Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида энэ сарын 11-12-нд манай улсад айлчлахаар төлөвлөөд байсан билээ. Гэвч тус улсын баруун өмнөд хэсэг, Кюүшюарлын Мияазаки мужийн эрэгт энэ сарын 8-нд хүчтэй газар хөдөлсөнтэй холбоотойгоор тэрбээр төв Ази дахь айлчлалаа цуцалсан байна. Номхон далайн баруун эргийн ойролцоо дахин хүчтэй газар хөдлөх магадлалтай байгаа зэргээс үүдэн Японы Ерөнхий сайд эх орондоо байж энэ бүх гамшигт бэлэн, эсэхээ нягтлах хэрэгтэйгээ мэдэгдсэн аж. Тэрбээр нөхцөл байдал дээрдэхээр айлчлалаа хийх бөгөөд одоогоор дараагийн тов нь гараагүй байна.
Ерөнхий сайдын түвшинд найман жилийн дараа хийх гэж буй уг айлчлалын хүрээнд хоёр улсын Засгийн газрын тэргүүн албан ёсны хэлэлцээ хийх юм. Мөн Ерөнхий сайд Ф.Кишида Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарт тус тус бараалхана.
Бэлтгэсэн С.Уул