Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг Олон улсын Улаан загалмай хороо (ОУУЗХ)-ны Зүүн Азийн бүсийн Төлөөлөгчийн газрын дарга Балтазер Стаехэлинийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд олон улсын өнөөгийн нөхцөл байдал, зэвсэгт мөргөлдөөн, хүмүүнлэгийн тусламж, хүмүүнлэгийн эрх зүйн асуудал, Монгол Улсын оролцоо, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцохын зэрэгцээ Улаанбаатар хотноо энэ оны наймдугаар сарын 22-23-нд болох “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын бэлтгэл ажлын талаар мэдээлэл солилцлоо.
Уулзалтын төгсгөлд Л.Мөнхтүшиг энэ жил Монголын Улаан загалмай нийгэмлэг байгуулагдсаны 85 жилийн ой тохиож буйг тэмдэглээд, Гадаад харилцааны яамнаас ОУУЗХ, Монголын Улаан Загалмай Нийгэмлэг хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бүхий л талын дэмжлэг үзүүлэхээ тэмдэглэснийг ГХЯ мэдээлжээ.