Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг олон улсын хүүхдийн спортын Х наадам Улаанбаатар хотод энэ сарын 6-10-нд боллоо.
Гурван улсын баг тамирчид спортын есөн төрөлд 525 багц медалийн төлөө өрсөлдөв. Монголын өсвөрийн шигшээ баг 31 алт, 33 мөнгө, 30 хүрэл, нийт 94 медаль хүртсэнээр багийн дүнгээр тэргүүллээ.
Тэмцээн чөлөөт бөхийн тэмцээнээр эхэлсэн бөгөөд эмэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын баг таван алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл медальтайгаар нэгт бичигдэв. Мөн эрэгтэйчүүдийн төрөлд манай тамирчид гурван алт, дөрвөн мөнгө, долоон хүрэл медальтай тэргүүлсэн. Удаах байрт ОХУ, БНХАУ-ын баг оржээ.
Хөнгөн атлетикийн тэмцээний эрэгтэй, эмэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтийн төрөлд БНХАУ-ын тамирчин Фу Жиани, До Хаохун нар алтан медаль хүртэв. Мөн эрэгтэй, эмэгтэйчүүдийн 400 метрийн гүйлтийн төрөлд БНХАУ-ын тамирчин Зао Хуанюү, Дон Жиашин нар алтан медаль авлаа. Хөвгүүдийн 5000 метрийн гүйлтийн төрөлд Монгол Улсын тамирчин Н.Цагаадай түрүүлсэн аж.
Ширээний теннисний хосын төрөлд БНХАУ-ын Ли Яо, Мин Зэ нар түрүүлсэн бол Монголын А.Билгүүн, С.Анхмаа нар мөнгө, БНХАУ-ын Лю Риусе, Лиан Юэ нар хүрэл медаль хүртсэн байна. Хөвгүүдийн ангилалд Монгол Улсын баг түрүүлсэн бол БНХАУ, ОХУ-ын тамирчид удаалжээ. Тус төрлийн охидын ангилалд БНХАУ-ын баг алтан медаль хүртсэн бөгөөд ОХУ, Монголын баг мөнгө, хүрэл медалийн тавцанд зогссон аж.
Тэгвэл хөвгүүдийн ганцаарчилсан төрөлд БНХАУ-ын тамирчин Яанг Юубин аваргалсан бол удаах байрт Монголын тамирчин У.Мөнх- Өлзий, А.Билгүүн нар оржээ. Охидын ганцаарчилсан төрөлд БНХАУ-ын тамирчин Лиан Юэши орж, дэд байрт Лиэ Юүтон, удаах байрыг Монголын тамирчин С.Анхмаа эзэлсэн аж.
Жүдо бөхийн төрөлд Монголын баг 13 алтан медаль хүртсэн байна. Багийн дүнгээр охидын ангилалд Монгол Улсын нэгдүгээр баг зургаан алт, хоёр мөнгөн медальтай тэргүүлжээ. Монгол Улсын хоёрдугаар баг хоёр алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртэж дэд байрт орсон бол ОХУ-ын баг нэг мөнгө, таван хүрэл медальтайгаар гуравт бичигдэв.
Хөвгүүдийн ангилалд Монгол Улсын хоёрдугаар баг гурван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль авч, нэгдүгээр байрт шалгарсан. Тэгвэл Монгол Улсын нэгдүгээр баг хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль авснаар дэд байрт орсон байна. Харин ОХУ-ын баг хоёр алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэнээр гуравдугаар байрт шалгарчээ. БНХАУ-ын баг дөрөвдүгээр байрт орсон байна.