Байгаль орчны тогтвортой байдал, нийгмийн эрүүл мэндийн уялдаа холбоог дээшлүүлэх зорилготой “Public lab Mongolia”, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бие даан амьдрахад нь туслах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Түгээмэл хөгжил” төрийн бус байгууллага хамтран Чингэлтэй дүүрэгт дэд бүтцийн хүртээмжийн үнэлгээ хийхэд муу үр дүн гарчээ. Уг судалгааг хорооны 21 байр, ерөнхий боловсролын 10 сургууль, нийт 31 байршилд хийсэн бөгөөд эдгээрээс ердөө ганц нь стандартын шаардлага хангасан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу замтай байсан гэнэ. Стандарт, норм дүрэмд нийцсэн ариун цэврийн байгууламж аль ч хорооны байр, сургуульд байгаагүй аж.
Сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон засаг захиргааны нэгж байгууллагуудад иргэд тогтмол очиж, нийгмийн суурь үйлчилгээг авдаг учир дэд бүтэц, орчны төлөвлөлт нь бүх хүнд хүртээмжтэй, саадгүй, тогтсон стандарттай байх ёстой гэж олон улсад үздэг. Үүнтэй холбоотойгоор дээрх байгууллагынхан нийгэмд хамгийн чухал, эрэлтэй үйлчилгээ үзүүлдэг хороо, сургуулийн орчны дэд бүтцийг үнэлжээ. Тэд эл үнэлгээнийхээ мэдээллийг “Open street map” платформд байршил тус бүрээр нь оруулж буй юм байна. Ингэснээр энэ нь 33 хэл дээр ашиглах боломжтой нээлттэй өгөгдөл болж, тэргэнцэртэй иргэдэд хүртээмжтэй үйлчилгээний газруудыг хайдаг wheelmap.org хэмээх цахим системд мэдээлэл нь автоматаар бүртгэгдэж байгаа гэнэ.