Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар Японы Ерөнхий сайд Фүмио Кишида энэ сарын 11, 12-нд манай улсад албан ёсоор айлчлах гэж байна.
Японы Ерөнхий сайд Фүмио Кишида айлчлалын үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нарт бараалхах юм.
Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд Япон улстай “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, уг түншлэлийн үйл ажиллагааны 2022-2031 оны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоход айлчлалын зорилго оршиж байна.
Японы Ерөнхий сайдын түвшинд 2016 оноос хойш найман жилийн дараа хэрэгжиж буй энэхүү айлчлал нь Монгол Улсын цаашдын хөгжлийн бодлого, зорилтын хүрээнд ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Япон улстай “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бүхий л чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой ажээ.
Монгол Улс, Япон улс нь 2022 оноос “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн харилцааг хөгжүүлж байна.