чи эцэг эхээ аалз шиг идэж өссөн,
харалган тэнэг болохоор чинь
чамайг бид шоолно.
Толгойд чинь төрийн алба, төслүүд илжирч,
төрөл садан чинь өмхий самхайд чинь
ялаа шиг шавна.
Өвлөж авсан энэ их үйл лайгаа
үр хүүхдэдээ үлдээж байгааг чинь би гайхна.
Яагаад ийм тэвчээртэйг минь асуух хэрэггүй,
ял үүрч яваа нь үнэндээ чи шүү дээ!
АСУУДЛААС ГАРАХ ЗАМ
Хаашаа ч явсан буцмаар болдог хүнд
ГЭР гэдэг үг,
хаачихаа мэдэхгүй уймарч суугаа хүнд
ЗАМ гэдэг үг,
хүйтэнд НАР гэдэг үг,
“Хүрээд ир, ороод ир”...
Хүнд нэг, ихдээ л хоёр үг
цааш алхах, хөл дээрээ босох
хүч өгдөг дөө.
Гэтэл заримдаа зуун үг байгаад
гэр, зам, нар, зуун дуудлага ирээд
буцмааргүй хэр нь суугаад баймааргүй;
толгой тархи дүйнгэтэн сэнсрээд
будилж төөрч явах сайхан санагдах нь бий.
Тийм үед нэг, хоёр,
багадаа гурван тэнэг үйлдэл;
түүнийг нь уучилж мэдэхгүй
ухаантай хэдэн хүн,
амьдралыг нураах
хамгийн амттай арван арга,
аллагатай дүйцэх
ахиад хэд хэдэн амьдрал
хэрэг болно оо.