УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай ЮНИДУРА (Хувийн эрх зүйг нэгтгэх олон улсын хүрээлэн)-гийн концвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. Дээрх байдлаар алдагдсан соёлын эд зүйлсийг эгүүлэн олгох, буцаах талаар хувийн эрх зүйн хүрээнд улс хоорондын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хөнгөвчлөхөд чиглэдэг энэхүү конвенцод дэлхийн 54 улс нэгдээд буй аж. Мөн манай улсын нэгдсэн ЮНЕСКО-гийн 1970 оны Соёлын үнэт зүйлийг хууль бусаар хилээр гаргах оруулах, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай конвенцоор зохицуулаагүй үлдсэн харилцааг үүнд тусгаснаараа онцлог. Конвенцыг соёрхон баталснаар соёлын өвийн хууль бус худалдаатай тэмцэхэд бусад улстай хамтран ажиллах боломжийг өргөжүүлж, урьдчилан сэргийлэх эрх зүйн орчин боловсронгуй болох юм байна.
2017-2021 онд түүх, соёлын 52 дурсгалт зүйл алга болсноос 22-ыг л нь эрэн сурвалжилж олжээ. Соёлын биет өвийн эсрэг гэмт хэргийн тоо буураагүй, 2021 онд гурав, 2022 онд ес, 2023 онд 19 бүртгэгдсэн гэнэ. Тиймээс соёлын өвийн хулгайтай тэмцэх, хамгаалах, эрэн сурвалжлах нэгжийг цагдаагийн хэсэгт байгуулжээ. Энэхүү конвенцод манай улс нэгдсэнээр хууль бусаар экспортолсон соёлын өвүүдээ буцаан авах эрх зүйн орчин бүрдэнэ гэдгийг тус төслийн талаар танилцуулахдаа Соёлын сайд Ч.Номин хэлнэ лээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэн батлахыг дэмжлээ.
Бэлтгэсэн: А.Үүл