“Playtime 2024”-ийг “Earth, music, art, love” уриан дор өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа. 22 дахь удаагийн эл наадмын байршлыг өнөө жил сэлгэж Налайх дүүрэгт болгов. Өнгөрсөн жил үер усны аюулаас үүдэн уг наадмыг нэг хоногийн өмнө дуусгасан. Тиймээс энэ жил байршлаа сэлгэж үерийн эрсдэлгүй бүсэд хийжээ. Дөрөв хоногийн турш үргэлжилсэн эл наадамд нийт 2000 орчим жуулчин, 250 гаруй хамтлаг, уран бүтээлч оролцсон гэнэ.
Энэ жилийн“Playtime” нь зөвхөн урлагийн тоглолтууд бус, “Play time plus” буюу хөгжмийн бус хөтөлбөртэй болсноороо онцлогтой. Үүнд хөгжөөнт тоглоом, асуулт хариултын тэмцээн, иог, бясалгал зэрэг олон төрлийн арга хэмжээ багтсан байна. Уг наадамд оролцогчид “Өмнө нь “Монгол шилтгээн”-д зохион байгуулдаг байсан. Харин энэ жил илүү том зай талбайтай Налайхад зохион байгууллаа. Хоол хүнс, ахуйн хэрэгцээг бүрэн хангасан асрууд байршуулжээ. Ингэснээр наадмын талбайгаасаа гарахгүйгээр өөрт хэрэгцээтэй бүхнээ авч чадна. Түүнчлэн олон төрлийн сонирхолтой арга хэмжээ зохиосон учир уйдах завгүй байлаа” гэж байв.
Бэлтгэсэн У.Цэцэг