Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс хоёр жил тутамд зохион байгуулдаг “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи-2025” олон улсын эрдэм шинжилгээний хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор А.Дашцэрэнгийн хэлэлцүүлсэн “Монгол Улс дахь газрын доройтол болон байгалийн нөөцийн хомсдолын шалтгаанууд” сэдэвт илтгэл хэлэлцүүлэв. Харин БНХАУ-ын ШУА-ийн Эко орчин ба нөөцийн баруун хойд хүрээлэнгийн доктор Ван Тао “Уур амьсгалын өөрчлөлт ба Хятадын хуурай бүсэд салхины улмаас үүсэж буй цөлжилт болон ногоон бүс үүсгэх усны менежмент” сэдвээр илтгэл тавилаа.
Хятадын Шинжлэх ухааны академийн Эко орчин ба нөөцийн баруун хойд хүрээлэнгийн доктор Ван Тао энэ үеэр “Монгол Улс газар нутгийн доройтлын аюул нүүрлээд буй дэлхийн орнуудын нэг. Монгол орны газар нутгийн 76.9 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилтөд өртсөн байна. Үүний гол шалтгаан нь цаг уурын өөрчлөлт болон уул уурхайн ашиглалт, малын тоо толгой хэт өссөн зэрэг хүчин зүйлс юм.Монгол Улсын эдийн засаг уул уурхай болон бусад байгалийн нөөцөөс ихээхэн хамааралтай. Байгалийн нөөц, түүний бүрэлдэхүүн хэсгүүд нь монголын хөгжлийн төлөвлөгөөний бүх үе шатанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарт газар тариалан дотоодын нийт бүтээгдэхүүний 3-5, мал аж ахуй 12-15 хувийг эзэлдэг. Монгол орны мөсөн голуудын бараг тал нь хайлж, мөнх цэвдэгтэй нутаг дэвсгэрийн хэмжээ ойролцоогоор 50 хувиар буурсан бөгөөд хамгийн том 15 нуурын хэмжээ ч жил ирэх тусам багассаар байна. Эдгээр үзэгдэл нь усны эргэлтийн тогтвортой байдал, тэнцвэрт байдлыг алдагдуулж, хуурайшилтын суурь болдог.
Газрын доройтол ба байгалийн нөөцийн хомсдол нь Монгол Улсын ирээдүйд заналхийлж буй ноцтой асуудал бөгөөд үүнийг даван туулахын тулд зөвхөн төрийн байгууллага төдийгүй иргэн бүрийн оролцоо шаардлагатай байна. Уур амьсгалын өөрчлөлт болон байгаль орчны сорилтууд нь хил дамнасан шинж чанартай тул олон улсын эрдэмтдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нэн шаардлагатай” гэсэн юм. Уг хуралыг 2017 оноос хойш зохион байгуулж буй бөгөөд энэ удаа ОХУ, БНХАУ, АНУ, Герман, Япон, Норвег, Швейцар, Тайвань, Турк улс болон олон улсын донор байгууллагаас 130 гаруй эрдэмтэн, судлаач, төлөөлөгч ирж оролцож байна. Мөн дотоодын 80 гаруй эрдэмтэн, судлаач, зочин, төлөөлөгч оролцож буй гэнэ. Хуралд 80 аман илтгэл, 57 постер илтгэл хэлэлцэх бөгөөд дотоод, гадаадын 140 орчим эрдэмтэн, судлаач эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнгээ танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
У.Цэцэгсүрэн