Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, гишүүн Д.Баяндүүрэн нар өчигдөр нийслэл, дүүргийн сонгуулийн хорооны хуралдаанд оролцож, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл солилцсон байна. Хуралдаанд нийслэлийн болон есөн дүүргийн сонгуулийн хорооны удирдлага, нийслэлийн Улсын бүртгэл, Цагдаагийн удирдах, Онцгой байдлын газар болон Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн төлөөлөл оролцсон аж. СЕХ-ны дарга ил тод, нээлттэй байдлыг бүрэн хангаж, ажиглагч, иргэд хяналт тавих боломжийг бүрдүүлэх талаар тэдэнд чиглэл өгсөн байна. Түүнчлэн хүний эрхийн мэдрэмжтэй байж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах зөвлөмжийг дагаж ажиллахыг сануулжээ.
Нийслэлийн хэмжээнд нэг сая 93 мянган сонгогч 513 санал авах байранд саналаа өгөх аж. Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд буюу нөгөөдөр эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлэх юм байна. Энэ удаагийн сонгуулиар бүртгэлийн 800 гаруй итгэмжлэгдсэн ажилтан ажиллах нь. Хоёр мянгаас дээш сонгогчтой хэсгийн хороонд хоёр ажилтан ногдож буй гэнэ. Мөн зургаан мянга орчим төрийн албан хаагч ажиллаж буй.
Сонгуулийн үеэр гарч болзошгүй үерийн эрсдэл, галын аюулаас сэрэмжилж, зохих бэлтгэл хангах зааварчилгааг энэ үеэр нийслэлийн Онцгой байдлын газраас өгч, шаардлагатай эд зүйл, тоног төхөөрөмжийг бэлтгэхийг анхааруулжээ. Цахилгаан хангамжийн найдвартай байдлыг хангах зорилгоор Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн шуурхай үйлчилгээ, засварын 46 бригад зөөврийн цахилгаан үүсгүүртэйгээр ажиллах юм байна. Зарим санал авах байранд нөөц эх үүсвэрийг бэлтгэх нь.