Энэ амралтын өдрөөр “Монгол шилтгээн”-д “IBIZA” хөгжмийн фестиваль 10 дахь жилдээ болох гэж буй. Зуны улиралд зохион байгуулагддаг бусад шоунаас өнгө төрх, зохион байгуулалтаараа эрхгүй ялгардаг уг фестиваль энэ жил ч олон олон гэнэтийн бэлгээр дүүрэн байх аж. Тодруулбал, хөгжмийн тоглолт, Дубайн алдарт DJ Magistro хүрэлцэн ирж тоглох бөгөөд DJ Huka, Roockieman, Becca, Татар, Seryoja, Arman, Bektor petrovic, Fruitybaachka зэрэг олон залуу уран бүтээлчидтэй нэгэн оройг хамтдаа өнгөрүүлэх боломжтой гэнэ.
Испанийн алдарт Ибиза арлын нэрээр нэрлэсэн энэхүү фестивалийг олон улсын жишигт нийцсэн, урин цагийн далайн арлын задгай, үдэшлэгийг санагдуулам уур амьсгалтай байлгахаар төлөвлөсөн гэдгээ зохион байгуулагчид онцолж буй.
Уг нь энэ сарын 21-ний баасан гарагт болохоор төлөвлөгдсөн уг фестиваль цаг агаарын таагүй байдлын улмаас нэг өдөр хойшлогдож, 22-ны бямба гарагт болохоор болжээ. Гэхдээ зохион байгуулагчдын хэлж буйгаар "Бороо орсон ч асар болон борооноос хамгаалах саравч зэрэг зүйлс бэлдсэн учир тоглолтод ямар ч саад учрахгүй" гэсэн юм.