Нийслэлд 2023 оны аравдугаар сарын дундуур өмхий үнэр тархаж, Зүүн дөрвөн зам, 13 дугаар хороолол, “Дүнжингарав” худалдааны төв орчимд илүүтэй үнэртэн олон нийтийг бухимдуулж байсан билээ. Үүнийг нягтлахаар НОБГ, НБОГ, НЦУГ, УСУГ-ын хамтарсан ажлын хэсэг “Дүнжингарав” орчмоос эхлэн Налайх дүүргийн нутаг дэвсгэр хүртэл шалгаад, бохирын магистрал шугам руу автомашины асло, тос хийснээс болсон гэж дүгнэсэн юм. Тодруулбал, 2023 оны аравдугаар сарын 11-ний 21.00 цагийн үед химийн хортой болон аюултай бодисыг Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг, Хонхор дахь хэрэглээний бохир усыг татан зайлуулах 50 см-ийн диаметртэй төв коллектор шугамд нийлүүлснээс өмхий үнэр нь өнгөрөгч оны аравдугаар сарын 12-нд нийслэлчүүдийг утсан гэж дүгнэсэн.
Үүний мөрөөр хууль хяналтын байгууллага шалгахад Налайх дүүргийн V хороонд үйл ажиллагаа явуулдаг, автомашины мотор, кропны хаягдал тос, масло дахин боловсруулж, дизелийн түлш үйлдвэрлэдэг гэх “Эко стандарт петролиум” ХХК-ийнхны буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй нь тодорхой болсон. Тиймээс тус компанийн гүйцэтгэх захирал Б.Наранцацралд Эрүүгийн хуулийн 20.11-1, 20.11-3 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг зориулалтын бус газар хаясан, хог хаягдлын зэрэглэлийг санаатайгаар буруу тогтоож зориулалтын бус газар хаясан, устгасан, уг гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.
Б.Наранцацрал нь “хэрэглээний бохир ус соруулна” гэсэн дуудлага өгөөд 20 тонн хаягдал тос соруулж, бохирын шугамд нийлүүлсэн нь тогтоогдсон гэдэг. Уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав удирдан хийгээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах захирамж гаргасан аж. Үүнийг нь НПГ-ын хяналтын прокурор Н.Өнөрбаяр эсэргүүцэн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан ч анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр нь үлдээжээ.