УИХ-ын ес дэх удаагийн сонгуулиар 126 гишүүнтэй парламентыг анхлан байгуулах гэж байна. Ингэхдээ холимог тогтолцоогоор буюу 48 гишүүнийг намын жагсаалтаар сонгож байгаа нь жалга дов тойрсон, тойрог тойглосон явцуу ашиг сонирхлоос ангид, улс орны хөгжлийг томоор, бүтнээр нь харсан бодлого, шийдвэр гаргахад тустай хэмээн найдаж буй. Өөрөөр хэлбэл, энэ удаа улс төрийн нам, эвслүүдээс ялсан нь мөрийн хөтөлбөрөө цогц байдлаар хэрэгжүүлэх тул тэдний дэвшүүлж буй бодлогоос сонирхуулъя.
ХҮН: ЗАСГИЙН ГАЗРЫГ ЕСӨН ЯАМТАЙГААР БАЙГУУЛНА
Хүмүүнлэг эрх чөлөөний үзэл санаанд үндэслэн мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа ХҮН намынхан нэн тэргүүнд хэрэгжүүлэх хүчирхэг эдийн засаг, хүндээ зориулсан хөрөнгө оруулалт, хүний эрхийг дээдэлсэн, цомхон, чадварлаг, авлигагүй төр, байгальд ойр хөгжил болон батлан хамгаалах, гадаад харилцаа, гадаадад суугаа монголчуудад чиглэсэн бодлого хэмээн таван багц болгожээ. Юуны түрүүнд төрийг цомхон, мэргэжлийн байхаас ажлаа эхлүүлэхээ тус намын дарга Т.Доржханд мэдэгдсэн. Ингэхдээ Засгийн газрыг есөн яамтайгаар байгуулж, агентлагийн тоог 2-3 дахин цөөлснөөр төсвийн хөрөнгийг хэмнэхээс гадна төрийн дарамтыг багасгана гэж тооцсон байна. Мөн АТГ-ыг зөвхөн урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байхаар өөрчлөх гэнэ. Авлига, албан тушаалын гэх мэт тусгай субъектийн гэмт хэргийг шалгадаг нэгжийг бие даан ажиллуулах аж.
Үүний сацуу уул уурхайн төрийн өмчит компаниудын удирдлагыг ялсан намын дарга бус, олон нийтийн хяналттайгаар мэргэжлийн хүмүүсээс томилох нь. Стратегийн орд газрыг ашиглахтай холбоотой зохицуулалтыг шинэчилж, Үндэсний баялгийн санг зөвхөн цуглуулаад, хуваарилдаг бус, төвлөрүүлэн өсгөх зарчим баримтлан ажиллуулахаа зарлаж байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 50 хувиар хөнгөлж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг таван хувь болгож өсгөн, ашигт малтмалын нөөц ашигласны татвар гэх мэт давхардсан дарамтыг багасгахаар мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Гарааны бизнесийг дэмжих болон Сумын хөрөнгө оруулалтын сан байгуулна, ган, цемент, шилний үйлдвэрийг тэргүүлэх ач холбогдолтойд тооцож, санхүүжилтийг нь шийдэн дэмжинэ, Эрчим хүчний тухай хуулийг шинэчилнэ, багшийн үнэлэмжийг дээшлүүлнэ, дижитал сурах бичиг нэвтрүүлнэ, тэтгэврийн реформыг цогцоор нь хийнэ, 10 мянган айл өрхийг нарны болон салхины эрчим хүчээр хангах төслийг хувийн хэвшлийнхэнтэй хамтран хэрэгжүүлнэ гэх мэт зорилт дэвшүүлсэн байна.
ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ: БҮХЭЛДЭЭ БИЗНЕСИЙГ ДЭМЖИНЭ
Үндэсний эвслийн хувьд “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, үндэстнээрээ баяжъя” мөрийн хөтөлбөр нь төр, нийгмийн зүтгэлтэн Солийн Данзаны “Иргэн баян бол улс баян” үзэл санаанд суурилжээ. Үндсэндээ бизнесийг дэмжих, тус салбар дахь дарамтуудыг багасгах, төр нь хувийн хэвшилтэй өрсөлддөг байдлыг халахад чиглэснийг удирдлагууд нь онцолсон. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжихийн тулд эхлээд эрх зүйн орчныг нь сайжруулж, олон төрлийн зөвшөөрөл нэхдэг шат, дамжлагуудыг багасгах гэнэ. Үүний тулд цахимжуулах, автоматжуулах, ил тод байлгахыг чухалчлах бөгөөд төрийн албан хаагчдыг чадавхжуулах, орчин, нөхцөлийг нь сайжруулах арга замыг боловсруулжээ.
Нөгөө талаас тэд эдийн засгийг тэтгэж, нийгмийн бодлоготойгоо нягт уялдсан цогц бодлого боловсруулсан хэмээж буй. Жишээ нь, мөрийн хөтөлбөрт нь хүүхдүүдэд “Бага үдийн сүү” өгнө гэж тусгаж. Үүний тулд эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, тэжээлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатай. Мөн үр, сорт, техник, малын эрүүл мэнд, ариутгал, технологи, савлагаа гэх мэт маш олон асуудлыг хамтад нь шийдэх шаардлага тулгардаг тул тэр бүгдийг цогцоор харсан гэнэ. Түүнчлэн мөрийн хөтөлбөртөө иргэдийг ирээдүйн үндэс нялх, балчир үрс, өсөж ургах бага, өсвөр насныхан зэргээр насаар нь ангилан, тэдний төлөө хийх ажлаа дурджээ. Тухайлбал, ээжийн жирэмсний болон амаржсаны дараах үед “Шинэ аав” санаачилгаар дамжуулан тэдэнд цагийн зохицуулалт хийж, гэрээсээ ажиллах боломж бүрдүүлнэ, ер нь зайнаас, уян хатан байдлаар хөдөлмөрлөх орчин бий болгоно, 1-4 дүгээр ангийнханд гэрийн даалгавар өгдөггүй тогтолцоонд шилжүүлнэ, Z үеийнхний ур чадварыг дээшлүүлэх, дадлага хийх боломж олгох “Дөрөө” систем хэрэгжүүлнэ гэх мэт зорилт байна.
Тус эвслийн хувьд нийслэл болон зургаан бүсийн хэмжээнд хөгжлийн бодлогыг тодорхойлсон ч тийм, ийм зам барина гэж нарийвчлан тусгасангүй. Улаанбаатарын тухайд хоёр, таван дэд, олон нийтийн 26, төрөлжсөн дөрвөн төвтэй байвал цогц, цомхон, гамшгийн эрсдэлгүй, ухаалаг төлөвлөлт болно гэж үзжээ.
МАН: “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ОО ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
Эрх баригч намынхан “Шинэ сэргэлтийн бодлого, бүсчилсэн хөгжлийн реформ”-ыг онцолж, “Ард түмний ялалт” хэмээх уриа дэвшүүлж байна. Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай тогтоолыг УИХ 2021 оны сүүлчээр баталж, 2022 оноос Засгийн газар хэрэгжүүлсэн. Үндсэндээ өнөөгийн Засгийн газрын өнгөрсөн хугацаанд барьсан гол “хөзөр” нь бөгөөд эрх барих боломж олдвол үүнийгээ тасралтгүй үргэлжлүүлэхээ илэрхийлж байна. 2020 оны сонгуулиар тэд хоёр дахиа эрх барихын тулд эхлүүлснээ дуусгаж, амжилтаа бататгахаа амлаж байв. Ингэхдээ шударга ёсны хувьсгалыг өргөжүүлж, улс төрийн тогтвортой байдал, үндэсний нэгдмэл үнэт зүйлсийг бэхжүүлэн, эдийн засгийн өсөлтийн үр шимийг иргэн бүрд бодитой хүргэх бодлого хэрэгжүүлэхээ зарласан юм. Тиймээс ч мөрийн хөтөлбөрийнхөө суурь үзэл баримтлалыг “Амьдралын чанар ба дундаж давхарга” хэмээн тодорхойлж, нийгмийн бүх салбарт тэгш бус байдлыг багасгаж, дундаж орлоготой иргэдийн тоог нэмэгдүүлэх замаар амьдралын чанарыг дээшлүүлэхээ амласан билээ. Энэ удаа тэд “Эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх хүний хөгжлийн бодлого”-оор мөрийн хөтөлбөрөө эхлүүлжээ. Үүнд “Миний ажилтан орон сууцтай” хөтөлбөрийн хүрээнд ажилтандаа орон сууц худалдан авахад дэмжсэн байгууллагад хөнгөлөлт үзүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх, эрүүл мэндийн даатгалыг багцын системд шилжүүлэн, даатгуулагч өөрт хэрэгтэйгээ сонгох тогтолцоотой болгох, 3000 эмч, 10 мянган сувилагч, мэргэшсэн 5000 асрахуйн ажилтан бэлтгэх, “Умайн хүзүүний хавдаргүй Монгол” хөтөлбөрийг нэмж, 1-2 хүртэлх насны хүүхдийг яслийн үйлчилгээнд хамруулсан ээжүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, англи хэлний 2000 багшийг гадаадад мэргэжил дээшлүүлэх боломжоор хангах гэх мэтээр багтаан жагсаасан байна.
Ингэхдээ холимог тогтолцоогоор буюу 48 гишүүнийг намын жагсаалтаар сонгож байгаа нь жалга дов тойрсон, тойрог тойглосон явцуу ашиг сонирхлоос ангид, улс орны хөгжлийг томоор, бүтнээр нь харсан бодлого, шийдвэр гаргахад тустай хэмээн найдаж буй.
Бүсчилсэн хөгжлийн тухайд өнгөрсөн оны сүүлчээр буюу сонгуулийн тойргийг бүсчлэн хуваах үеэс ярьж эхэлсэн. МАН мөрийн хөтөлбөртөө хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд зургаан бүс болон нийслэлд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг тусгасан байна.
АН: АЛДАГДСАН НАЙМАН ЖИЛИЙГ АВЧИРНА
АН-ынхан мөн бүсчилсэн хөгжлийн дагуу хийх ажлаа сонгуулийн 13 тойрог болон нийслэлийн хэмжээнд тодорхойлжээ. Сөрөг хүчний зүгээс “Бүтэн Монгол, бүрэн ардчилал” буюу “9+90+900” хэмээх эрчимт хөгжлийн төлөвлөгөөг танилцуулж байна. Тус намын дарга Л.Гантөмөр “Манай мөрийн хөтөлбөр бол амлалт биш, ажлын төлөвлөгөө” хэмээж байсан удаатай. Тэд өнгөрсөн найман жилийг “алдагдсан” хэмээн тодорхойлж, алдаагаа засахын тулд есөн бүлэг бүхий бодлого боловсруулжээ. Мөн заавал хүрэх есөн зорилт бий бөгөөд үр дүнд нь Монгол Улс дэлхийн дунджаас дээгүүр хөгжилтэй болох гэнэ. Цаашлаад заавал хийх 90 ажил, 900 гаргалгааг тусгасан учраас мөрийн хөтөлбөрөө “9+90+900” хэмээн томьёолсон аж.
Тухайлбал, эхний “Бүтэн Монгол” бүлэгт хувиараа хөдөлмөр эрхлэгчдээс авхуулаад аялал жуулчлалынхан хүртэл 19 салбарт ажиллаж буй иргэдэд чиглэсэн ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэдгээ тусгасан байна. Тодруулбал, “Өрх бүр баялаг бүтээгч” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ, хөдөлмөрийн бүтээмж, ур чадварт суурилсан цалин хөлсний тогтолцоонд шилжүүлнэ, малчдад хүчин чадал өндөртэй техник, тоног төхөөрөмж ашиглах боломж бүрдүүлнэ, доройтсон бэлчээрийн 30-аас доошгүй хувийг сэргээнэ, Орос, Хятадыг холбосон дэд бүтцийн томоохон төслүүдийг дэмжиж, тэдгээрт монгол хүн түлхүү ажиллах нөхцөл бий болгоно, “Оюутан цэрэг”-т хамрагдсан оюутнууд төрийн албанд ороход нэмэлт оноо өгнө гэх зэргээр тусгажээ. Мөн төрийн албан хаагчийн цалин, урамшууллыг нэмэхдээ бага цалинтай хэсгийг эхэнд тавьж, нийтэд зарлахгүйгээр өсгөнө, жил бүр сургалтад хамруулна, хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан дэд бүтэц, орчныг эмнэлгүүдэд бий болгоно, цэцэрлэг, сургуулийн нэг ангийн хүүхдийн тоог 30-аас хэтрүүлэхгүй, инженер бэлтгэх хөтөлбөрийг үргэлжлүүлнэ, залуучуудын хөгжлийн бодлогод чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг бие даасан институц байгуулна, “Монгол гэр бүл” боловсролын хөтөлбөр хэрэгжүүлнэ, Хамтын тэтгэврийн тухай хуулийг сэргээнэ, гурав хүртэлх насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийн хүүхдээ өсгөсөн жилийн үнэлэмжийг шинэчилнэ зэргээр нийгмийн бүлгүүдийг нэлээд нарийвчлан, хийх ажлаа чиглүүлжээ.