Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон улсын төсвийн тодотголыг өнөөдөр өргөн барина хэмээн Монгол Улсын сайд, Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал мэдэгдсэн билээ. Аливаа Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлснээс хойш 60 хоногт багтаан үйл ажиллагааны хөтөлбөрийн төслөө УИХ-д өргөн барих хуультай. Мега төслүүдийг хэрэгжүүлэхээр зорьсон уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан энэ оны улсын төсөвт тодотгол хийх шаардлага үүсэж буй юм.
Тиймээс эдгээр асуудлыг хэлэлцэхийн тулд УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулахаар болсон билээ. Уг чуулганыг өнөөдөр нээх тухай мэдээлэл цацагдсан ч энэ талаар УИХ-ын дарга албан ёсны захирамж хараахан гараагүй байгаа аж. Гэхдээ энэ долоо хоногт багтаан ээлжит бус чуулганыг хуралдуулах нь тодорхой болжээ.
Бэлтгэсэн С.Уул