Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр мөстөл, мөсөн гол, цасан бүрхүүл эрчимтэй хайлж буй нь цана, снөүбоард зэрэг өвлийн, тэр дундаа уулын спортын ирээдүйн хөгжилд хүнд сорилт болж байгааг Дэлхийн цаг уурын байгууллага (WMO)-аас мэдээлэв. Цаашлаад өвлийн аялал жуулчлалын хөгжилд сөргөөр нөлөөлж буйг ч анхааруулсан юм. Тухайлбал, Швейцар дахь мөсөн голууд сүүлийн хоёр жилийн хугацаанд нийт эзлэхүүнийхээ 10 орчим хувийг алдсан гэнэ. Альпын нуруунд орших мөсөн голуудын хайлсан хэмжээ сүүлийн 60 жилийн түүхэн дээд түвшинд хүрсэн аж. Хойд Америкийн баруун бүсэд орших мөсөн голуудын эзлэхүүн 2021-2023 онд 2020 оныхоос есөн хувиар багассан юм байна. Энэ мэтчилэн мөстөл, мөсөн голуудын нийт эзлэхүүн, талбайн хэмжээ жилээс жилд буурсаар байгааг дурдлаа.
Байгаль, цаг уураас шалтгаалсан өөрчлөлтийн улмаас өвлийн спортын төрлүүдийн бэлтгэл сургуулилалтыг гадаад орчинд буюу байгальд хийх, эдгээрт тулгуурласан экстрим, тусгай сонирхлын аяллыг хөгжүүлэх боломж улам хумигдаж буйг дээрх байгууллагаас дэлхий нийтэд зарлалаа. Үүнтэй холбоотойгоор Дэлхийн цаг уурын байгууллага, Олон улсын цана, цасан урлалын холбоо (FIS) хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Тус байгууллагууд өвлийн спорт, аялал жуулчлалд тулгарч буй сорилт бэрхшээлийг шийдвэрлэх, энэ талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг сайжруулах чиглэлээр арга хэмжээ хэрэгжүүлэхээр санал нэгдсэн байна.