Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XX хуралдаан өчигдөр боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар эл хурлаар хэлэлцэв. БХБЯ болон нийслэлийн ЗДТГ-ынхан хамтран Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн үнэлгээг гаргасан аж. Нийслэлд 1966 оныхтой дүйх хэмжээний үер болбол Туул гол орчмын 3200 га суурьшлын бүсээс эхлээд Төмөр зам, Дунд гол, “ДЦС-4”, Төв цэвэрлэх байгууламж усанд автах эрсдэлтэй гэсэн дүн уг үнэлгээгээр гарсан аж. Мөн 34 900 га талбай нэг метрээс дээш гүнтэй усанд автах магадлалтай гэнэ. Үүнтэй холбоотойгоор хотын үерийн байгууламжуудыг сайжруулах шаардлагатайг төлөөлөгчид онцолсон юм.
Улаанбаатар хотын хэмжээнд үерээс сэргийлэх ямар арга хэмжээ авч байгааг нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг танилцуулсан. Түүний мэдээлснээр нийслэл 163.6 км үерийн хамгаалалтын далан, суваг, ус хүлээн авах шүүрт 400 худагтай. Мөн замын борооны ус зайлуулах 209, хөрсний ус зайлуулах 24.9 км шугам сүлжээтэй аж. Гэвч эдгээр байгууламж, шугам сүлжээний 67 хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан гэнэ. Үүнээс энэ онд 22 байршилд үерийн хамгаалалтын 12 км далан, байгууламжийг шинэчлэхийг О.Номинчимэг хэлсэн. Одоогоор зургаан байршлын борооны усны шугам, үерийн даланг засварлаад буй аж.
Мөн Хан-Уул дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт Дунд голын үерийн хамгаалалтын даланг угсарч байгаа гэв. Түүнчлэн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Дунд голын голдирлыг хааж хашаагаа хэтрүүлэн барилга, байгууламж барьж, чингэлэг байршуулсан “Авто терминал трейд” ХХК-тай зөвшилцөн, зөрчлийг нь арилгуулжээ. Үүнээс гадна Дунд голын бургасан дотор байшин барьсан иргэний зөрчлийг арилгуулахын зэрэгцээ стандартын бус гүүрнүүдийг буулгаж, хог хаягдлыг тээвэрлэж буй юм. Эдгээр ажлыг дуусгасны дараа үерийн хамгаалалтын далан барих, барилга, байгууламжийг хүчитгэж эхлэхээр төлөвлөжээ.
Бэлтгэсэн: М.Оч