Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүдийг бүртгэж эхэлжээ. Тэд энэ сарын 12- ноос өмнө хүсэлтээ СЕХ-нд илгээх ёстой юм. Нам, эвслийг төлөөлж тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх намын салбар байгууллага нь санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө хүсэлтээ явуулна хэмээн холбогдох хуульд заажээ. Тиймээс сонгуульд оролцох тухай аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх намын байгууллагын болон намын даргыг томилсон шийдвэр, сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүний эдийн засгийн тооцоонд хийсэн төрийн аудитын байгууллагын дүгнэлт, нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх намын дотоод журам зэрэг бичиг баримт бүрдүүлэн хандах аж.
Тухайн шатны сонгуулийн хороо баримт бичгийг нягтлан шалгаж, тав хоногт багтаан нам, эвслийг бүртгэх, эсэх шийдвэрээ гаргана. Орон нутгийн хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл болон бие даагчид энэ сарын 27-ноос ирэх есдүгээр сарын 2-ныг дуусталх хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулах юм.
Ирэх аравдугаар сарын 11-нд болох уг сонгуульд улс төрийн намууд дангаар, эсвэл эвсэж оролцох, эсэх шийдлээ ярилцаж буй. Тухайлбал, Иргэдийн оролцооны нэгдэл намынхан Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намтай эвсэхээр хэлцэл хийсэн байна. Тэд эвслийн Засгийн газар байгуулсан гурван намаас бусдыг нь орон нутгийн сонгуульд нэгдэж ажиллахыг уриалжээ.
Бэлтгэсэн С.Уул